Бурхан минь, төрийн албанд оруулж өгөөч

Нэлээд дээхнээс дуулддаг байсан шог яриа даа. “Хүн биш цэрэг байна” гэдэг. Яг үүнтэй ижлээр төрийн албанд шургалж амжаагүйгээсээ болж хүн биш гэж хэлүүлэхдээ тулж буй хүмүүс тун олноороо бухимдаж байна.

Иргэн хүнийг нийгмийн гарал, эрхэлж буй ажил төрлөөр нь үл ялгаварлах Үндсэн хуулийг бид зохиосон ч амьдралын урсгалаар тун чиг их гадуурхагдах базаахгүй ирээдүй хувийн хэвшлийнхэнд тохиох нь жишиг болов.

Орон сууцны зээл гаргасан ч, оюутан хүүхдэд нь сургалтын тэтгэлэг олгосон ч төрийн албаных л биш бол хүртэх, хувь үгүй. Хамгийн сүүлд гэхэд бүсийн нэмэгдэл авахгүйгээр жийгдэж буйгаа хувийн хэвшлийнхэн мэдрэв.

Хууль хэдийгээр хэлэлцүүлгийн шатанд яваа ч төр иргэдээ ялгаварлан гадуурхсан хуулийн төсөл хэлэлцүүлсэн нь дахиад л бухимдал төрүүлэв.

Төрийн албан хаагч гэдэг 2.7 сая хүний 10 хүрэхгүй хувь. Өөрөөр хэлбэл нийгмийн хэт цөөнх гэсэн үг. Уг нь хотод биш тэртээ хөдөөд амьдарч байгааг нь урамшуулж хотын төвлөрлийг эдийн засгийн аргаар сааруулах зорилготой энэ хуулийн санaa нь зөв. Харин зөвхөн төрийн албан хаагчид гэж оруулсан нь хуваарилалтын шог эрэмбийг үүсгэж, хачин янзын ялгаварлан гадуурхалтыг үргэлжлүүлэн бий болгоод байна.

Үнэндээ төрийн албанд орохгүй л бол болохоо байсан тийм нийгэм болж хувирлаа. Харамсалтай нь манай төрийн албыг танил талын аалзны тор нягт бүрхсэн учир тийшээ орно гэдэг амаргүй даваа. Хувийн хэвшилд ажилладгаасаа болж хуга жийгдэхийн зовлонг амссан иргэд төр засагтаа гомдон суух.

Бүлээн орныхоо сэмрээгүй хаяаг бүтэн байлгах гэж нүүдэлчин Монголчууд хаяалж холддог тухай Ш.Гүрбазарын шүлэг бий. Харин бид хаяалж холдох биш дөрвөн уулынхаа дунд хүн амын тал нь “бүгсэн” нь бөөн асуудал үйлдвэрлэчихсэн. Тэртээ алс болон байгалийн хатуу ширүүн уур амьсгалаас ангид байдаггүй говийн ард түмэнд бүс нутгийн нэмэгдэл олгох нь гэсэн сургаар хөдөөнийхөн баярлаж малчин өвөө радиогоо асаан чихээ наан суугаа. Харамсалтай нь зөвхөн төрийн албан хаагчид энэ хишгийг хүртэнэ. Ийм мэдээг сонссон залуус “Бурхан минь төрийн албанд оруулж өгөөч” хэмээн залбирахаас өөр замгүй.

Ө.Батхүү


URL:

Tags:

Нэр: Marry Gabak Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.