ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮДИИГ ТАТВАРААР СӨХРҮҮЛЭХ БОДЛОГО

527-1364865964middle

Б.Сарантуяа группт байдаг. Өрх толгойлсон эмэгтэй тэрээр хоёр хүүхэдтэй. Бага нь зургаан сартай бол том нь цэцэрлэгийн албатай. Группийн мөнгө, сар бүрийн хүүхдүүдийнхээ 20 мянган төгрөгеер амьдралаа авч явдаг. Ийм болохоор тэр утаа униар татсан гэр хорооллынхоо дэлгүүрээс ургамлын тосоо граммлуулж авдаг. Элсэн чихэр, талх гэдэг энэ гэр бүлийн гурван гишүүнйй хувьд тансаг хэрэглээ. Тийм болохоор тэнгэрт хадсан махны үнийг дийлэхгүйдээ шөл гаргах гэж л махаа хүртэл хагас кг-аар нь авч, захын махны наймаачдаас яс хямдхан авна. Авсан ясаа хэд дахин буцалгаж болно, шөл гарах нь ч боломжийн болохоор яалт ч үгүй энэ түүний сонголт. Супермаркет ч юм уу, томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлнэ гэдэг мөреөдөл. Ямартаа ч түүнд ургамлын тосоо граммлаж авах, махаа хүртэл худалч хүний үгээр хэрчмээр нь ч атугай худалдан авах зах зээлийн орчин байгаа нь яамай. Энэ эмэгтэй шиг олон хүн, олон гэр бүл зах зээлийн нэг хэсэг болсон жижиг дэлгүүрүүдийн үнэнч үйлчлүүлэгчид.

Хотын захын дүургүүд, эсвэл гэр хороолол дунд ажилладаг жижиг дэлгүүрүүд ихэвчлэн орлого багатай иргэдэд хоол унд, хувцас хэрэглэлийг нь ойртуулж өгдөг болохоор зах зээлийн чухал эд эсүүдийн нэг юм. Ялангуяа, Монгол шиг амьжиргааны төвшин дээрддэггүй, ядуурал албан статистикт 30 хувиас буурдаггүй, баян ядуугийн ялгаа улам уртасч буй улсад ийм дэлгүүргүйгээр эдийн засгийг төсөөлөх аргагүй. Ядаж л манай улсад, дундаж давхаргынхан гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуултын хариулт одоо хэр нь олдоогүй байна. Нэг сая төгрөгийн сарын орлоготой өрхийг үү, эсвэл орон сууцны зээлтэй хүмүүсийг энэ тодорхойлолтод багтаах уу. Даанч энэ жагсаалтад нэрлэх өрх дэндүү цөөхөн байгаа болохоор дундаж давхарга байхгүйтэй адил юм. Иймд нийгмийн дийлэнхийг бүрдүүлж буй дундаас доош орлоготой иргэдэдхүрч үйлчилж байгаа жижиг дэлгүүрүүд, захын хорооллын мухлагууд төрд ачаа үүрүүлээгүйгээс хойш төр засаг гай ч болохгүй, гавьяа ч байгуулахгүй явсаар өдийг хүргэсэн билээ.

Гэвч супермаркетууд ШӨХТГ-т “Бид бүх орлого, санхүүгийн тайлан, татвараа тайлагнадаг. Гэтэл хүнсний жижиг дэлгүүрүүд тэгдэггүй, татвар ч төлдөггүй. Энэ нь шударга өрсөлдөөнийг үгүйсгэж байна” гэсэн хүсэлт, гомдол иржээ. Үүний дагуу ШӨХТГ-ынхан жижиг, том ялгаагүй дэлгүүрүүд адилхан татвар төлөх, тэгш боломж байна уу гэсэн саналыг ТЕГ-т өгсөн байна. Заримынх нь үзэж буйгаар татварын тодорхой тайлангү.й хүнсний жижиг дэлгүүрүүдийн ард далд эдийн засаг хөгжих том боломж байгаа гэнэ. Харин татварынхан “Манайхаас бусад бүх орон татварын нэгдсэн системд шилжсэн. Тиймээс жижиг дэлгүүрүүд татвараас зугатах боломж байдаггүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, төрд ачаа, дараа болохгүй, бор зүрхээрээ яваа дэлгүүрүүдийн цаана тоолж барамгүй их мөнгө эргэлдэж байгаа гэж зарим нь хардаж буй хэрэг. Угтаа төрийн үзүүлж чадахгүй үйлчилгээг дөхүүлж өгч байгаа хүмүүс нь ингээд далд эдийн засаг хөгжүүлэгчид болон хувирч байх шиг. Граммаар ургамлын тос худалдан авахаас аргагүй өрхүүд Монголоор нэг байхад тэдэнд тохирсон үйлчилгээг нь өгч чадахгүй супермаркетуудаас ийм санал гарч байна. Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар тодроод буй жижиг  дэлгүүрийн төлөөллүүд “Бид түрээсээ төлөөд хог, цахилгааны мөнгөө өгөөд нүүрсээ авч галлахад цаана нь овойж оцойтлоо баяжихгүй ч хэнээс ч гуйхгүйгээр амьдралаа аваад явдаг. Элдэв татвар нэрээр энэ амин зуулгаас  маань салгавал ажилгүй иргэд нэмэгдэж, баян, ядуугийн ялгаа улам гаарна” гэсэн байр суурьтай байгаа юм.

Ямартаа ч хэнд ч гай болоогүй, төрд бүр ч дараа болоогүй жижиг дэлгүүрүүдийг томчуудтай нь адилаар татварыг нь тэгшитгэх тухай ийн яригдаж эхэллээ. Энэ бүхний үр дүн, үр дагавар ямар байхыг харах л үлдэж байна.

 

Ж.ЦОГЗОЛМАА

/Зууны мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих