Хүүхдийн хувь заяа төрсөн сараас шалтгаадаг

Саяхан эрдэмтэд судалгаа явуулж, хүүхэд илүүдэл жинтэй болох эсэх, өөдрөг эсвэл уруу дорой бодолтон болох, бүр ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох нь төрсөн сартай нь олон талаар холбоотой болохыг тогтоожээ. Хавар төрсөн хүүхдүүд жишээ нь, хамгийн эмзэг, харин зун төрсөн нь хамгийн аз жаргалтай байдаг аж.

Судалгаанаас үзвэл, төрсөн сараас хүн олон хүүхэдтэй болох уу, аймхай хулчгар эсвэл эрэлхэг зоригтой, туранхай эсвэл тарган, өндөр эсвэл намхан болох нь шалтгаалдаг байна. Бас төрсөн өдөр хүний хэтийн амьдрал, ямар өвчин тусах, ямар зан ааштай болоход нөлөөлдөг ба хүчтэй болоод сул талыг бүрнээ тодорхойлж өгдөг ажээ.

Жирэмсэн байх үе, амьдралын эхний сарууд жилийн аль цаг үед өнгөрсөн нь, тодруулбал, цаг агаар, хоол унд, улирлын халдварт өвчин гээд хүрээлэн буй орчин бидэнд нөлөөлдөг.

Төрөхөд хамгийн зохимжтой сар гэж байхгүй, бүх сар өөр өөрийн гэсэн сайн, муу талтай, сар болгон нэг сөрөг зүйлд тэсвэртэй байдлыг дээшлүүлдэг ч, бас эрсдэлийн бүлэгт багтдаг. Төрсөн өдрийн онцлогоо мэддэг бол амьдралын хэв маягаа амжилттай засч залруулж, таагүй зүйлээс биеэ хамгаалж чадна.

Өвлийн хүүхдүүд
Солгой гартнуудын дийлэнх нь хамгийн хүйтэн сар болох 12, нэг, хоёрдугаар сард төрдөг. Өвлийн хүүхдүүд ихэвчлэн зүрх-судасны өвчтэй байдаг. Бристоль болон Эдинбургийн их сургуулийн судлаачдын мэдээлснээр, өвлийн хүүхдүүд зүрх, судасны өвчтэй байх эрсдэл бусдаас 24 хувиар илүү байдаг. Өвөл төрсөн эмэгтэйчүүд холестерин ихтэй байдаг учраас өвөл төрсөн охидын эцэг, эхчүүд хүүхдийнхээ хооллолтод их анхаарах хэрэгтэй.

Өвлийн улиралд амжилт олдог, хэтийн зорилготой, авьяаслаг, их эрх чөлөөтэй хүмүүс төрдөг. Тийм хүмүүс ажиллаж чаддаг, хийж буй үйлдэлдээ итгэл төгс, тэднийг зорьсон замаас нь гаргах их хэцүү байдаг учраас тэд өндөр амжилтад хүрдэг байна.

Үүний сацуу биеэ тоосон, зөрүүд “өвлийн” хүүхдүүд багаасаа эцэг, эхтэйгээ дэмий зүйлээр маргаж, алдаа буруугаа хүлээж чадахгүй, үргэлж бүхний түрүүнд байх гэсэн эрмэлзлээсээ болоод үе тэнгийн хамт олонтойгоо таарамж муутай, бусадтай шууд нөхөрлөдөггүй байна.

Хаврын хүүхдүүд
Хавар цагт төрсөн хүүхдүүд эмзэг, ханиад томуу хүрэх, харшилтай болох гээд ер нь л байнга өвдөх гээд байдаг учир нялхаас нь анхаарал сайн тавих хэрэгтэй байдаг. Ийм хүүхдийн ахуй орчныг сайн анхаарвал зохих аж. Хавар төрсөн хүүхдүүд шийдэмгий бус, хүнд амархан хууртагддаг гэж сэтгэл судлаачид үзэж байна.

Гэхдээ “хаврын” хүүхдүүд багаасаа уян хатан, болгоомжтой байж, харилцан ярьж байгаа хүнээ анхааралтай сонсож чаддаг ажээ. Тэд олон асуудлаар зөв үзэл бодолтой байдаг ч ил гаргаж хэлж чаддаггүй, маргахыг хүсдэггүй, тэргүүлэгч байхаас татгалздаг байна. Тиймээс эцэг, эхчүүд хавар төрсөн хүүхдээ өөртөө итгэж, бусдад хэрэгтэй бөгөөд ардаа хамгаалах хүнтэй гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй.

Зуны хүүхдүүд
Зун өөдрөг үзэлтэй, аз жаргалтай хүмүүс төрдгийг Хертфордширийн их сургуулийн эрдэмтэд нотолжээ. Зун төрсөн хүүхдүүд өөрийгөө их өндрөөр үнэлдэг бөгөөд тэдний дунд хамгийн олон өөдрөг үзэлтэн байдаг. Тэд амьдралыг сайн сайхнаар харж, өөрсдийгөө азтай, жаргалтай гэдгийг мэдэрдэг. Зуны хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнтэй, сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй, дүрсхийдэг ч муу санаагүй болохыг сэтгэл судлаачид анзаарчээ.

Зун төрсөн зун хүүхдүүд том болохоороо албан тушаал хөөцөлдөхөөс зайлсхийж, үнэнчээр хөдөлмөрлөхийг илүүд үздэг, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн бөгөөд эрэлхэг зоригтой байдаг. Зуны хүүхэд золбин амьтдад тусалж, нялх хүүхэд асарч, нэг ангийн сул дорой хүүхдийг хамгаалахыг хүсдэгийг эцэг, эхчүүд нь мэддэг байх хэрэгтэй.

Намрын хүүхдүүд
Хэрвээ та хүүхдээ урт удаан наслуулахыг хүсвэл намар төрүүлэх хэрэгтэй. Австралиас Норвеги хүртэл янз бүрийн орны нэг сая гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн эрдэмтдийн мэдээлснээр, өндөр насалсан хүмүүс ихэвчлэн намар төрсөн байдаг ажээ. Тэд тайван дөлгөөн зантай, арвич хямгач, бас өөдрөг хүмүүс байдаг.

Намрын хүүхдүүд хичээл номдоо шамдаж, найз нөхөд, эцэг, эхтэйгээ муудалцах нь ховор бөгөөд мөнгөний үнэ цэнийг эрт ойлгож эхэлдэг, их дипломат, дуулгавартай байдаг гэнэ. Хэрвээ эцэг, эх нь хичээл зүтгэлийг нь зөв голдрилд руу чиглүүлээд өгвөл намар төрсөн хүүхэд ажил албан дээрээ ч, хувийн амьдралдаа ч амжилт олдог байна.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих