Ч.Сангарагчаагийн хэрэгт хатгасан цэг

Шатахууны хомсдлоор өдөөгдсөн автобусны үнэ нэмэгдэх тухай сураг хүмүүсийг айлгасан долоо хоног өнгөрөв.

Гэхдээ айдас үргээгүй харин ч микроавтобусныхан үнээ нэмснээр улам ч идэвхжих бололтой. Харин том оврын автобус компаниуд айлган байж үнээ нэмэхээ түр түдгэлзүүлсэн хугацаа нөгөөдөр буюу Эх үрсийн баярын өглөө хүртэл л хүчинтэй. Баярын өдөр алаг үрсээ бүлтийтэл гоёод Хүүхдийн парк чиглэх эцэг эхчүүд энэ өдөр автобусанд төлөх мөнгөө 500 төгрөгөөр тооцоолоход илүүдэхгүй байх. Автобусны үнийг “айлгасан” дизель түлшний хомсдол гүйцэтгэх засаглалынхны шүдний өвчин болоод байгаа. Хэдийгээр тэд хангалттай нөөц байгаа, хомсдол нүүрлэхгүй гэж байсан ч хэлсэн үгэндээ ганцхан өдрийн дараа ороогдож “үсээ зулгаах” шахаж буй. Гэхдээ бас “Хэвлэлийнхэн шуугиан дэгдээж, хүмүүс шатахуун хэт ихээр нөөцөлж авах гэж шунахайрснаас хиймэл хомсдол гарлаа” гэсэн тайлбартай. Албаны хүмүүсийн амлаж байгаагаар ОХУ-аас ачиж байгаа гэх шатахууны сураг энэ долоо хоногт тодорхой болж, хомсдлын айдас холдоосой гэж найдахаас өөр арга өнөөхөндөө алга.

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлуудын нэг нь мэдээж хэрэг Ч.Сангарагчаа тэргүүтэй Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын хяналтын шатны шүүх хурал. Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралд хавтаст хэрэгт авагдсан материал болон хэргийн зүйлчлэлийн зөв буруу эсэхийг хэлэлцдэг учраас сэжигтнүүдийг оролцуулдаггүй ч Ч.Сангарагчаа энэхүү шүүх хуралд биеэр оролцох хүсэлт гаргасан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Гэвч түүнийг хяналтын шатны шүүх хуралд оролцохыг эхэндээ зөвшөөрсөн гэгдсэн ч хэвлэлийнхэнд мэдэгдсэн гэсэн шалтгаанаар цуцлагдаж, Ч.Сангарагчаа юу хэлэх гэж байсан болоод ийн “түргэн авав” гэсэн хардлагыг сэдрээгээд орхисон.

Гэвч Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг 2,4 жил хорих анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр нь баталсан хяналтын шатны шүүхийн шийдвэрээс илүүтэй Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн өнгөрөгч баасан гаригт гаргасан тайлбар үйл явцыг илүү хурцатгав. Хуулинд зааснаар бол шүүхээс гаргасан шийдвэрийг 14 хоногийн дотор бичгээр гарган талуудад хүргэж өгснөөр албан ёсоор баталгааждаг бол энэ удаад Нийслэлийн шүүхээс ихэд шуурхай ажиллан шүүх хурал болсноос хойш гурав хоногийн дотор өмгөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Ерөнхий шүүгч нь тайлбараа хүргүүлжээ. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч батламжлан томилдог учир чингэх нь зүй байх. Энэхүү шуурхай тайлбартай уралдаад АТГ-ын дараагийн дарга нарын нэрсийг “зуусан” бор шувууд хэдийнэ нисээд эхэлсэн гэдгийг хэлүүлэх юун.

Ерөнхий шүүгч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хаягласан тайлбартаа Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дурдаад Шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэл тогтоогдоогүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нэмж шалгах үндэслэл тогтоогдоогүй гэж бат хатуу, итгэлтэйгээр илэрхийлжээ.

Хуульд зааснаар бол талууд шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дараагийн шатанд хандах эсэхээ илэрхийлэх ёстой. Тэгэхээр Ч.Сангарагчаа нарын өмгөөлөгчдийн энэ хугацаа өнгөрсөн баасан гаригаас эхлэн “тоологдож” эхэлсэн гэж хэлж болох. Шүүх хурлын шийдвэрийг баталгаажуулан өмгөөлөгчдөд бичгээр мэдэгдсэний дараа холбогдох албаны хүмүүст тайлбар хүргүүлсэн болов уу гэдэг найдлагын үүднээс. Үүгээр баримжаалан тооцоолбол Ч.Сангарагчаа нарын хэрэгт эцсийн цэг хатгах “ёслол” буюу давж заалдах Дээд шүүхийн шийдвэр тун удахгүй гарах бололтой. Товлож хэлбэл зургадугаар сарын эхний хагаст.

Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий шүүг­чийн яаравчлан хийсэн тайлбар дахь дээр дурдсан хатуу итгэлтэй өгүүлбэрүүд Дээд шүүх өмнөх шатны шийдвэрүүдийг хэвээр батлах нь тодорхой боллоо гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж эхэллээ. Нэгэнт шуударсан хэргүүд нэг иймэрхүү “ногоон гэрэл”-ээр хурдтай урагшилдаг гэсэн “туршлага” олон нийтэд байдаг болохоор.

Басхүү хяналтын шатны шүүх гэм буруутай гэдгийг нь нэгэнт баталсан, Дээд шүүх зөвхөн хуулийн зүйлчлэлийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах учир АТГ-ын дараагийн даргыг томилох эрх зүйн үндэслэл нээгдсэн гэх тайлбар байгаа юм.

Тэгэхээр ирэх өдрүүдийн бас нэг дуулиант асуудал нь АТГ-ын дараагийн дарга нарын томилгоо болох бололтой. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс эхлэн ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Түүнийг айлчлалаас ирэн иртэл энэ сэдэв улс төрийн хүрээ болоод хэвлэл мэдээллийнхний дунд “халуун сэдэв” хэвээрээ байх биз.

А.АЛТАНТУЯА


Зохиогчийн эрх:
“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.