Говь-Алтайд АН-ын төлөөлөгч орон нутгийн сонгуульд ялбал Говийн их бага дархан цаазтай газар уул уурхайн хөлд талхигдан сүйднэ

527-1389942601indexМонголын Ногоон Нам мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Говийн их бага дархан цаазтай газрууд нь ЮНЕСКО-гийн МАВ хөтөлбөрт бүртгэгдсэн, Дэлхийн байгалийн өвд бүртгэгдэхээр 2009 оноос судлагдаж байгаа, эх сайхан орны маань нэгэн гайхамшиг билээ. Говийн хосгүй үзэмжит байгалиас гадна, мазаалай, хулан, хавтгай, аргаль, янгир, хар сүүлт, цоохор ирвэс, цоохондой зэрэг нэн ховор амьтад амьдардаг нутаг юм.

Гэтэл энэ дархан цаазтай газруудын Хатан суудал, Талын мэлтэс дэх алтны ордод санаархсан шунахай этгээдүүд дархан цаазтай газрын халдашгүй байдалд халдахыг оролдож, энэ зорилгодоо Монголын засгийн газрыг ашиглан зүтгүүлэх боллоо. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг 1465 тоот бичгээ Говь-Алтай аймгийн ЗД-д илгээхдээ, дархан цаазтай газрын алттай нутгуудыг тусгай хамгаалалтаас яаралтай гаргахыг шаарджээ.

Энэ нь Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын тухай, Байгаль хамгаалах тухай, Амьтны тухай, Ашигт малтмалын тухай зэрэг олон хууль, төр засгийн тогтоол шийдвэрүүд, Монгол улс нэгдсэн олон улсын конвенциудыг зөрчсөн, дархан газрын байгаль, экосистемийг сүйтгэж, усыг хомсдуулж, ховор амьтдыг мөхөхөд хүргэх туйлын сөрөг үр дагавартай, болчимгүй, дур зоргоороо үйлдэл болжээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Аюулгүй монгол хүн” бүлэгт “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ”, “устах аюулд орж байгаа амьтан, ургамлыг хамгаалах, уугуул нутагт нь сэргээнэ” гэсэн байдаг. Гэтэл энэ бүхнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж буй нь ард иргэдийн итгэл, сонголтыг уландаа гишгэсэн явдал болж байна.

Байгаль орчны төлөөх үзэлтэй ТББ-ууд болон намын төлөөлөл бид үүнийг шийдвэртэй эсэргүүцэн: 1-рт, Говийн их бага дархан цаазтай газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулах санаархлаа таслан зогсоох, 2-рт, Энэ хууль бус явдалтай холбоотой этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, 3-рт, Говийн их бага дархан цаазтай газрууд болон бусад дархан цаазтай газрууд, тусгай хамгаалалттай газруудад уул уурхай эрхлүүлэхгүй байх баталгааг төр засгаас гаргаж өгөхийг шаардаж буйгаа мэдэгдье. Энэ дашрамд нэмэн хэлэхэд “асуудлыг улс төржүүлж байна” гэх утгагүй мэдэгдлийг АН-ынхны зүгээс хийн, өөрсдөө харин улс төржүүлж байна. Хэрэв Говь-Алтайд энэ намын төлөөлөгч орон нутгийн сонгуульд ялбал Говийн их бага дархан цаазтай газар уул уурхайн хөлд талхигдан сүйднэ гэдэг нь харин хэнд ч ойлгомжтой.

Хачирхалтай алхмуудаараа ард түмнийг цочирдуулах болсон АН парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай хуулийг санал болголоо. Аажимдаа нэг намын тогтолцоо руу хөтлөх энэ санаачилга хэрэгжвэл, цөөн хэдэн дарангуй этгээдүүд ямар ч хяналтгүйгээр дураар дургих бололцоо бүрдэж,

Монгол оронд ардчилал, хүний эрх, хөгжил тусгаар тогтнол үгүй болно гэдэг нь мэдээж билээ. Тиймээс Монголын ард түмэн минь сонор сэрэмжтэй байж, эрүүл нийгмийн төлөө нэгдэцгээе!


URL:

Сэтгэгдэл бичих