Хятадаас дизель түлш авахаар болжээ

Монгол Улсад дизель түлшний хомсдол бий болж, хүндхэн байдалд ороод байгаа билээ. Дизель түлшний хомсдлоос улбаалж барилга, замын ажил саатаж, нийтийн тээвэр гудамжинд зогсоход хүрсэн. Юутай ч холбогдох албаныхан зохицуулалт хийж, тариалалтад шаардлагатай хэрэглээнийх нь түлшийг өгч, нийтийн тээврийг 30 хувь бууруулж, дизель түлшний хэрэглээг багасгаад байна. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан олон эх үүсвэрээс нефть бүтээгдэхүүн авдаг болохоор гарц хайж, хэлэлцээ хийж эхлээд байна.

Сайд Д.Зоригт БНХАУ-д хэлэлцээ хийж яваа бол дэд сайд хойд хөршийнхөнтэй байнга холбоотой байж, дизель түлш нааш ачуулахаар ярилцаж байгаа ажээ. Үүний үр дүнд өнөө өглөөний байдлаар ОХУ-аас гурван вагон дизель түлш ирсэн гэнэ. Энэ нь 180 тонн түлш бөгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн гурван өдрийн хэрэглээний түлш юм байна. Мөн сүүлийн хоёр өдөр тус бүр гурван вагон түлш ирсэн тухай албаныхан ярилаа. Түүнчлэн БНХАУ-аас их хэмжээний дизель түлш орж ирэх болсон тухай мэдээлэл манай уншигчдаас ирсэн юм. Энэ талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай холбогдож тодруулахад, “Нефть бүтээгдэхүүний эх үүсвэрээ олшруулахаар хэлэлцээ хийж байна. Түрүүчээсээ ОХУ-ын нийлүүлэгчдээс тодорхой хэмжээгээр дизель түлш орж ирсэн. Хятадаас мөн дизель түлш авах болсон байгаа” гэх товч хариулт өгөв.
БНХАУ-аас ирэх дизель болон “Роснефть”-иэс бусад ОХУ-ын компаниудын нийлүүлэгчдийн үнэ өндөр байх талаар нэлээд яригдсан билээ. Тэгвэл Засгийн газраас татварын зохицуулалт хийж 1440 төгрөг гэсэн ерөнхий ханш тогтоосон тухай дээрх албаны хүн хэлж байлаа.

Нэмж дуулгахад, сайд Д.Зоригт БНХАУ дахь айлчлалаасаа ирээд ирэх сарын 2-нд ОХУ-ыг зорино. Ерөнхийлөгчийн тус улсад хийх айлчлалын үеэр нефть бүтээгдэхүүний асуудлыг ярих учраас салбарын сайд араас нь нисэхээр тов тогтоосон юм.

Б.СҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих