«АР МОНГОЛЫН ХУЛГАЙЧААС БОЛГООМЖИЛ»

mongolian_flag_718386763

Танил маань Эрээн яваад иржээ. Тэнд байдаг мундаг эмчид үзүулэхийн хажуугаар нэгэнт очсоных хэмээн зээлээр нь жаал явсан юм байх. Энэ тухайгаа сонирхуулан ярих зуураа тэрбээр Эрээний хөгжсөнийг гайхахын зэрэгцээ муусайн юмнууд манайхны мөнгөөр л хөгжсөн тийм биз дээ гэж ирээд муулах. /Үнэндээ танил маань ч бас Эрээнд очиж, өвөр монгол эмчид үзүүлж тэнд хөрөнгө оруулалт хийчихээд ирсэн юм/ Тэгэх зуураа гэнэт Эрээнд явж байгаад монголчуудаасаа хачин их ичсэн тухайгаа ийн ярив. “Яагаав дээ, чи мэдэх үү. Манайхны хамгийн их ордог Бүдүүн дэлгүүрийг. Намайг тэнд явж байсан чинь дэлгүүрийн цагаан хоолойгоор өвөр монгол нөхөр “Ар Монголоош иршэн хулгайчдаас болгоомжилоо. Олноороо иршэн тул хянуур бай” гээд зарладаг байна шүү дээ. Нүүр хийх газаргүй болсон гэж. Уг нь зах дотор би их маадгар явсан юм. Гэтэл тэр зарлалаас болоод наймаачдынх нь бас үйлчлүүлж байгаа иргэдийнх нь харц яг над дээр тусаад байх шиг санагдаад санаа зовоод шалавхан гарсан” хэмээн ярив. Үнэхээр ч сар шинийн баяртай зэрэгцээд хулгайч нарын ашиг орлогын “алтан үе” ирдэг тухай манайхан ярьдаг. Хулгайч нар баяр дөхөхөөр хүн ихтэй томоохон худалдааны төвүүдийг онилж ажлаа эхэлдэг. Гэтэл сүүлийн үед хил дамнан хулгай хийдэг болсны жишээ нь энэ болж таарав. Мөн хэдхэн хоногийн өмнө Эрээний цагдаагийн газраас нэгэн анхааруулга гаргасан байсан. Утга нь сар шинийн баярын өдрүүд дөхөж буй энэ үед Эрээнд монгол хулгайч нар олширсон тул наймаачид болгоомжтой байна уу гэж. Яг л “Нарантуул”, “Бөмбөгөр” захуудад хулгайч олон байгаа тул гэдэгтэй утга нэг сонсогдоно билээ. Ер нь энэ ч биш, сүүлийн үед Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан бууз, ууцны хулгай ихэссэн тухай албаныхан өгүүлж байна. Зөвхөн өчигдөр л гэхэд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11 дүгээр гудамжны … тоот айлын хашаанаас зарах гэж байсан есөн ширхэг ууцны махыг хулгайлсан бүлэг этгээдийг цагдаа нар илрүүлсэн байсан. Хулгай хийсэн хүн хэзээд баригддаг хойно доо.Ийнхүу баяр дөхсөн энэ өдрүүдэд амар хялбар аргаар олз хайсан хулгайч нар Эрээн, “Бөмбөгөр”, “Нарантуул” гээд хаа сайгүй л тэнүүчилж байна. Хамгийн гол нь “нэг үхрийн эвэр дэлсэхэд 1000 үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг муу баартай хулгайчаас болж монголчуудын нэр хүнд дэлхий даяар унаад байгаа нь л харамсалтай байгаа юм. Тэрнээс тэр муу хулгайч Эрээнд хулгай хийж баригдаад хуруугаа тайруулна уу, эсвэл өргөст торны цаана өчнөөн жил сууна уу хамаагүй л дээ.

 

Л.ОЮУНГЭРЭЛ

/Өдрийн шуудан/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих