С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөрөнгийг нь битүүмжлэлээс гаргалаа

Ингэснээр манай улсын олон улсын шүүхэд зарцуулсан цаг хугацаа, ялалт хүчингүй болж байна-

Монголын байгалийн баялгийг арав гаруй жилийн турш ухаж сүйтгэн 25 тонн алт олборлож хөрөнгөжсөн ОХУ-ын иргэн, “Алтан Дорнод-Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокт холбогдох залилан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэргүүдийг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэрэгсэхгүй болголоо. Үүнийгээ тэрээр өнгөрсөн сарын 17-нд ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн байна. Хамгийн хачирхалтай нь, мaнай улс түүнтэй дөрвөн жилийн турш шүүхээр заргалдан байж ялснаас хойш 18 хоногийн дараа ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгаа юм.

Олон улсын Арбитрын шүүхээс С.В.Паушокийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн. Энэ ялалтыг авахын тулд манай улс дөрвөн жилийн хугацаанд зургаан сая ам.доллар зарцуулсан. Гэтэл олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг ч, улсын төсвөөс гаргасан зургаан сая ам.доллар ч Д.Дорлигжавын шийдвэрээр хүчингүй болж орхив. Монголын Засгийн газар хохирлоо барагдуулахаар хичээн ажилласан нь ийнхүү үр дүнгүй болж байна. Өөрөөр хэлбэл, С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор битүүмжлэлд байсан бүх хөрөнгө битүүмжлэлээс гарч байгаа юм. Үүнээс үүдэн “Алтан Дорнод-Монгол”-д ажиллаж байсан гэх иргэн н.Бямбаа “Компанийн тамга, тэмдэг өг. Одоо төрийн эзэмшлээс гарсан учраас бид үйл ажиллагаагаа явуулмаар байна” хэмээн хандаж эхэлсэн гэсэн мэдээлэл дуулдаж байна.

Улсын хохирлыг барагдуулах объектүүд төрийн “хамгаалалт”-аас гарснаас болж иргэд өөрийн дураар авирлаж байгаа нь энэ. Гэтэл С.В.Паушок 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, арилжааны “Анод”, “Зоос” банкиар дамжуулан мөнгө угаасан, орос, монгол 400 гаруй ажилтандаа цалин олгоогүй, бусад аж ахуй нэгжид өгөх ёстой зэрэг урьдчилсан байдлаар 300 орчим тэрбум төгрөгийн өртэй. Түүний өрийн ердөө 513 саяыг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан бөөн юм болж байж олж авсан гэдэг. Гэтэл одоо нялхсын эндэгдэл бууруулж, цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, ажлын байр олшруулахад зарцуулах 300 тэрбум төгрөг зарим албан тушаалтны тусламжтайгаар ийнхүү салхинд хийсч мэдэх нь.

Хэргийг ямар учраас хэрэгсэхгүй болгосон талаар хяналт тавьж буй прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “Хэрэгсэхгүй болгоогүй. Чамд хэн тэгж хэлж байна. Тийм зүйл байхгүй” хэмээн бухимдсан байдалтай хариуллаа. Энэ маргаанаар дөрвөн жилийн турш дагнан ажиллаж буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэлээс асуухад дараах хариултыг өгсөн юм

“ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСНООС ҮҮДЭЖ ТҮВЭГТЭЙ БАЙДАЛ ҮҮСЧИХЛЭЭ”

-”Алтан Дорнод-Монгол” компанийн С.В.Паушокт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх юм. Тэгэхээр манай улс хохирлоо яаж барагдуулах юм бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Олон улсын Арбитрийн шийдвэр манай талд гарсан тухай та бүхэн мэдэж байгаа байх. Шийдвэр гарснаас хойш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төр, аж ахуйн нэгж, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулах тухай Засгийн газрын түвшинд санал боловсруулан ажиллаж байна. Ажлын хэсэг хохирол барагдуулахын тулд “Алтан Дорнод-Монгол” компанийн эд хөрөнгийг үнэлж, лиценз тусгай зөвшөөрлийг хэрхэх талаар судалж шийдвэрлэх учиртай. Энэ талаар холбогдох яамдуудаас ч санал авч байна.

Хамгийн гол нь, олон улсын түвшинд манай талын ялалтаар төгссөн зарга дотооддоо асуудалтай болчихоод байна. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн тавдугаар сарын 17-нд С.В.Паушоктой холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг нь татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, “Анод”, “Зоос” банк залилсан гэх үндэслэлээр мөрдөн байцаах газраас үүсгэсэн хэргийг хаасан гэсэн үг. Ноцтой нь хэргийн, хүрээнд хамгаалж битүүмжилсэн компанийн эд хөрөнгө, объект, лиценцүүдийг битүүмжиллээс чөлөөллөө. Ингэснээр дээр дурдьсан хохирол барагдуулах асуудалд хүндрэл тулгарч байна.

-Арбитрийн шүүхээр манай тал ялсан байтал прокурорын байгууллага яагаад ийм шийдвэр гаргав. Хохирол барагдуулах гол найдвар болсон битүүмжилсэн хөрөнгийг яагаад задалсан юм бол. Та бүхэн холбогдох албан тушаалтнаас асууж лавласан байх?
-Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн захиргааны байгууллагын хувьд шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Шүүх, прокурорын байгууллага нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах хуультай. С.В.Паушокийн мөнгө угаасан “Иточу”-гаас мөнгө залилж авсан зэрэг хууль бус бүх үйлдэл нь банкны дансны гүйлгээний мэдээллээр тодорхой нотлогдож, бид энэ тухай нь шүүхийн бүрэлдэхүүнд болон Улсын мөрдөн байцаах газарт өгч байсан. Арбитрын шийдвэр манай талд гарахад уг асуудал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх гэж боддог. Гэтэл манайд ийм тодорхой зүйл дээр хэрэг хэрэгсэхгүй болгож байгаа нь гайхашруулж байна. Монгол улс энэ дөрвөн жилийн маргаанд зургаан сая ам.доллар зарцуулсан. Олон улсын маргаанд ялагдахгүйн төлөө бид маш их хүчин чармайлт гаргасан. Хэрэг хэрэгсэхгүй болонгуут “Алтан Дорнод-Монгол”-ын зүгээс н.Бямбаа гэдэг иргэн С.В.Паушокийг төлөөлж компанийнхаа үйл ажиллагааг сэргээж явуулна гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн.

-Хохирол барагдуулах боломжгүй болж байгаа гэсэн үг үү?
-Төвөгтэй болж байна гэж хэлмээр байна. Хуулийн өөр гарц, боломжийг хайж байна. Тухайлбал, татварын байгууллагаас шүүхэд Алтан Дорнод-Монгол ХХК-д дампуурлын хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргаад явж байгаа. Энэ хүрээнд битүүмжлэлээс гарсан хөрөнгийг эргүүлэн битүүмжлэх боломжтой болох юм.

-Битүүмжилсэн хөрөнгө ямар үнэ хүрэх вэ?
-Олон улсын маргааны хүрээнд 2008 оноос хойш хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн. Битүүмжлэгдсэн олон объект бий. Тэдний заримыг дотоодын цэрэг, үлдсэнийг тухайн компанийн харуул хамгаалалтын хүрээнд харгалзаж байна. Хичнээн хэмжээний хөрөнгө байгааг хөндлөнгийн байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Одоогоор “Алтан Дорнод-Монгол” ХХК-ийн өөрийн үнэлгээгээр хөрөнгө үнэлэгдсэн байгаа ч бодитой гэж үзэх боломжгүй.

-ОХУ-д байгаа С.В.Паушок өрөө төлөхгүй нь мэдээж. Гэтэл өр барагдуулах объектуудыг битүүмжлэлээс чөлөөлчихлөө. Манай улс эргээд гацаанд орчихож байгаа юм биш биз?

-Саад бэрхшээл гарч байгаа ч шийдэх гэж оролдож байна. Гэхдээ бидний эрх хэмжээ бас хязгаарлагдмал шүү дээ. Хууль зүй дотоод хэргийн яам олон улсын маргаанд Засгийн газрыг төлөөлж
оролцох үүрэгтэй байсан энэ ажлаа амжилттай биелүүлсэн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, олон улсын шүүх дээр асуудлыг манай талд шийдүүлж чадсан. Харин дотооддоо цаашид хэрхэх, хохирлыг хэрхэн барагдуулах талаар олон асуудал үүсэхээр харагдаж байна. Эрхбиш олон улсын арбитрын шүүхээр зарчмын том асуудлаа шийдүүлсэн учраас өр төлбөрийг төлүүлэх нь гарцаагүй, гагцхүү хэзээ, яаж гэдгийг судалж, зөв хувилбараар явахын төлөө л ажиллаж байна.

-Ер нь манай улсад С.В.Паушок хэдий хэмжээний өртэй вэ?

-Тэр манай улсаас нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн. Түүнийг нь Арбитрийн шүүх хэрэгсэхгүй болгосон. Харин одоо манайх өөрийн талаасаа татварын өр болон бусад өр төлбөрийг барагдуулахын төлөө ажиллаж байна. Бусад өр гэдэгт банк, аж ахуйн нэгжүүдийн өр, цалингаа аваагүй Орос, Монголын 400 гаруй ажилтан бий. Энэ хүмүүсийн авлага болон компаниас төрд төлөх татварын өр нийлээд 300 орчим тэрбум төгрөг болж байгаа.

Д.Болормаа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих