М.Бундмаа Москвагийн “Их дуулга”-д аваргалав

Монголын Улсын гавьяат тамирчин М.Бундмаа жүдо бөхийн “Их дуулга”-д аваргаллаа. ОХУ-ын Москва хотноо тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохиогдсон энэхүү цувралд 63 орны 458 жүдоч барилдсан юм. Манай улсаас арван эрэгтэй, есөн эмэгтэй жүдоч өрсөлдсөн. Эхний өдрийн барилдаанд 13 тамирчин зодоглосон юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа эхний барилдаандаа гоц мөргөж дараагийн тойргуудад Румын, Финланд, Хятадын бөхчүүдийг цэвэр ялж аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин Юка Нишидаг ялжээ. Ингэснээр тэрээр он гарснаас хойш хоёр дахь цувралдаа аваргаллаа. М.Бундмаа олимпийн эрхийн 300 оноо авч таван мянган ам.долларын шагнал хүртэж байна.

Харин 63 кг-ын жинд барилдсан Ц.Мөнхзаяа Унгар, Герман, Хятадын бөхчүүдийг ялсан ч аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Словений бөхөд цэвэр ялагдаж мөнгөн медаль дээр буужээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг Саудын Араб, Хятад, Германы бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаандаа Францын тамирчинд цэвэр ялагдаж хүрэл медалийн эзэн болсон байна. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар энэ удаагийн тэмцээнд амжилтгүй барилдаж шагналт тавдугаар байрт шалгарав.

Эхний өдрийн дараахь байдлаар манай баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар гуравдугаар байрт ороод байлаа.

Д.САРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.