Хүн зодчихно, хүнд сурталтай гэдгээ олны өмнө зарлачихна

527-1389925062fcab639985a1da3cbigХүнд гар
Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Бөхчулууны Пүрэвдорж гэж том толгойтой төрийн албан хаагч нэг бий. Хүн зодчихно, хүнд сурталтай гэдгээ олны өмнө зарлачихна. Үнэхээр том дарга. Энэ бүхний эцэст Ерөнхий сайдаас сахилгын шийтгэл авч, Ерөнхийлөгчөөс “ухамсрын шанаа” хүртсэн хүнд гар даа.
Өнгөрсөн оны сүүлд Б.Пүрэвдоржийг төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан гэх vндэслэлээр албан тушаалын цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг Засгийн газраас ногдуулсан юм.
Тодруулбал, үндэсний агаарын тээвэрлэгч “Aero Mongolia” компанийн ажилтныг зодсон хэргийн эзэн Б.Пүрэвдорж юм. Тэрээр албан тушаалын давуу байдлаа ашиглан, зүй бус авирлаж танхайрсан гэдэг. Зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байж хөөрөх гэж байсан онгоцонд сууж баахан томорсон тухай өнгөрсөн намар шуугьсан.
Энэ асуудлыг хэвлэлээр олон удаа мэдээлсний эцэст задарсан даргад Засгийн газар арай гэж шийтгэл ногдуулж цалинг нь хассан хэрэг. Энэ ч багадна гэх яриа Төрийн ордноор нэг тарсан. Энэ талаар сэтгүүлчид Ерөнхий сайдаас тодруулахад “Эхлээд сануулна, дараа нь арга хэмжээ авна, гурав дахь тохиолдолд ажлаас халдаг” гэсэн юм.
Б.Пүрэвдорж сануулгатай явж байгаад хүн зодож сахилгын арга хэмжээ авсан нь энэ. Тэр гурав дахиа танхайрвал ажлаас нь халах ёстой. Одоо түүнд алдах эрх байхгүй гэсэн үг. Нэг л алдаа гаргавал зөөлөн суудлаасаа бууна.
Тэр ч бүү хэл Б. Пүрэвдоржийн дээрх асуудлыг УИХ-ын төвшинд байнгын хороогоор хэлэлцэх саналыг Ж.Батзандан нарын гишүүд гаргаж байлаа. Б.Пүрэвдоржийн хэргээс улбаалан Ардчилсан намын дэргэдэх жигүүр намынхаа ёс зүйн дүрмийг, биелүүлэх, шинэчлэх өөрчлөх санаачилгыг хүртэл гаргаж байв.
Б.Пүрэвдорж мэтийн залуус намын нэрээр төрийн өндөр албанд оччихоод хөөрцөглөж буйг харсан жигүүрийнхэн туршлагатай, ёс зүйтэй хүнийг төрийн албанд томилдог байх саналыг намын даргадаа хүргүүлж байлаа. Ийм л дуулианы эзнийг “Хэн нь хэн бэ?” буланд онцолж байна.
Түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл бий. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нэг телевизийн нэвтрүүлгээр орохдоо “Би гурван зүйл дээр хүнд суртал гаргана” гэж ярьсан нь шуугиан тарьсан. Төрийн албан хаагч хүнд сурталгүй ажиллахыг дээрээс үүрэгдсээр байтал агентлагийн дарга ингэж томордог байх гэж.
Гэтэл тэрээр Төрийн ордонд “Хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө албан ёсоор уучлал гуйя” гэсээр хээвнэг сууж байв. Ийм л хүнээр Засгийн газар нэг агентлагаа удирдуулсаар байна. Б. Пүрэвдоржийн боловсрол, ажил байдлын намтар гэвэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль төгссөн.
1995-2010 онд Гаалийн ерөнхий газарт гаалийн байцаагч, албаны дарга, 2010-2012 онд “Баруун Монгол интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оны есдүгээр сараас Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.
М.Ган 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих