”Зоригтой” зоригт

Сайдын суудлаасаа хоёронтаа дэн­жиг­нэсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг дахин нэг асуудал ээрч эхлэв. Арайхийж суудалтайгаа дэнжигнэн тогтож ядаж байтал нь “орос ах” нар хатуурхаж, түүнийг шатахууны хомсдол гэдэг үгтэй хут­гаж орхив. Ядаж байхад хоёрхон хоногийн зөрөөтэй хэл­сэн үгнийх нь алд дэлэм зөрүүг хүмүүс анзааралгүй өнгөрөөсөнгүй. Ердөө л 24 цагийн өмнө байдал хэвийн байгаа гэж ам бардам хэлсэн түүний  “Ер нь байдал маш хүнд байгаа” гэсэн дараагийн тайлбар  энэ долоо хоногийн бүү хэл, энэ оны будилуу хүнээр тодруулж болохоор байна. Ямар сайндаа өмнө нь зарим сайд нарын үгэнд итгэх хэцүү гэсэн тодотголтой “Хэний үгэнд итгэх вэ” гэсэн асуулт үүгээр “Хэзээ хэлсэн үгэнд нь итгэх вэ” гэсэн тодотголтой болоод байна. Нээрээ ч хэзээ хэлсэн үгэнд нь итгэх ёстой юм бол, золиг гэж… Нааш нь ачуулсан гэх орос “ах нар”-ын үгэнд хууртаж, цуу ярианд ч болов итгэж дэрхийтэл босох гэдэг монголчуудаа тайвшруулах гэж хэл­сэн үг ч байж болох л доо, эхнийх нь үг. Харин хоёр дахь тайлбарынх нь дав­тамж арай л ойрхон байгаа боло­хоор зөөлхнөөр хэлэхэд уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гэдэг ч болсон юм болов уу. Гэтэл яаж ч зөөлчилж бодох гэ­сэн залуу сайдын хоёр мэдэгдлийг цайруулж боломгүй оргиод байдаг.  Уг нь бусад улстөрчид, сайд дарга нарыг бодвол эдийн засгийн тоо баримт үндэслэл ханхлуулсан шавхийсэн үгтэй шавилхан биетэй залуу сайдын энэ удаагийн алдаа насан туршийнх нь нэг “чимэг” болохоор том тэнэгтэлт болов. Улс төрийн сэдлэгтэй огруулах бичигт дарлууламтгайг нь эс тооцвол өндөр боловсролтой, эрч хүчтэй, чадварлаг, ирээдүйтэй сайд гэж түүнийг олон хүн үнэлдэг. Оюутолгойн гэрээг үзэг­лэхэд ч одоо Тавантолгойн ашиглалтыг урагшлуулахад ч түүний хувь нэмэр мундашгүй. Өөр хүн сэн бол дааж баршгүй ачаанд түүртэж, дийлж баршгүй хэл аманд ороогдохдоо хаяад гарах байсан ч юм билүү хэн мэдлээ. Ядахдаа л “Чадна аа, чадна. Зохицуулна аа” гээд суугаад байгаа зоригийг нь үнэлэх хэрэгтэй биз дээ. Даанч мань хүнийг барцад тойрохгүй бүр дараалан ээрээд байгаа нь хэзээ хийсэн үйлийн үр вэ?

Ядаж байхад дээрхэн нэ­гэн хамтлагийн зүрх зүсэм зураг­лалтай клипнийхээ дунд хэсэгт залуу сайдыг хэчнээн эвгүй “матарлав”. Б.Шарав гуайн гай­хам сайхан аялгуунд, сэтгэлд мөнх эх орныхоо тухай зүрх эгшим үгтэй “Өнө мөнх” дууны клипэнд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслолын хэс­гээс шигтгэнгээ хажуу дахь сайд нь Чи л зур гээд байсан шүү гэж байгаа мэт цэхэлзэн харахад “Би юу хийчихнэ энэ вэ” гэмээр гайхаширч байгаа дүр зурагтай хэсгийг нь хайчлаад оруулчихсан байсан.

Уг нь хөөрхий минь улс орныхоо төлөө сайн сайхныг хийнэ л гэж зорьж зүтгэж яваа залуу байлгүй дээ. Хэчнээн мулгуу, мунхаг, хорон санаатай, шул­мын тулам болсон хүн байлаа ч улс орныхоо түүхэн хувь заяаг эргүүлэх алхмыг зүрх сэтгэлийнхээ дуудлагаар зөв тийш нь залах гэж хичээсэн гэж би хувьдаа итгэхийг хүсдэг. Гэтэл клипээр хүртэл шоглоод байдаг…?

УИХ-ынхан ч гэсэндээ Оюутолгойн гэрээнд гурван сайд зэрэгцэж суугаад гарын үсэг зурсан атал заавал ганц Д.Зоригтыг огцруулна гэж зүтгэдэг яасан ч муухай хүмүүс вэ дээ? Тохой нийлүүлэн суусан “ангийнхныхаа” мэхэнд ороогдож ядан байснаа одоо өөрөө өөрийнхөө хэлсэн үгэнд эргээд ороогдчихдог яасан ч их барцадтай хүн бэ, энэ Зоригт сайд.

А.ШАРХҮҮ


Зохиогчийн эрх:
“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих