С.Эрдэнэ: Гэрлэлтээ батлуулаагүй бол хамтын тэтгэвэр олгохгүй

10ad2569a0bdb7b8ef64a611f43d0655_LУИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нарын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барив. Энэ хуулийн онцлог болон гол үзэл санаа, зохицуулалтын талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол утга санаа нь юу вэ?
-Энэ хууль Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бататгахад чиглэж байгаа. Насаараа ханилсан ахмад буурлуудын хэн нэг нь түрүүлж хорвоогоос халих нь жам.  Харин үлдэж байгаа нь сэтгэл санааны хувьд хүнд үлддэг. Хоёр хүний тэтгэврээр амьдарч байсан хүмүүс нэг хүний тэтгэврээр амьдрах болдог. Гэхдээ зарлага буурдаггүй. Маш олон тооцоо судалгаа хийж үзсэн. Тийм учраас Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилсан.
Уг хуулийн гол үзэл санаа нь Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авах юм.

-Хамтын тэтгэвэр авах тодорхой шалгуур нь юу байна вэ?
-Гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт амьдарсан, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл доод тал нь 10 жилийн хугацаанд нэг хаягт хамт амьдарсан, дундаасаа үр хүүхэдтэй “жинхэнэ” гэр бүл байна. Харин хамт амьдарч, үр хүүхэдтэй болсон ч албан ёоор гэрлэлтээ батлуулаагүй бол энэ хуульд хамаарахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн эхнэр нөхөр хоёулаа тэтгэвэрт гартлаа 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.

-Хуулийн төсөлд 20-иос дээш насны зөрүүтэй бол хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн байна. Энэ заалтыг тайлбарлавал?
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бидний бодоогүй олон тохиолдол, хэргүүд гарах болсон. Жишээ нь тухайн өндөр настныг төөрөгдүүлж байгаад гэр бүл болж, удахгүй нас барахаар тэтгэврийг нь авахаар шунахай зан гаргах нэгэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв ийм тохиолдол гарвал тэр хүн 30-40 жил тэтгэвэр аваад явна гэсэн үг. Гэтэл амьдралынх нь жинхэнэ хань ижил байж чадсан уу гэвэл үгүй. Гэх мэт зүйлс байгаа учир энэ заалтыг оруулж өгсөн. Мөн гэрлэлтээ батлуулсан ч хамт амьдардаггүй хүмүүс энэ хуульд хамаарахгүй.

-Хамтын тэтгэвэр хэрэгжиж эхэлбэл Нийгмийн даатгалын сангаас гарах санхүүжилт нэмэгдэж, хүндрэл үүсэхгүй юу? Энэ тал дээр судалгаа хийсэн үү?
-Бид бүх талын эрсдэлийг нарийн тооцож үзсэн. Хүн амын дундаж насжилт 2030 он хүртэл одоогийнхоос нэг их зөрүүтэй байхгүй. Өөрөөр хэлбэл нийт хүн амын дунд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь хамгийн өндөр түвшинд байна гэсэн үг. Тэгэхээр 2030 он хүртэл тэтгэврийн насны хүн амын тоо огцом өсөхгүй.
Хоёрдугаарт одоо тэтгэвэр аваад явж байгаа хүн амь насаа алдаагүй бол тэтгэврээ үргэлжлүүлээд авч л байх байсан. Ингэж тооцож байгаа. Тэгэхээр ахмад настан нас барлаа гэхэд гэр бүлийн хүн нь амьд байх хугацаандаа хань ижлийнхээ авах байсан тэтгэврийг авна гэсэн үг. Ахмад настнуудынхаа амьдрах хугацаанд нь нийгмийн баталгааг нь хангах, ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байлгах зорилготой энэ хуулийг санаачилсан. Эдийн засгийн хувьд бол нэг их хүндрэл үүсгэхгүй.

-Хамтын тэтгэврийн хэмжээг яагаад ялгаатай тусгаж өгсөн юм бэ?
- Хамтын тэтгэвэр авах эрх үүсч “Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ” олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 50,70,100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгоно гэсэн гурван хувилбар гаргасан. Хууль хэлцэх явцад хэдэн хувь гэдгийг нь шийднэ. Иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлт хангагдаж “Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ” авсан өдрөөс эхлэн тухайн иргэнд давхар тэтгэвэр олгогдож эхлэх юм.
Нийгмийн даатгалын Тэтгэврийн санд хүндрэл үүсэхгүй гэж үзвэл шууд 100 хувиар тогтоох юм. Харин бага зэрэг хүндрэлтэй цаг үед 50-70 хувиар олгох жишээтэй.
Одоогийн нөхцөл байдлыг харахад хууль энэ ондоо багтан батлагдаж чадвал 100 хувиар олгох боломжтой.

-Энэ хууль өргөн баригдсан ч батлахаас өмнө тэтгэвэр авч байгаад хань ижил нь нас барсан бол үүнд хамрах болов уу? Хамрах хугацааг нь хэзээнээс тогтоох бол?
-Хуулийг хэрэгжүүлэх журмыг батлахдаа үүнийг хэрхэн зохицуулах талаар ярьж шийдвэрлэнэ. Тодорхой он зааж, түүнээс хойш тэдэн оноос хойших гэх мэтээр тусгаж өгч болно. Тэгэхгүй бол үүнийг ярьж, хэлцэж байхад өөд болчихсон хүмүүсийн ар гэрийнхэнд хохиролтой.

-УИХ дахь МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн насыг наашлуулах талаар ярьж эхэлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Монголчуудын дундаж наслалт 67-68 орчим байгаа. “Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичиг”-т тусгаснаар 2024 он гэхэд монгол хүний дундаж наслалтыг 75 болгоно гэж зорьж байгаа. Ингэхийн тулд нийгэм эдийн засаг, ахуй орчны маш олон нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай.
Ер нь хөгжиж буй орнуудын жишгээс харахад тэтгэврийн насыг бууруулдаггүй. Яагаад гэвэл хөгжлөө дагаад хүн амын дундаж наслалт нэмэгдэж байдаг юм. Тэгэхээр өнөөдөр манай дундаж наслалт хэт өндөр болоогүй байхад л ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлого сөхөгдөөд эхэлсэн. Өмнө нь тэтгэвэрт гарлаа гээд л орхидог байсан бол одоо тэгж болохгүй болсон. Насан туршийн боловсрол олгох, хөдөлмөр эрхлэх боломжийг хангах гээд олон шаардлага байна. Тийм учраас тэтгэврийн насыг наашлуулах нь сайн зүйл биш. Харин малчдын ажилласан хугацааг арай илүү уртаар тооцож байх зэрэг зохицуулалт хийхээр ярьж байгаа. Учир нь цаг наргүй ажиллаж байгаа учир нэг жилийг нь 1 жил 6 сараар тооцох гэх мэтээр илүү өөрт нь шаардлагатай, бодит тусламжийг үзүүлэх талаар зохицуулалт хийнэ.

-Суурь тэтгэвэртэй болох талаар мөн ярьж байсан.  Энэ талаар тодруулбал?
-Одоо УИХ-аар Баялгийн сангийн тухай хууль хэлцэж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулж манай яамнаас Тэтгэврийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа. Өнөөдрийн нэг шатлалтай Тэтгэврийн даатгалын хуулийн дагуу одоогийн тэтгэвэр авч буй иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, гурван шатлалтай тэтгэврийн тогтолцоо руу шилжихээр зорьж байгаа юм. Нэгдүгээрт суурь тэтгэвэртэй байна, хоёрдугаарт одоогийн тэтгэврээ хадгална, гуравдугаарт нэмэлт тэтгэврийн сантай болно. Энэ сан нь өмчийн олон нийтийн оролцоотой байх юм. Суурь тэтгэвэр гэдгийг тайлбарлавал, тэтгэвэрт гарсан хэнд ч нас хүйс, ажилласан жил харгалзахгүйгээр тэгш суурь тэтгэвэр олгоно. Жишээ нь 50 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоод, дээр нь одоогийн тэтгэврийг нэмж өгөх юм. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсвөл суурь тэтгэвэр дагаад өснө. Нэг үгээр хэлбэл тэтгэвэр авагчдыг аливаа үнийн хөөрөгдөл, хэлбэлзлээс хамгаална гэсэн үг.

Н.Гантуяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих