Хурандаа Х.Батсайханы өрөөнөөс их хэмжээний мөнгө олджээ

АТГ-ынхан өнгөрсөн лхагва гаригт Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнуудыг баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригийн орой 18:00 цагийн үед БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, тус яамны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Монгол- 999″ нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Баттулга нарын таван эрхмийг цагдан хориод байсан юм. Тэгвэл дээрх албан тушаалтнууд өнгөрсөн бямба гаригт суллагдсан байна. Энэ талаар өчигдөр ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Дээрх хүмүүсийг 72 цагийн хугацаатай саатуулах үүрэг өгсөн. Энэ хугацаа өчигдөр /бямба гаригт/ дууссан учраас бүх хүнийг сулласан. Бидэнд хорих хугацааг сунгалаа гэсэн бичиг ирээгүй учраас хуулийн дагуу 72 цаг саатуулаад суллахаас өөр аргагүй шүү дээ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

   Тэгвэл дээрх албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийх үеэр их хэмжээний мөнгө олдсон тухай мэдээлэл бидэнд мөн ирлээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн лхагва гаригийн орой БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайханы өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийх үеэр сейфнээс нь боодолтой мөнгө олдсон аж. Нэгжлэг хийх үеэр АТГ-ын алба хаагчдаас гадна тус яамны хоёр ч хүн хөдлөнгийн гэрчээр оролцсон бөгөөд тэд хоорондоо “Хэлээд байсан мөнгө нь мөн байна” хэмээн ярьж байсан аж. Гэвч чухам ямар учиртай, хэдий хэмжээний мөнгө байсан нь тодорхойгүй, даавуунд боочихсон мөнгө байсан гэдгийг эх сурвалжууд онцлон өгүүлэв. Мөн энэ үеэр тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга болсон Д.Жаргалсайханы албан өрөөнөөс гадна дээрх албан тушаалтнуудын гэрт нь давхар нэгжлэг хийсэн ч одоогоор юу олдсон нь тодорхойгүй байгаа юм.

 

Бид энэ үйл явдлын эргэн тойронд өрнөж буй зарим мэдээллийг тодруулсан. Тэгвэл АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж завшсан” гээд хэд хэдэн үндэслэлээр буруутгаж буй гэнэ. Түүнчлэн дээрх албан тушаалтнуудыг БХЯ-ны дэд сайд А.Баттөрийн захиалгаар шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Учир нь сүүлийн үед дэд сайд А.Баттөр яамныхаа холбогдох албан тушаалтнуудтайгаа таарамж муутай байгаа бөгөөд энэ салбарт болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг ил болгох, сайдын зөвлөлийн хурлын үеэр БХЯ-нд олон жил ажилласан дарга нарынхаа хууль бус үйлдлийг ээлж дараалан ил гаргаж буйгаасаа болж хоорондоо зодолдсон гэх мэдээлэл хүртэл ирж байгаа. Мөн энэ яаманд сүүлийн үед асуудал дагуулаад буй бас нэг бүтэц нь БХЯ- ны дэргэд шинээр байгуулсан Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл бөгөөд тус газар нь яамнаас зарладаг бүх тендер, сонгон шалгаруулалтад нөлөөлж байгаа гэдгийг яамны зарим ажилтан хэлж, аудитын шалгалт хүртэл оруулсан гэсэн мэдээлэл байна.

 

Энэ хэргийн эргэн тойронд өрнөж буй бас нэг асуудал нь Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулж барьж байгаа ч одоо болтол ашиглалтад ороогүй 300 айлын орон сууцтай холбоотой дуулиан юм. Монгол цэргийн музейн зүүн талд барьж буй арван давхар дөрвөн орон сууцыг тус яамны өмнөх удирдлагууд УИХ-ын гишүүн асан, “Молекул* Б.Батбаярын хүү Б.Баттулгын нэр дээр байдаг “Спейшл” буюу /”ХөМоТэ7″/ барьж байгаа Б.Баттулга нь энэ тендерт оролцохдоо компанийнхаа нэрийг сольсон гэх мэдээлэл байгаа бөгөөд тендерт ялж 10.3 тэрбум төгрөгийг бэлнээр авсан ажээ. Гэвч гэрээний хугацаа дуусчихаад байхад уг орон сууцны барилга одоо болтол ашиглалтад ороогүй нь тус яамны холбогдох албан тушаалтнууд үүгээр дамжуулан мөнгө угаасан байж магадгүй гэх таамгийг төрүүлээд байгаа аж. Учир нь 10.3 тэрбум төгрөгийн дийлэнх нь “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” буюу энхийг сахиулах ажиллагааны төлбөрт НҮБ, НАТО зэрэг байгууллагаас орж ирдэг мөнгө бөгөөд өөр ямар нэг үйл ажиллагаанд зарцуулах, санхүүжүүлэх эрхгүй байдаг тухай баттай эх сурвалжууд өгүүлж байгаа юм.

 

Л.ОЮУ


URL:

Сэтгэгдэл бичих