Зөвлөгөө

clockЦаг үргэлж урагш тэмүүл
Амжилт олох тусмаа урагш тэмүүлдэг хүмүүс цөөнгүй. Ийм хүмүүс хэзээ ч гаргасан амжилтдаа тайвширдаггүй. Зарим бүсгүй өчүүхэн төдий амжилт гаргачихаад оргилд хүрсэн мэт тайвширчихдаг. Ингэх нь туйлын буруу. Яг ийм зан чанар л эзнээ урагш алхуулахгүй чөдөр тушаа болж байдаг юм. Өөрийгөө хэзээ ч бүү голж, чамла. Бусдад байхгүй зөвхөн танд л байгаа чанараа өдөр бүр зүлгэн өнгө оруулж байгаарай.
Аз туршаад үз
Амьдралд аз туршина гэдэг алхам бүрт тохиолддог асуудал. Эгзэгтэй мөчид аз турших авхаалж самбаа, зориг зүрх хүн бүрт бий. Харин үүнийгээ ашиглаж чаддаг эс чаддагаараа хүмүүс өөр хоорондоо ялгаатай. Бид цаг үргэлж аз туршаад амжилт олдоггүй ч алхам тутамдаа сургамж авдаг.Аз туршихад болохгүй зүйл үгүй ч өмнө нь бодож тунгаах хэрэгтэй. Хамгийн гол нь та зорилгоо тодорхойлоод сайтар судалгаа хийсний дараа эцсийн шийдвэрээ гаргаж байгаарай.
Алдаанаас бүү ай
Алдаан дээрээсээ суралцдаг гэдгийг хүмүүс мэддэг ч төдий л амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй. Алдаа гаргасан хүн сэтгэл санаагаар унах төдийгүй урам зориг нь хугардаг. Бусдын өмнө, хамт олныхоо дунд нэр хүнд тань буурсан ч үүнээсээ ухаарал олж, хашир суудаг. Хамгийн гол нь алдаагаа ухаарч, дахин алдахгүйн тулд яах ёстойгоо тооцоолж сур. Амьдралд алддаггүй хүн гэж хэзээ ч байхгүй.
Жирэмсэн эхчүүд уйлж болохгүй
Орчин үеийн залуу эцэг, эх дөнгөж төрсөн үрдээ бүүвэйн дуу аялахын оронд өөрсдийн сонсох дуртай хөгжмийг сонсгох болжээ. Тэр ч бүү хэл хүүхдээ хэвлийд байхад нь огцом хурдан хэмнэлтэй дуу хөгжим сонсдог эцэг, эх олон. Хүүхэд эхийн хэвлийд анх бий болсон тэр үеэсээ л ээжийнхээ сэтгэлийн хямрал, сонсдог дуу хөгжим зэргээс нь шалтгаалан ирээдүйд ямар хүн болох нь төлөвшчихсөн байдаг гэнэ. Жирэмсэн эх хэтэрхий бухимдуу байвал хүүхэд сандарч тэвдсэн, хямрамтгай.
Их уйлдаг байсан бол уйланхай хүүхэд төрдөг аж. Иймээс намуун зөөлөн, сайхан хөгжим сонсч байвал шинэ төрөх хүүхэд ч бас тийм зан чанартай болон төлөвшдөг байна. Хүүхдээ төрсний дараа ч бас намуун зөөлөн орчин бий болго. Огцом хэмнэлтэй хөгжим нялх хүүхдийн биед хэр нөлөөлдөгийг японы эрдэмтэд судалжээ. Дөнгөж төрөөд хоёр долоо хонож байгаа 100 хүүхдийг туршилтад оруулжээ. Хүүхдүүдийн 95 хувь нь бүүвэйн дуу сонсоод тайвширч унтсан бол хүнд хөгжим сонссон нь уйлж уцаарлан, хоол ундандаа муудаж байсан аж.
Өөрийн гэсэн үсчинтэй бол
Нүүрний хэлбэрт тохирсон засалттай, цэвэр өнгөлөг үс хүнийг улам сайхан харагдуулдаг. Сайхан үстэй байх нь царай муутай хүнийг ч өөд нь татчихдаг. Харин үсээ сайн арчлахгүй бол сайхан байх боломжоо алдана гэсэн үг. Үсээ арчилна гэдэг угаахаас эхэлнэ. Хэт халуун буюу хэт хүйтэн усаар угаах муу. Үсээ угааж байхдаа массаж хийх хэрэгтэй.
Гарынхаа хуруугаар тойрох хөдөлгөөн хийж хуйхандаа дарж өг. Ийм массаж тархин дахь цусны эргэлтийг сайжруулж тархийг сэргээдэг. Гандаж шарласан үсэнд зөгийн бал түрхээд цаг хэртэй алчуураар боож, шингэснийх нь дараа сайтар угаахад үсний өнгө сэргэдэг. Сайхан үстэй байхын бас нэг боломж нь өөрийн гэсэн үсчинтэй болох.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.