Олландын хүүхэд мөн үү…

1-17-5Н.МӨНХЖИН

Энэ өдрүүдэд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын амрагийн адал явдлыг хэвлэлүүд илчлэн бичиж, европ, америкуудын амны зугаа болж байна. Нууц амрагтай гэдэг нь илчлэгдсэн Олландын нэр хүнд иргэдийнхээ дунд өсч байна ч гэх шиг. Амрагийн явдлыг мөрдөж, бичиж гаршсан сонин хэвлэлүүд тэдний уулзаж, учирдаг байсан байшин, байрыг хүртэл олж зураг хөрөгтэй нь тавьжээ. Ерөнхийлөгч Франсуа Олланд гурав хоногийн өмнө Элисейн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Хувийн асуудлыг хувьдаа л ярина” хэмээн “хүний мууд дуртай” сэтгүүлчдийн “амыг барьжээ”.

Тэгэхээр нь “амаа бариулна” ч гэж юу байхав, сайхь сэтгүүлчид үргэлжлүүлэн мөшгөсөөр Францын лидерийн нууц амраг гэгдэж буй жүжигчин Жюли Гайе хөл хүнд, аль дөрвөн сарын өмнөөс Олландын хүүхдийг тээж буй гэсэн сураг гаргаад цацаатхав. Дахиад л бөөн шуугиан.  Мэдээж Жюли жирэмсэн, тэр тусмаа улс орны “номер нэг”-ээс хөл хүнд болсон гэдгийг тэр бүсгүйгээс өөр хэн ч баталж, үгүйсгэж чадахгүй. Харин Англи, Франц, Бельги, Испанийн шар, бор хэвлэлүүд хэзээ ч дуусдаггүй, үргэлжлүүлэн бичсээр байдаг нэг сэдэвтэй болж авчээ. Нийгмийн сүлжээнд донтогчид болон сонирхогчид хүртэл энэ мэдээг баясгалантайгаар цааш нь дамжуулж байна. 59 настай Францын төрийн тэргүүн, 41 настай жүжигчин бүсгүйн “адал явдал”-ын талаарх яриа үнэн ч бай, худлаа ч бай одоо нэгэнт эрчээ авчээ.

Баттай эх сурвалж мэдээлж буйгаар, Жюли Гайе долоо хоног тутмын Closer сэтгүүлийн эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Тус сэтгүүл мань хоёрын амрагийн явдлыг илчилж болзошгүй гэрэл зургийг анх нийтэлсэн аж. Closer сэтгүүлийн гэрэл зурагчин Себастиен Валиела Ерөнхийлөгч Ф.Олланд, жүжигчин Жюли Гайе хоёр Элисейн ордноос 200 метрийн зайтай нэгэн байшин руу орж байгаа болон тэндээс гарч яваа зургийг дарсан ажээ. “Ажлаа л хийсний төлөө над руу янз бүрээр дайрах юм бол би тэдний бүр илүү дотно байдалтай зургийг нийтэлнэ” хэмээн гэрэл зурагчин эр ярьсан бололтой. Тэрээр бүтэн жилийн турш “отолт” хийж байж энэ зургийг авсан хэмээн онцолсон юм.

Элисейн ордны эзний нууц амрагийн адал явдал дэлгэгдсэний дараа Францын тэргүүн хатагтай Валери Триервейлерийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ. Ф.Олланд өөрийнх нь нэртэй холбоотой шуугианы талаар эхнэртээ тайлбар хийсний дараа Валеригийн зүрх гэнэт муудсан байна. 2007 оноос хойш Франсуа Олландтай хамт амьдарч байгаа В.Триервейлер Францын Ерөнхийлөгчийг албан ёсны айлчлалт, арга хэмжээнд дагалдаж явдаг билээ. Олландын нууц амрагийн паян дэлгэгдсэнээс хойш дөрөв хоногийн дараа өнөө амраг нь жирэмсэн гэдэг мэдээлэл түгж улам эрчээ авч байна. Бүр нэгэн онлайн сонин дээр “Ерөнхийлөгчийн нууц амраг хөл хүнд болсон бол тэр нь яг хэний хүүхэд вэ, Олландын хүүхэд мөн үү, эсвэл…” гэсэн нийтлэл гарчээ.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих