Автобусны үнэ нэмсэн компаниудад хариуцлага тооцохоор болов

-Үнээ нэмсэн автобусны мэдээллийг 321490, 323176, 326352 утсаар авч байна-

Өчигдрөөс эхлэн “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр”, “Эрдэм транс”, “Автобус-1″, “Цахилгаан тээвэр” зэрэг компанийн том оврын автобус 400 төгрөгөөр үйлчилж эхэллээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Лхагва-Очироос тодруулав.

-Зарим чиглэлийн автобус том хүнд 400 төгрөгөөр, хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилж эхэлсэн байна. Үнэ нэмэх шийдвэр гарсан юм уу?
-Хувийн автобуснууд үнээ нэмчихсэн байна. Нөхцөл байдал хэцүү байгаа ч Нийтийн тээврийн газраас том оврын автобусны үнэ нэмэх шийдвэр гаргаагүй.Бид хуулийн дагуу автобус компаниудтай гэрээ байгуулж ажилладаг. Гэрээний дагуу үнээ нэмэхээр бол манайд мэдэгдэх ёстой. Үнэ нэмэх асуудлаа урьдчилан мэдэгдээгүй учраас мөнгө нэмсэн компаниудтай хариуцлага тооцно. Иргэд ч гэсэн эдгээр автобусны талаар мэдээллийг Нийтийн тээврийн газарт мэдэгдэх хэрэгтэй.

-Үнээ нэмсэн компаниудад ямар арга хэмжээ авах вэ?

-Авто тээврийн тухай хуулийн дагуу үнээ нэмсэн компанид 100-250 -мянган төгрөгөөр торгоно. Мөн 400 төгрөгөөр үйлчилж байгаа автобусны мэдээллийг 321490, 323176, 326352 дугаарын утсанд хүлээн авч байна.

-Зургадугаар сарын 2-ноос үнээ нэмнэ гэж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэв?

-Үнэ нэмэх асуудлыг Нийтийн тээврийн газар дангаараа шийдэхгүй. ЗТБХБЯ, НЗДТГ-т автобусны үнийг нэмэх тооцоо, судалгаа, саналаа өгчихсөн байгаа. Хэзээ шийдэгдэхийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн Ерөнхийлөгчийн ОХУ-тай хийх хэлэлцээрийн шийдвэрийг хүлээж байна. Ирэх даваа гариг гэхэд түлшний асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Буурах болов уу гэсэн горьдлого байгаа учир одоохондоо автобусны үнийн талаар хэлэхэд эрт байна.

-Түлшний нөөц хэр байгаа вэ. Нийтийн тээвэрт өдөрт хэчнээн хэмжээний түлш зарцуулж байна?

-Түлшний хомсдолд орохоос өмнө 26 байгууллагын 800 орчим автобус 57 тонн түлшээр иргэдэд үйлчилж байсан. Харин өнөөдрийн байдлаар 600 орчим автобус 40 орчим тонн түлш хэрэглэж байна. Газрын тосны газраас ирэх даваа гариг хүртэл түлшний нөөцөөр хангах боломжтой гэж хэлсэн. Гэхдээ түүнээс хойш шатахууны импорт шийдэгдчих болов уу гэсэн найдлагатай байна.

-Автобусны үнэ нэмэгдвэл Нийтийн тээврээр үнэгүй зорчих иргэдээс мөнгө авна гэж байсан. Энэ тухайд?
-Тэтгэврийн хөгшчүүл, оюутнууд гээд үнэгүй зорчих иргэд олон байгаагаас асуудал үүсч байгаа. Гэхдээ хуулинд зааснаар тэднээс мөнгө авах ямар ч боломж байхгүй. Тиймээс автобусны үнэ нэмэгдлээ гэхэд тэднээс нэмж мөнгө авахгүй.

-Үйлчилгээний цагийг уртасгаж байгаа гэсэн. Энэ асуудал ямар шатандаа явна вэ?

-Уртасгасан цагаар ажиллах зорилго нь замын ачааллыг бууруулах,  иргэдэд хүрч үйлчлэхэд оршино. Одоо дулааны улирал эхэлж байна. Энэ үеэр хөл хөдөлгөөн багасдаг учир иргэдэд таатай үйлчилж болох нөхцлийг судалж, турших боломж бүрддэг. Бид зарим чиглэлийн автобусыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж үзсэн. Цаашид уртасгасан цагаар ажилладаг болно.

Б.Батчимэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих