Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг захиалдаг гэнэ үү

hunii_naimaa_gar-middleЗахиалгат үйлчилгээ, захиалгат бараа хүргэлт, захиалгат бэлэг…

Бид идэх хоол, унших ном хэвлэл, өмсөх хувцас, оо энгэсэг, хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн, техник хэрэгсэл, автомашин, гар утас, орон сууц, барилга, байшин гээд амьдралдаа хэрэгцээт бүхнээ захиалж авдаг.

Мэдээллийн эрин зуунд захиалгат үйлчилгээг авахад бүр ч амар, хялбар болж. Онлайнаар захиалаад л авчихна. Хүргэлтийн үйлчилгээгээр авна. Энэ мэтчилэн бидний амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээнүүд энд тэндгүй л байна.

Гэтэл орчин цагт эрчүүдийн ажлыг хэд дахин хөнгөвчилж, эхнэрийг хүртэл захиалдаг болж. Эхнэр авах гэж хайж, гүйхгүйгээр интернэт ухаж байгаад л гэргийгээ олдог болчихож. Гэхдээ энэ нь гадаадын эрчүүдэд хамаатай асуудал гэдгийг онцлоход гэмгүй биз. Учир нь монголчууд эхнэр, нөхрийг захиалж авах талаар хараахан бодолцож, үзээгүй байгаа. Уламжлалт сэтгэлгээ,  зан заншил, соёл болон хөрөнгө, санхүүгийн чадвар зэрэг олон зүйл үүнд нөлөөлөх учраас тэр. Харин “захиалгат гэрлэлт” хамгийн түгээмэл дэлгэрсэн орон бол БНСУ.

Эдүгээ 260 гаруй мянган монгол иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Харин дээр дурьдсан 260 мянган монгол иргэнээс багагүй хувийг харийн бэр болсон бүсгүйчүүд эзэлдэг тухай албаны хүмүүс ярьж байна. Жил бүр монголын олон арван эмэгтэй БНСУ болон бусад орны иргэдтэй гэр бүл болж, нутаг руу нь дагаж явдаг ажээ. Үүний дотор мэдээж хайр дурлалаараа учирсан нь байгаа гэдгийг үгүйсгэж, бүхнийг харлуулж болохгүй.

Гэхдээ асуудлын гол нь захиалгат гэрлэлт хүн худалдаалах гэмт хэргийн тоонд тооцогддогт байгаа юм. 2000-2005 он бол монгол бүсгүйчүүд харийн бэр болох үзэгдлийн оргил үе байв. Ялангуяа БНСУ-ын иргэдтэй гэрлэх явдал тухайн үед оргилдоо хүрсэн гэдэг. Тэдний ихэнх нь эхнэр авах захиалгат үйлчилгээний “бараанууд”. Тэд монголд амьдрал байхгүй гэж үзсэн учраас харийн эрийг илүүд үздэг.

Тиймээс ч эд бараа мэт өөрсдийнхөө мэдээлэл, гэрэл зургийг интернэтэд байршуулж, хэн нь түрүүлж сонгогдох бол хэмээн горьдлого тавин хүлээж суух. Танилын маань эгч нь ч мөн адил бүлтийтлээ гоёод зургаа авахуулаад гэр бүл зуучлах товчоонд хандсан ч одоо болтол хариу ирээгүй байгаа тухай ярьж байсан юм бол. Танилын маань эгч нэлээн махлаг эмэгтэй байсан тул “Хэрэв солонгос  эртэй гэрлэхийг хүсч байгаа бол жингээ хас” гэж тухайн зуучлах товчооноос анхааруулсан тухай  инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр ийм нэг яриа бидний дунд өрнөсөн нь саяхан.

70 хүрсэн хөгшин Солонгост таалуулахын тулд бас турах хэрэгтэй байх нь хэмээн зэвүү, дургүй хоёр зэрэг хүрснээ нуух юун. Гэвч яая гэхэв. Нэгэнт монгол эмэгтэйчүүдийн минь сонголт юм хойно.

Хөгшин хонины насгүй болсон өвгөний өвөрт хэвтэхийн төлөө жингээ хасч, тавьсан шаардлагыг нь биелүүлж, дэлгүүрийн лангуун дээр хөглөрөх ширхэгийн бохиноос ч үнэ цэнэгүй болгож байгаа юм чинь. Хэн ч тэднийг албадаагүй.

Тэд өөрсдөө мэдсээр байж ийм сонголтыг хийдэг, тэгээд дараа нь харамсдаг. Эх орон минь сайхан байж дээ, монгол эрчүүд минь илүү юм даа гэж. Гэхдээ сайн хүнтэй суугаад сайхан амьдарч яваа монгол эмэгтэйчүүд байгааг бас үгүйсгэж болохгүй. Хамгийн гол нь захиалгат гэрлэлт бол хүн худалдаалах гэмт хэргийн хумсаа нуусан бас нэгэн далд хэлбэр юм шүү гэдгийг л бодолцоход гэмгүй. Яаж, яагаад гэрлэдэг тухайг нь сонин хэвлэлээр хангалттай бичсэн тул олныг нуршаад яахав.

Гэр бүл зуучлах нэрийдлээр таныг бусдад зарж, борлуулж байгаа гэдгийг та өөрөө эхнэр биш боолын гэрээгээр худалдагдаж байгаа нэгэн гэдгээ ойлгох учиртай. Олон бүсгүйчүүд хожим хойно, бүх зүйл болоод өнгөрсний дараа өөрийгөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсноо ойлгодог тухай албаны хүмүүс ярьж байсан юм.

Тэгвэл энэ бүхнээс таныг өөрөөс чинь өөр хэн ч хамгаалж чадахгүй. Та өөрөө өөрийгөө аюул эрсдлээс хамгаалж болно. Уг нь өөрийгөө эрсдлээс хамгаалах тийм хэцүү зүйл биш. Харийн бэр болох гэж зураг, мэдээллээ өгөхөөсөө өмнө нэг бодож үзээд зөв шийдвэр гаргаж байгаа эсэхээ тунгаачихад л болох зүйл. Харийн эр мөнгө төлж худалдаж авсан хойноо хэзээ ч танд эр нөхрийн, ханийн ёсоор хандахгүй. Тэд эхнэр авахын тулд мөнгө төлсөн учраас. Гэр бүл зуучлах товчоонд мөнгө төлж, шилж сонгож байгаад авсан учраас таныг аваачсан хойноо өрөө барагдуулахыг шаардана. Ингэж тухайн эмэгтэйн боолын амьдрал эхэлдэг байна.

Үүнээс гадна сэтгэл түгшээсэн нэгэн мэдээлэл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэмт хэрэгтнүүдийн дараагийн бай болсон тухай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадны иргэдтэй гэр бүл болох явдал сүүлийн үед ихэсч байгаа ажээ. Харамсалтай нь эрүүл саруул нь эрсдэлд учирсан хойноо гэр бүлийнхэнтэйгээ холбогдож, тусламж авч чадахгүй нас барж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд байдал бүр хүндрэх нь ойлгомжтой.

Хэл, сонсголын бэрхшээлтэй хүн байлаа гэж бодоход аюул, эрсдэлд учирсан хойноо гэр бүлийнхэн болон холбогдох байгууллагынхантай яаж холбогдох вэ. Тэдний амь нас, аюулгүй байдлыг хэн, хэрхэн хамгаалж, хариуцах юм бэ. Эрүүл, саруул эмэгтэйчүүд өөрсдийгөө аварч, хамгаалж чадахгүй байхад хэлгүй, дүлий, сохор, доголон нэг нь хэн нэгний гарын шүүс болоод л дуусна.

Энд байгааг тэнд байгаа аюул руу түлхэгсдэд хариуцлага тооцъё

Энд байгаа иргэдийг хэн зуучлаад байна вэ, хэн гадны эрчүүдтэй танилцуулаад эхнэр, нөхөр болгоод байгаа юм бэ гэдэг асуудлыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Монголд байгаа иргэдийг мэдээж монгол хүмүүс л зуучилж байгаа. Энд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэдийдээ солонгос хэл сураад солонгос эртэй гэрлэх болчихов гэдгийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах цаг нь болжээ. Одоогийн байдлаар манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байгаа тухай статистик мэдээлэлд дурьджээ.

Гэр бүл зуучлах товчоо нэрийдлээр бусдыг худалдаад байна уу, эсвэл ганцаардаж яваа нэгэнд нь хань, ижил олж өгч, үнэхээр буян үйлдээд байна уу гэдгийг зөвхөн хууль хяналтын байгууллага л шалгаж тогтооно. Хариуцлага хүлээлгэх эрх нь тэдэнд бий. Гэр бүл зуучлах товчоод мөнгөө авсан л бол монгол эмэгтэйн хувь заяа, цаашдын ирээдүй хамаагүй. Тэд захиалагчаас мөнгөө авлаа, бараагаа нийлүүллээ. Процесс ерөнхийдөө иймэрхүү. Харин тухайн эмэгтэй хэн гэгчтэй гэрлээд, хаана очих гэж байгаа нь сонин биш. Нэг ийм гэрлэлтийн хэлбэр монголд бий болоод уджээ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн эмэгтэй захиалгат гэрлэлтийн золиос болсныг хэн ч мэдэхгүй. Сайхан амьдрал мөрөөдөж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг нь хэн ч мэдээгүй, тоолж, судлаагүй.

Цөөхөн хэдэн ТББ-уудын барагцаалсан тоо баримтаас өөр мэдээлэлгүй. “Амьдрал тэр чигээрээ сонголт”  гэсэн афоризм байдаг. Гэхдээ энэ хорвоод хүн болж төрөөд сонгож болдоггүй хэдхэн зүйлс бий. Тэдгээрийн нэг нь хүн эцэг, эх, хувь заяа, амьдрах орчноо сонгож төрдөггүй. Гэхдээ ямар ч орчин нөхцөлд, төрж, өссөн бай сайхан амьдрах эрх зөвхөн бүсгүй таны гарт бий. Ядуу тарчиг байлаа гээд харийн бэр болох нь эцсийн гаргалгаа биш.

Сайхан амьдралд хүргэх нотлогдсон зам биш. Энэ зам таныг ямар ч зүйлд хөтөлж болох эрсдэл хүлээж байгаа гэдгийг бодолц. Түүнийхээ дараа монгол, хятад, солонгосынхоо хэнтэй нь гэрлэх нь таны эрх. Харин дараа нь аюулд өртөж, амь насаараа хохирохгүй байх ёстой. Өөрийнхөө гараар амьдралдаа битгий цэг тавиач, гэнэн хонгор хүүхдүүд минь.

Х.Өнөржаргал

http://stat.gogo.mn/news/2012/10/31/mongoliinmedee1031.jpg


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.