Америкийн ГУЛАГ

dbba0236a063dfb3bigСүүлийн үед манайд “ухаалаг” төрийн тухай хачин утгагүй либерал номлол ихэд дэлгэрээд байна. Гэтэл бидний үлгэр жишээ авах дуртай АНУ тэр “ухаалаг”, либерал” төрөөс чинь болоод 1930-аад онд Их Депресс буюу Их Хямралд орж ёстой нэг баларсан юм. Ингээд дор өгүүлэх Франклин Рузвельт гэдэг хүн “хүчтэй төрийн” бодлого явуулж, Америкийг аварсан юм. Ингээд өөрийн орчуулж буй нэгэн номын нэгэн бүлгийн ганцхан зүйлийг (параграф) танилцуулъя гэж бодсон юм. Энд нэмж тайлбарлах зүйл бараг байхгүй дээ. Харин өмнө нь бол манай Ц.Элбэгдорж шиг дураараа нөхдүүд “төр эдийн засагт огт оролцож болохгүй”, “төр бол хамгийн муу менежер”, “бид либералууд” гэсээр байгаад улс орноо хөнөөгөөд хаясан юм л даа…
Америкийн ГУЛАГ
1933 онд Рузвельтийг Ерөнхийлөгч болоход Америк уналтынхаа хамгийн доод цэгт хүрээд байв. Дашрамд дурдахад тэрээр онцгой түвэггүй ялсан бөгөөд түүний гол өрсөлдөгч Гувер эдийн засаг өөрөө аяндаа “эдгэрнэ” гэсэн дампуу суртлаа үргэлжлүүлсээр байсан юм. Энэхүү тогтох цэгт нь хаа байсныг Бурхан л мэдэх байсан боловч хэрэв Рузвельт байгаагүй бол уналтад ёроол байгаагүй юм.
Рузвельт Франклин Делано (1882-1945)
Америкийн төрийн зүтгэлтэн, АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч (1933-1945)
Улс орны түүхэнд дөрвөн удаа дахин сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Рузвельт Тэнгисийн Цэргийн яаманд алба хашиж, хууль зүйн хувийн ажил хийж, Нью-Йорк хотын сенатор, губернатор болж байсан.


1921 онд полиомиелиетээр өвдөж, буруу тавьсан оношийн улмаас үүрд тахир дутуу болсон. Энэ зовлонг тэр өөрийгөө ялах шалтгаан мэт авч үзсэн, ингээд тэр хүүхдүүдтэйгээ усан онгоцоор аялаж, арал дээрээс ойн түймрийг ажиглаж, түүнийг унтраахыг оролдож, дараа нь халмагцаа хүйтэн усанд харайдаг байсан.
Туулсан амьдрал нь Рузвельтийг зовлонтой хүмүүсийг ойлгодог болгосон, тэр үед америкийн ард түмэн яг ийм байсан юм. Амьдралын гай гамшгийн хүндэд дарагдсан ард түмэнд ийм тахир дутуу-Ерөнхийлөгч мөнхийн азтай явсан Гуверээс ямар ч гэсэн ойр дотно байлаа.


Хэрэв мандаж байсан Америкт бол тэргэнцэр дээр суусан хүн сонгуульд заяа нь ялахгүй байсан…

Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ хямралын өмнөх үетэй харьцуулахад талаас илүү унажээ. Яг нарийндаа бол 54% хүртэл.
1932 оны намар гэхэд санхүүгийн илүү аймшигтай хямралын давалгаа ирж, улс орны санхүүгийн бүх системийг эцэслэн устгахаар заналхийлэв. Олонхи штатад бүх банкууд нэг ч үлдэлгүй хаагдав. Үлдсэнүүд нь капиталын асар их алдагдал амсав.
Торгоох хийгээд бодож байх цаг зав байсангүй, нэн шуурхай, төмөр гараар эмх цэгцэд оруулах шаардлагатай болжээ.
Яг үнэндээ бол Рузвельт бүр анхнаасаа юу хийхээ сайн мэдэж байсан юм. Бүр сонгуулийн компанийн үеэр 1932 оны намар Сан-Францискод хэлсэн программын үгэндээ тэрээр:
“Засгийн Газар нийгмийн баялгаас өөрийнхөө хэрэгцээнд шаардлагатай хэсгийг өөрийнхөө хөдөлмөрөөр олж авах боломжийг олгох ёстой. Хэрэв хүний энэ эрхийг хангахад дамын наймаачин, залилан мэхлэгч, санхүүч нарын эрхийг хязгаарлах хэрэгтэй бол би тийм хязгаарлалтыг зайлшгүй гэж үзэж байна” гэсэн юм.
Рузвельт Америкийн гол дайсан бол луйврын капитал, банкны даварсан эзэд гэж үзэж байв. Тэднийг ялахгүйгээр хямралыг даван туулах боломжгүй.
Олон хүн түүнийг коммунист хэмээн нэрлэж, Сталинтай зүйрлэж байсан нь санамсаргүй хэрэг биш, тэрээр ЗХУ-тай шууд л дипломат харилцаа тогтоож, капитализм тулгаран ирсэн шалгуурыг давж чадсангүй гэж ил тод мэдэгдсэн юм.
Үнэн хэрэг дээрээ шинэ Ерөнхийлөгчийн явуулсан бодлого сонгодог ардчилалтай нийтлэг юм юу ч байхгүй байлаа. Гэхдээ шударга, албадмал диктатур байлаа, ийм учраас үүнийг ард түмний олонхи чин сэтгэлээсээ дэмжиж байсан юм.
Рузвельт 1933 оны 3 дугаар сарын 4-нд албан тушаалдаа орсон юм. 3 дугаар сарын 9 гэхэд л банкны долоо хоногийн амралт зарлаж, америкийн бүх банкуудыг хаасан юм. Захиалагчид, хувь нийлүүлэгчдийн оронд тийш нь хянан шалгагч нарыг явуулж, хатуу хяналт шалгалт явуулах болов. Өчүүхэн төдий сэжиг гарвал лицензийг нь хураан авч, банкыг өөрийг нь төрийн мэдэлд шилжүүлж байв.
Шалгалтыг маш цөөн хэдхэн банк, тухайлбал, гуравны нэг нь л давч чадсан юм. Гэхдээ давж чадсан хэд нь ч шинэ дэг журамд удаан дасч чадахгүй байсан юм.
Цаашид банкууд үнэт цаасан дээр ажиллаж болохгүй болов. Урсгал дансаар хүү төлж болохгүй болов. Депозитын төлбөр хийхийг зөвшөөрсөн, гэхдээ үүнийг улсын хатуу хяналтад авчээ.
Ер нь бол төрийн зохицуулалт “Шинэ бодлогын” үндсийн үндэс болов. Өөрийн өмнөх ерөнхийлөгч Гуверээс ялгаатай нь Рузвельт эдийн засгийг зохицуулах төрийн оролцоог дээд зэргийн байлгаж баймаажин хямралыг даван туулж болно гэдэгт итгэж байв. Тэрбээр анх хэлсэн үгэндээ: “хэрэв манай оронд гадаад дайсан дайрсан үед ерөнхийлөгчид ямар эрх мэдэл өгөх ёстой, тийм өргөн эрх мэдлийг гүйцэтгэх засаглалд олгохыг” шаардав.
Ингээд тийм эрх мэдлийг түүнд олгосон юм. Рузвельтийг Цагаан Ордонд нүүн ирсний дараа 5 хоноод эхэлсэн Конгрессийн хуралдаан Ерөнхийлөгчийн багийн эртнээс бэлтгэсэн хямралын эсрэг багц хуулийг батлав. Конгресменүүд завсарлагагүйгээр гурван сар хуралдав.
Холбооны Нөөцийн Системийн Удирдах Зөвлөл (түүнийг Ерөнхийлөгч томилдгийг сануулж байна.) банкны нөөцийн хэмжээг засах эрх олж авах жишээний. Үнэт цаасны ханшийн хэлбэлзлийн хязгаарыг тогтоох болж, үнэт цаас, биржийн талаарх тусгай комисс байгуулав. Биржийн зээлийг нарийн зохицуулж өгөв.
Банк болгон одооноос эхлээд даатгалын санд татвар төлдөг болж, дампуурсан тохиолдолд мөнгө хадгалуулагчдад нөхөн төлбөр төлөх ёстой депозитын Даатгалын Холбооны корпорацийг тусгайлан байгуулав. Үүний улмаас хүн амын банкинд итгэх итгэл сэргэж, капитал зугтах явдал зогсов.
Рузвельт үүнээсээ дутахааргүй шийдмэг зангаар аж үйлдвэрийг аврахаар барьж авчээ. 1933 оны зун аж үйлдвэрийг эрүүлжүүлэх тухай хууль гаргав. Засгийн Газар аж үйлдвэрийг сэргээх Үндэсний захиргааг байгуулж, онцгой бүрэн эрх олгожээ.
Бүхий л аж үйлдвэрийг 17 бүлэгт хуваав. Тус бүрт нь дээд болон доод үнэ тогтоож, ямар нэг бүтээгдэхүүнийг түүнээс үнэтэй буюу хямдаар зарахыг хатуу хориглов. Өрсөлдөөнийг зохиомлоор хязгаарлаж, нийлүүлэлтийн зах зээлийг хуваарилж, худалдааны зээлийн нөхцлийг тодорхойлж өгөв. Бүхий л цахилгааны болон хийн компанийг улсын мэдэлд шилжүүлэв.
Энэ лут арга хэмжээ нь зөвхөн банкирууд хийгээд фабрикийн эздийг хамраагүй юм. Хатуу авлага жирийн иргэдэд хүртэл хүрсэн юм. Жишээлбэл, алтны чөлөөт эргэлтийг хязгаарласан хууль хүртэл гаргасан юм.
Үүнийг өнөөдөр турших боломжгүй, гэхдээ одооноос эхлээд нэг ч хүн 100 доллараас илүү үнэт металлыг биедээ авч явж болохгүй болов. Гэрлэлтийн бөгж, хос ээмэг, жижиг зүүлт, ингээд л болоо. Үлдсэнийг нь улсын санд тушаах ёстой байв. Илтэд ардчилсан биш ийм арга хэмжээгээр Рузвельт үндэсний валютаа бэхжүүлэхийг оролдов. Тэгээд чадсан л юм даа…
Шинэ засаг ажилгүйдэлтэй бүр ч сонирхолтой аргаар тэмцсэн юм. 1933 оны намар гэхэд л Америкт анхны хөдөлмөрийн лагерууд бий болов. “Илүүдэл” хүмүүсийг хаа нэг тийшээ хийх хэрэгтэй байлаа. Рузвельт тэднийг нийгмийн ажилд явуулахаар шийджээ. Нийгмийн ажлын Захиргаа, Иргэний ажлын Захиргаа, Дэвшилтэт ажлын Захиргаа зэрэг нь АНУ-ын “илүүдэл хүн амыг” ашиглах хамгийн чухал хэрэгсэл болж чадсан юм.
Хөдөлмөрийн лагерууд сайн дурын мэт байсан боловч зарим штатуудад оршин байх хөрөнгө мөнгөгүй бүх хүнийг тийш нь хөөдөг байлаа. Чингэхдээ ийш нь цуглуулах ажлыг ямар нэг буяны буюу сайн дурын лам, санваартан биш, харин цагдаа нар гүйцэтгэдэг байв.
Чи ажилгүй юу ?! Нийгмийн эсрэг элемент үү ?! Тэгвэл лагер руу марш !!!
Америкийн хөдөлмөрийн лагерууд бараг л ГУЛАГ байсан юм. За яахав, сайнаар хэлэхэд Троицкийн “хөдөлмөрийн арми” шиг байсан юм. Троицкийн армийн тухай Рузвельт сонсоогүй байж болно, харин ГУЛАГ-ийн тухай албан тушаалын хувьд сонссон байж таарна.
Нийтдээ “нийгмийн ажлын” системээр доод тал нь 8,5 сая хүн, өөрөөр хэлбэл бүх америкчуудын 6-7%, хөдөлмөрийн чадвартай хүн амын 12-15% дамжсан байдаг. Харьцуулж үзвэл оросын ГУЛАГ-т хүн амын 8%-иас илүү байгаагүй.
Заримдаа гэр бүлийг салгаж байгаагүй, гэхдээ эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, залуучуудын лагерууд байсан, тэр ч байтугай хар, цагаан хүмүүсийн лагерь гэж тусдаа байсан.
Нөхрийг нь нэг лагерьт, эхнэрийг нь нөгөө лагерьт, хүүхдийг нь өөр лагерьт илгээх явдал ч гарч байв. Хагацаж салсан хүмүүс дараа нь тэр болгон бие биенээ олж чаддаггүй, нөхөр нь лагераас гараад ирэхэд эхнэрийг нь аль хэдийн өөр штатад шилжүүлсэн байдаг байлаа.
18-25 насны залуучуудыг дуртай дургүйгээс нь үл хамааран ямар ч үг дуугүй хөдөлмөрийн лагерь руу хөөн явуулдаг байв. 1939 он хүртэл ийм лагеруудаар 3 сая орчим өсвөрийн америкчууд дамжсан юм. Залуучууд (түүний дотор эмэгтэйчүүд) ой цэвэрлэх, усжуулах, ажил хийж, ой суулгаж, зам засах зэрэг ажлыг хийж байлаа.
Мөн ийм ажлыг насанд хүрэгсэд ч хийж дэд бүтцийг бүтээж байлаа. Тэд суваг, зам, гүүр, нисэх буудал зэргийг барьж байсан бөгөөд энэ нь ГУЛАГ-тай адилтгах нэг шинж юм. Зөвхөн Теннеси голын сав дахь усан цахилгаан станцын барилга байгуулалт дээр хэдэн арван мянган хүн ажиллаж байсан юм.
Сониноос лагеруудад өдөрт нэг доллар төлдөг байсан. Ингэхдээ цалингаас нь 25 долларыг сар болгон “хөдөлмөрийн армийн” гэр бүлд илгээдэг, ингэхдээ мөн л түүний саналыг асуудаггүй байжээ. Ингээд тэр нөхөр гар дээрээ 5 доллараас илүүг авах боломжгүй болж байгаа юм. Гэхдээ хүн бүр үнэгүй хоол, формын хувцас, сууцтай байсан ба сууц нь голдуу майхан байжээ. Нийгмийн ажлын систем газар сайгүй байсан ба үндсэндээ Өмнө мужуудад байжээ. Харин Умардад, Баку, Еревантай нэг өргөргийн Нью-Йоркод байсан бол “лагерийнхан” анхныхаа өвлийг ч давж чадахгүй байсан юм. Засгийнхан байшин дулаацуулахыг хүртэл ашиггүй гэж үзэж байв.
Ер нь бол лагеруудын амьдралын нөхцөл зөөлөн хэлэхэд хахир хатуу байсан юм. Өдөр тутмын шаналгаат хөдөлмөр. Дургүй хүрэм хоол. Майханд хонох. Энэ бүхэн таатай эд биш л дээ. ГУЛАГ биш гэж үү ?
Лагерууд дахь олон тооны бослого, үймээний талаар тодорхой юм бага, АНУ-д энэ үеийг судлах нь улс төрийн хувьд зохимжгүй гэж үздэг. Гэсэн хэдий боловч сая сая хүмүүс ийм боолын хөдөлмөрийг ерийн зүйл мэт хүлээн авч байсан. Наад зах нь өлсгөлөнгөөр хэн ч үхээгүй, бүгдээрээ ажилтай байсан. Ажилгүйдлийн тэтгэмж бий болсон ч гэсэн хүн амын үндсэн хэсэг лагерь руу явахыг илүүд үздэг байсан.
Бүр өөрчлөн байгуулалтын үеэс манай олон хүмүүс ЗХУ-ын аж үйлдвэрийн аварга хүчин чадлыг хоригдлуудын ясаар байгуулсан гэж бат итгэдэг болсон; египетийн боолчууд пирамид босгож, римийнхэн суваг татсан шиг зөвлөлтийнхөн Комсомольск-Амур, Беломор–Балтийн сувгийг татсан гэж үздэг. Либерал эдийн засагчид хориод жилийн турш сталины таван жилийн амжилтыг чухам ийм хүмүүн бусын харгис хатуу зангаар тасралтгүй тайлбарлаж ирсэн.
Үнэн хэрэг дээрээ энэ бол ээлжит домог юм. ЗХУ-д ч, АНУ-д ч лагерийн хөдөлмөр хэзээ ч үр дүнтэй, үр ашигтай байгаагүй юм. ГУЛАГ ч тэр, Рузвельтийн хөдөлмөрийн лагерууд ч тэр улсын төсвөөс ихээхэн санхүүжилт авдаг байв. 1933-1937 онуудад АНУ дахь нийгмийн ажилд 14 миллиард доллар зарцуулсан байдаг. Хэрэв түүнд 8,5 сая хүн оролцож байсныг санах юм бол “хөдөлмөрийн армийн” хүн бүр улсын сангаас 1 мянга 650 доллар авч байжээ. Их мөнгө шүү ! Гэхдээ энэ нь түүнийгээ нөхсөн юм. Рузвельт үүний зэрэгцээ улс орноо хувирган өөрчлөв, өөрөөр хэлбэл эдийн засгийн зорилтоо шийдвэрлэж, хүмүүст ажил, орон гэр олгов, харин энэ бол нийгмийн асуудал юм.
Гэхдээ Ерөнхийлөгч зөвхөн хориглох, албадан шахах аргаар ажиллаж байсан гэвэл буруу болно. Түүний бодлого гайхамшигтай тэнцвэртэй байснаараа ялгарч байсан юм. Түүний нэг гарт ташуур, нөгөө гарт амтат боов байлаа.
Хөдөө аж ахуйн сэргэлтийг аваад үзье. Рузвельтийн анхны ажил бол үр тариа, хөвөн, махны хямралын өмнөх хуучин үнийг сэргээх явдал байсан юм. Тэрээр тооцооны үндэс болгон дайны өмнөх 1914 оныг авсан байна.
Үнийг зөвхөн ганц аргаар буюу үйлдвэрлэлийг бууруулах замаар өсгөх цорын ганц арга байсан юм. Бүтээгдэхүүн хэчнээн ховор байна, үнэ төчнөөн өндөр байх ойлгомжтой юм. Гэхдээ үүнийг хэрхэн яаж хийх вэ ?
Рузвельт гадна талаасаа дур татмааргүй: эхлээд тариалаад, дараа нь устгах аргыг сонгож авсан юм. Үр тариа суулгаагүй гектар тутамдаа фермерүүд төсвөөс нөхөн олговор авдаг болов. Хэрэв ургац гарвал түүнийг зүгээр л шатааж байлаа.
1933 онд 10 сая акр хөвөн тариалав, бүх тарианы 25%-ийг устгав. 23 сая бод мал, 6,3 сая гахай нядлав. Махны зарим хэсгийг улс худалдан авч, ихэнхийг нь газар булж буюу идэж болохгүйгээр хлороор хордуулжээ. Энэ бүхний төлөө засаг миллиард миллиард доллар зарцуулсан юм.
Олон хүн Ерөнхийлөгчийг огтоос ойлгохгүй байв, улс оронд сая сая өлсгөлөн хүн байхад фермерүүд нь үр тариагаа шатааж, махаа булж байдаг чинь яаж байгаа юм. Ямар нэг хорлон сүйтгэл биш байгаа !
Гэхдээ Рузвельт бачимдсан орилооныг анхаараагүй юм. Тэр хүсч буй юмаа сайн мэдэж байв. Удалгүй үнэ өсөв. Үүнийг дагаад шинэчлэлийн хоёр дахь шат эхэлж, жижиг фермерүүдийг үржил шимтэй газар руу бөөнөөр нь нүүлгэв. Том фермерүүдийн бүх юм хэвийн байсан юм. Үнэ өссөний үр дүнд тэд хожоотой байдалд орсон ба түүнээс гадна тэдэнд зээл идэвхитэй олгодог байсан юм.
Ээлжит байдлаар тусгайлан байгуулсан Шилжүүлэн суурьшуулах Захиргаа шилжин суурьших, ферм худалдан авах зэргийн үнийг төлж, тоног төхөөрөмж худалдан авахад нь тусалж байв. Үүнтэй зэрэгцэн Хөдөө аж ахуйг Цахилгаанжуулах Захиргаа фермүүдийг цахилгаанжуулах ажлыг хийв; арван жилийн дараа гэрэл бүхий аж ахуйн тоо 10 хувиас 40 хувь болтлоо нэмэгдэв.
1938 онд шинэчлэлийн гурав дахь шат эхлэв. Одоо бол улс шатаасан буюу устгасан бүтээгдэхүүнд биш, харин эсрэгээр дээд зэргээр хураасан ургац, өсгөсөн малын төлөө мөнгө төлдөг болов. Чингэхдээ мөнгөө урьдчилан төлж байлаа.
Эхэндээ зэрлэг, утгагүй мэт бодлого сүүлдээ арвин их өгөөж өгөв. 1939 он гэхэд фермерүүдийн орлого хоёр дахин өсөв. Хөдөө аж ахуй аврагдав.
Дашрамд дурдахад аж үйлдвэрт ч яг ийм зүйл болсон юм.
1940 онд АНУ-ын аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл “хямралын өмнөх” үетэй харьцуулахад 114% өсөж, үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт бараг анхны байрандаа эргэн иржээ. (96,6%)
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 01 дүгээр сарын 18.


URL:

Сэтгэгдэл бичих