Улс төрийн бантан

2011 оны тавдугаар сарын 21-нд Библид бичснээр галав юүлэх юм болж нэг хэсэг бужигналаа. Үр дүн нь тэг л байна. 2012 кино гараад бас нэг хүлээлт үүсгэж орхисон. Сонгуулийн жил юу ч болоо билээ. Харин нэг юм тодорхой болов. Энэ бол улс төрийн БАНТАН.

БАНТАН-ийн туух буюу эхлэл
Хойд хөршид Төрийн Думын сонгууль нь долоон сарын дараа, Ерөнхийлөгчийн сонгууль нь арван сарын дараа болно. Гэхдээ урд өмнө байгаагүй нэгэн сонин үйл явдал болж байгаа нь “Народный фронт” буюу сөрөг хүчнээ худалдан авах ажиллагаа ид өрнөж байна. Нефтийн долларын ихээхэн орлого олсон Оросын эрх барих хүчин (бүр дотооддоо нөөцгүй болтлоо гадагш нь зарж чадсан. Үүнд Монгол Улс давхар хэлмэгдээд юун Атрын аян, юун уул уурхай болж эхэлсэн) мөнгөө үрэх шинэ арга олсон нь энэ.

Одоо тэдний С.Мироновыг эс тооцвол сөрөг хүчин үгүй болсон. Хөндлөнгөөс харахад сонин юм үгүй л дээ. Орос арга, Пүтин ажиллагаа, Харин арай гүнзгий харах юм бол 2008 онд Монголд дэглэгдсэн ажиллагаа шинэ шатанд гарч ирж байгаа мэт. Монголчууд бид оросын, оросын ч гэлтгүй гадаадын PR ажиллагааны талбар аль хэдийнэ болсон. Харин арай илүү урт гартай нь Орос гэж хэлбэл илүү зохино.

Оросууд С.Баяртай найз гэгддэг. Бүүр засаг төрдөө ойр орос PR-чид түүнтэй нөхөрлөдөг гэдэг нь нууц биш болсон. С.Баярын Төгөлдөршил буюу Инноваци илтгэл бол Д.Медведевийн тавьсан илтгэлийн хуулбар байдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд арай түрүүлэн С.Баяр уншсан байдаг юм. Долдугаар сарын 1 гэдэг том сэдэв бий. Үүнийг хоёр айлын гэрийн эзэд нэг хөнжилд орж “бэлгийн зүй бус харьцаа” (хар хэлэнд гомодох ч гэдэг дээ) тогтоон бантагнуулснаар Н.Энхбаяраас бусдынх нь “шар”-ыг тайлж амарсан ёстой нөгөө сөрөг хүчингүй Путины хүсээд байгаа “Народный фронт”-ийг үүсгэсэн дээ.

Бас С.Баяр “Я ухожу” хэмээн Б.Ельцин шиг хэлээд, хөөрхөн хүү байгаа юм түшээд аваарай гээд алга болдог. Ялгаа нь Б.Ельцин тэтгэвэрт гарсан, харин С.Баяр моданд орсон. Энэ бол аль хэдийнэ алгадаад шараа тайлаад уучихсан БАНТАН. Энэ тесел машамжилттаи хэрэгжсэн төдийгүи улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, олон нийтийн сэтгэлгээнд нэн таарч байгааг нь практик дээр нотлоод одоо Орост хэрэгжүүлэх гэж байна. Дэглэлтэд нь адил төстэй зүйл алга гэж үү? Орос сургагч харагдахгүй байна уу? Харин одоо дараагийн БАНТАН-г хэрхэн алгадахыг таахыг оролдьё (уг нь би Ванга, Дашцэрэн биш л дээ).

БАНТАН – 2013 хэмээх С.Баярын проект
Сү.Батболд зүрх муутай, улс төрийн бие даасан тоглолтгүй. Бас алдах хөрөнгө, ашиг сонирхол ихтэй. Үүнийг С.Баяр маш сайн ашигладаг. Ёстой нөгөө хомтой тэмээ шиг өөрөөсөө холдуулдаггүй. Ерөнхий сайд унах гээд байна гэж цуу гаргаад АН-ын бялуу хүртээгүй гомдогсодтой ил тод уулзчих. Тэгээд л өнөөх нь хамаг юмаа мартаад тогтох зовлонд шанална. Ингэхээр түүнийг гарын дор 2013 он хүртэл ашиглах болно. Наана ил харагдаж могой барих хүн нь Сү.Батболд, далд сууж загас барих, бантан зуурах хүн нь С.Баяр.

Эхний ээлжинд “Народный фронт”-ыг шинэ шатанд ахин зохион байгуулна. МАН дээр нэмэх нь ҮШН, Ногоон нам, МСДН, БНН за тэгээд хамаагүй ээ, хэн ч байсан нийлүүлээд “Үхрийн бөөр” гэдэг фронт магадгүй намдаа нэгттэнэ. Нөгөө талд АН дээр нэмэх ИЗН гэсэн бас нэг харагдах фронт хэрэгтэй. Цаагуураа энэ хоёр фронт Алтангадас, энэ тэрээр дамжуулаад тохиргоо хийнэ. Долдугаар сарын 1 давтагдах магадлал их, бас эхэлсэн бялуугаа хувааж дуусгах гэдэг шалтгаантай, ард түмний сонголт гэдэг шалтагтай хөзрөө харалгүй тохирох покер  доо. Ингээд сонгуулийн дүн ерөнхийдөө 50:50 хавьд гарна. Энэ бол бантангийн гурил нь.

Өө тийм, бас нэгэн чухал асуудал нь Сонгуулийн хууль. Гэхдээ тэр асуудал биш. Холимог тогтолцоогоор батлагдана. Ингэснээр бантангийн ус нь бэлэн болох юм. Харин 2013 онд С.Баяр МАН-аас дэвшиж бантагнуулна. АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвшиж, 2005 оны М.Энхсайханы ганцаардлыг эдэлнэ.

Үүнээс хагас жилийн өмнө Орост “Народный фронт” ялж, Пүтин & Медведев баг бялуугаа үргэлжлүүлэн хуваах болно.
Таавар бат оршиг гэж…

Н.Дэмбээ
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих