Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав: Тавантолгойн хувьцааг үндэсний компаниуд авч дийлэхээргүй байна

УИХ Тавантолгойн ордыг дэлхийн биржүүдэд хүргэж, хувьцааг нь компаниуд болон иргэдэд тараах гэж байна. 15 тэрбум ширхгээр гаргахаар төлөвлөөд байгаа энэ үнэт цаасны ханш хэд байх нь тодорхойгүй байгаа. Үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважавтай ярилцлаа.

С.БАЯР ДАРГА ЯМАР ТОМ АЛДАА ХИЙСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ

-Тавантолгойн галт тэрэг хөдлөөд эхэлчихсэн гэдгийг Засгийн газар мэдээлж байна. 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахаа ч хэллээ. Та харин энэ бүхнийг юу гэж харж байна?
-Тавантолгойг социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж, олж илрүүлсэн юм. Дараа нь 1990-ээд онд хувьд оччихсон. 2007 онд ярьж, хэлэлцээд, энэ ордыг 100 хувь төрийн мэдэлд авлаа гэж С.Баяр Ерөнхий сайд байхдаа мэдэгдсэн. Тэгэхээр С.Баяр дарга ямар том алдаа хийсэн бэ гэвэл, тухайн үед улсын юмыг улсад нь авч өгчихөөд, Засгийн газрын дор “Эрдэнэс МГЛ” компанийг байгуулаад, тэр компанидаа эрхийг нь өгчихсөн. Гэтэл Төр ба олон нийтийн өмчийн тухай хуулиар төрийн нийтийн хамааралтай энэ өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь УИХ-д хадгалагддаг. Гэтэл С.Баяр дарга гүйцэтгэх засаглал, УИХ-ын эрхийг булааж аваад компанид эрхийг нь өгчихсөн. Энэ үйл явц нь гурван жил үргэлжиллээ. Тиймээс УИХ өнгөрсөн долдугаар сарын 7-нд 39 дүгээр тогтоол гаргасан. Үүгээр тэр том алдаа засагдсан юм. Ингэж л УИХ албан ёсоор эрхээ шилжүүлж байгаа юм.

-“Энэ бүхэн хуулийнхаа дагуу явж байгаа” гэж “Эрдэнэс МГЛ” мэдэгддэг шүү дээ, уг нь?

-Та санаж байгаа бол саяхан үндэсний компаниудын нэгдэл гарсан. Эндээс л УИХ алдаагаа засах ёстойгоо ухаарсан шүү дээ. Үндэсний компаниуд нэгдээд эхлэхээр их хурал маань “Нээрээ энэ чинь юу болоод байна” гээд л хөдөлж эхэлсэн байхгүй юу. Ямар ч УИХ, Засгийн газар алдаагаа засахад нь би их дуртай байдаг юм. Тэгээд үүний дараа аравдугаар сард УИХ бас тогтоол гаргасан. Тэгэхээр үүнээс өмнө явагдсан “Оператор шалгаруулна” гэсэн зарлал, тендер цөм хууль бус хэрэг байсан. “Эрдэнэс МГЛ” компанийн хэлбэрийг хүртэл соль” гэж УИХ-ын тогтоолд дурдсан байгаа. Одоо ХХК төрийн өмчит компани байгааг хувьцаат компани болго гэж байгаа юм. Энэ бүхнийг цөмийг хуулийн дагуу л хийхээс биш Д.Дэмбэрэл, Сү.Батболд даргын үгээр байгуулдаг зүйл биш шүү дээ.

-“Эрдэнэс Тавантолгой” 15 тэрбум ширхэг хувьцаа гаргах гэж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Хувьцаа гаргах тухай ярихаасаа өмнө тухайн ордынхоо үнэлгээг гаргах ёстой. Хувьцаат компанийнхаа хурлыг зарлаж хуралдуулах ёстой. Энэ хурлаасаа Төлөөлөн удирдах зөвлөлөө сонгоно. Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь гүйцэтгэх засаглалаа сонгоно. Энэ бүхнийг цөмийг Монгол Улсын компанийн тухай хуульд заагаад өгчихсөн байгаа.

12 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГААД, ТАВАНТОЛГОЙН ТЭЗҮ-Г ЯАРАЛТАЙ ХИЙМЭЭР БАЙНА

-Уучлаарай, “Эрдэнэс Тавантолгой” компани хэдийнэ байгуулагдчихсан. Гэхдээ ТУЗ-өө сонгоогүй байгаа?
-Үгүй ээ. “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдаагүй байгаа. УИХ-аас байгуулаарай гэж үүрэг өгсөн. Өнгөрсөн сарын 20-нд Засгийн газраас тогтоол гаргасан юм. Одоо л жинхэнэ тэдэнд эрхийг нь өгсөн хэрэг. Уг нь үүнээс өмнө эхлээд “Эрдэнэс МГЛ” компанийн хэлбэрээ өөрчлөх ёстой байсан.

-Тэгвэл 15 тэрбум ширхэг хувьцаа гаргана гээд байгаа нь ямар үндэслэлтэй гэж?
-Хувьцааны тоо яах вэ. Харин нэгж хувьцаа нь ямар үнэтэй байх вэ гэдэгт асуудал байна. Энэ нь эцсийн эцэст ордоороо л үнэлэгдэнэ. Тавантолгойн ТЭЗҮ өнөөдөр 1980 оныхоороо байгаа. Тиймээс нэмж судалгаа хийх ёстой. Ингэж байж Тавантолгой маань албан ёсны паспорт, баримттай болно. Энэ судалгаанд бидний тооцоогоор 15 сая ам.доллар хэрэгтэй. Өнгөрсөн зургадугаар сард Сангийн сайд УИХ-д “12 тэрбум төгрөг өгөөч, тэгвэл Тавантолгойн албан ёсны ТЭЗҮ гаргая” гэсэн шүү дээ. Тэр судалгааны дараа энэ ордын бүтэн үнэлгээ гарч, тэндээс л нэгж хувьцааны үнэ гарах учиртай юм.

-Ард түмэнд хувьцааг үнэгүй өгнө. Харин 10 хувийг дотоодын компаниудад арилжих нөхцөлөөр олгоно гэсэн. Таныхаар Тавантолгойн нэгж хувьцаа ямар үнэтэй байх бол?

-“Хонгконгд Ухаа худагийн хувьцааг гаргасан шигээр Тавантолгойн нэгж хувьцааг үнэлнэ” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэлнэ лээ. Энэ бол буруу. 15 тэрбумыг чинь дотор нь хуваавал нэг компани хувьцааг нь авахын тулд 50-60 сая төгрөг гаргах хэрэгтэй болж байна. Тийм боломж үнэндээ хомс шүү дээ. Гэтэл компаниудад зарах хувьцааны үнийг одоо хүртэл зарлаагүй л байна. Тэгэхээр компани байгуулчихаад, нэгж хувьцааныхаа үнийг тогтоогүй байна гэдэг чинь эргээд л Компанийн тухай хуулиа зөрчиж байна гэсэн үг.

-Тавантолгойг үнэлээгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Зөвхөн Тавантолгой ч биш манай улс бүх орд дээрээ үнэлгээ хийхгүй л явж байна. Тиймээс л өнөөдөр манай газрын хэвлийн баялаг, бүх юм үнэгүй. 0 төгрөг. Тавантолгойн хувьд 250 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм шүү дээ. Хуулиа биелүүлээгүй, нийтийн өмчийг дур мэдэн зарцуулсан, хариуцлагагүй байсныхаа төлөө Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой, бүр цаашлаад огцорч ч болох асуудал юм.

АМЛАСНАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ БИД ТАВАНТОЛГОЙГОО АЛДАНА

-Тавантолгойн 30 хувиар хувьцаа гаргах ёстой биз дээ?
-Хувьцаа гаргана гэдэг бол эх орныхоо баялгийг ломбарданд тавьж байгаагаас ялгаагүй. Тэр 30 хувьд гаргасан хувьцааг худалдан авсан гадаадынхан юу бодох вэ гэвэл, “Бид Тавантолгойн эзэн болж байна” гэж санана. Энэ бол хувьцаат компанийн онцлог. Энэ 30 хувиараа бид үйлдвэр байгуулж, нүүрсээ гаргаж зарж, маш хурдтай ашигтай ажиллаж, хувьцааных нь мөнгийг эргүүлж төлөхгүй л бол Тавантолгой тэр хувьцаа эзэмшигчийн эзэмшилд оччихож байна гэсэн үг. Нэг үгээр өмч шилжиж байгаа байхгүй юу. Тавантолгойн бараг тэн хагасыг ийм замаар иргэдийн, компаниудын бас биржид арилжаалах зэргээр ангиллаа. Үлдсэн 51 хувийг улс маань төрийн өмч гээд байгаа. Бид одоо мөнгө олоогүй байж 51 хувь дээрээ олборлогч компанийг оруулж ирэх гээд байна. Энэ тохиолдолд олборлогч компани нь өөрөө манай Тавантолгойн 51 хувь дээр ашиглаж байгаа эзэн нь болж байна. Тэр компанид эзэмших эрх нь шилжээгүй мөртлөө шүү дээ. Ингэж л бид Тавантолгойг хоёр сэглэж хуваах гээд байна.

-Тавантолгойн ажлыг бүр эхнээс нь дахин эхлэх ёстой гэж та хэлээд байна уу. Илүү тодорхой ярихгүй юу?
-“Ажлаа хий” л гэж хэлмээр байна. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж бид ярьдаг. Хажууханд минь “Энержи Ресурс” гэж бэлээхэн жишээ байна. Энэ бол Монголчуудын сайн загвар. Яагаад энэ загварыг авч хэрэглэж болохгүй гэж. Үнэхээр энэ компанийн 70-80 хувь нь Монголын талынх л юм бол энэ загварыг ашигла. Засгийн газар, “Эрдэнэс МГЛ” ичихгүйгээр очоод тэр загварыг авбал монгол хүн монгол аргаа хуваалцаад бүтээгээд явна. Үү- нийхээ өмнө харин УИХ, “Эрдэнэс МГЛ” уучлал гуйх ёстой. Ийм ажил хийж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Энэ ярилцлагыг уншаад зарим хүн таныг “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн эрх ашгийг хамгаалж байна гэж хардах байх даа?

-Би тэнд байсан, байгаа. Надад тэр 2000 компанийн нэгдэл маш их үнэ цэнэтэй. Монголчууд өөрсдөө эвлэлдэн нэгдэнэ гэдэг асар чухал зүйл. Түүгээр ч би бахархдаг. Харин ч энэ нэгдэл олон зүйлд онч дохио нь болсон юм. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Онч дохио” гэж хэлсэн байдаг шүү дээ. Бид нийгэмдээ, төр, засагтаа онч дохио нь болсон учраас л өнөөдөр Тавантолгой дээрх алдаагаа УИХ олж харсан. Бид цаашид ч онч дохио хэвээрээ байна гэж хэлмээр байна.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих