Ж.Төмөрсүх: Бид 7000 гаруй нинжаг ялж, байгаль дэлхийгээ аварсан

14128-5tТ.БАТСАЙХАН

Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй ярилцлаа. Түүнийг  Улаанбаатарт байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байхад нь уулзсан юм.

 

-Та сайхан өвөлжиж байна уу. Байгаль дэлхий ээлээ хайрласан сайхан өвөл болж байна уу даа?

-Тийм ээ. Урьд өмнө байгаагүй өнтэй өвөл боллоо. Тайгын ард түмэн минь айж эмээх, дутагдаж гачигдах зүйлгүй сайхан өвөлжиж, хавартаа золгохоор бэлдэж сууна. Байгаль дэлхий ч цас мөсөн гоёлоо өмсөөд дүнхийж байгааг харахад сэтгэл сэргэнэ. Харин танай хотод утаа, тортог, чимээ шуугиан гээд хэцүү байх юм.

-Хотод ирээд удаа ч үгүй нутгаа санаад эхэлсэн үү. Танай Улаан тайгын бүсэд ямар газар хамаарагдаж байна вэ?

-Амгалан амьдрал, сайхан агаар миний нутагт л байгаа мэт санагдана. Дүнсгэр ой, бүсэлхийгээр татсан цас, цаа бугын сүрэг гээд үгээр хэлэх аргагүй үзэсгэлэн тэнд л байдаг.  Хорьдол сарьдаг, Тэнгис Хишигтийн байгалийн цогцолбор, Улаан тайгын дархан цаазат газар гээд гурван газрыг хамран байгаль хамгаалах  үйл хэргээ хэрэгжүүлж байна.  Монгол орны хоймор болох Хөвсгөлийн хойд хэсгийг бүхэлд нь хамардаг.

-Цаатан иргэдийн өлгий нутагт олон цаатан бий юу. Тэдний аж амьдрал ямар байна вэ?

-Тэнгис Хишигтийн байгалийн цогцолбор газарт хоёр отог цаатан иргэн байна. Бид байгалиа хамгаалахын зэрэгцээ цаатан иргэдийнхээ өв соёлыг хамгаалдаг. Мөн тайгад амьдардаг иргэдээ дэмжих тэднийг ахуйн соёлыг нь үлдээх бодлого баримталж байна. Нийт 1400 орчим цаа манай нутагт бий.  Энэ өвөл өнтэй сайхан болж байна.  Цаатан иргэд сар шинэтэйгээ золгохоор сэтгэл өндөр байгаа.

-Гурван томоохон газар нутгийг хамгаалдаг гэлээ. Нутгийн иргэд байгаль хамгаалах үйлсэд хэрхэн оролцож байна вэ. Төр иргэдээр нь байгаль хамгаалуулах бодлого баримталж буй?

-30 гаруй байгаль хамгаалагчийн хамт ажиллаж байна. Нэгэн үеэ бодвол иргэд байгаль дэлхийгээ хайрладаг болжээ. Энэ бидний өмч, бид зүй ёсоор хандах хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байна. Манай байгаль хамгаалагчид ч чамлахааргүй ажилладаг.  Өнгөрсөн жил дэлхий сөнөнө гээд хүмүүс бөөн юм болсон доо.  Тэр өдөр бид 1-2 метрийн зузаан цастай,  40-50 градусын хүйтэнд ажлаа хийж, хөл гараа хөлдөөх нь хөлдөөж баларч явлаа. Алтны нинжа нартай хэлэлцээр хийх гэж байсан санагдана. Тэр бүхэн санаанаас гардаггүй юм.

-Та нар 7000 нинжаг нутгаасаа гаргаж чадсан. Тэдэнтэй ямар аргаар тэмцсэн юм бэ?

-Жилийн өмнө манай нутаг байгаль дэлхий онгон дагшин байдлаа алдаж, байдал хэцүү байлаа. Алт гарч, хууль бус олборлогчид ёстой л дураараа дургисан даа. 40 гаруй лиценз олгогдсон байсан. Гэтэл УИХ-ын тогтоол гарч, бидний байгалиа хамгаалан авч үлдэх ажил эхэлсэн юм. Бидний зүгээс энэ газар нутаг Монголын ард түмний өмч, Монголд үлдэх ёстой гэсэн бодлогыг барьж ажилласан.  Нинжа нарт хандан “Та бүхэн тодорхой хэмжээний ашиг хувь хүртлээ. Одоо буух цаг чинь болсон. Энэ газрыг төр хамгаалалтдаа авлаа. Өмнөх авсан зүйлдээ баярлаж, үр хойчдоо үлдээ” гэсэн ухуулга сурталчилгааг хүмүүсийн тархинд хийсэн. Үүний хүчинд  80 гаруй хувь нь ухамсраараа гарч одсон. Харин үлдсэн нь хулгайгаар ухсаар байсан ч бид хүчний байгууллагуудтай хамтран гаргасан байгаа. Хамгийн сүүлийн нинжа өнгөрсөн дөрөвдүгээр сард гарлаа. Одоо бид зургаан газар хяналтын төв байгуулан ажиллаж байна. Хүн оруулахгүй, ухуулга, сурталчилгаа, замын тэмдэг тэмдэглэгээ, нөхөн сэргээлт хийж байна.

-Тэр үеийнхтэй харьцуулахад одоо байгаль дэлхий ямар байна вэ. Онгон дагшин байдал сэргэж байна уу?

-Байгалийн өнгө аяс сайхан байна. Сөнөж сөгдсөн зүйл алга. Байгалийн өөрийгөө нөхөн сэргээх чадвар үнэхээр гайхамшигтай. Нинжа нар гурван газар сүйтгэсэн. Ой, газрын хөрс, голын гольдролыг сүйтгэсэн байсан. Үүнийг цэвэрлэлээ. 680 гаруй мянган архины жил, 80 орчим тонн гялгар уут гарсан. Аймшигтай тоо байгаа биз. Хэрэв бид байгаль дэлхийтэйгээ өнөөг хүртэл ингэж хандсан бол гарах хор уршгийг одоо тоолж баршгүй юм. Ногоон гол маань тэр үед хөх өнгөөр урсаж байлаа. Сэтгэл өвдмөөр дүр зураг үгүй болсонд баярлаж байна. Одоо 10 жилийн дараа гэхэд алтны нинжа, олборлолт байгаагүй мэт бүр сайхан болно. Ямар ч унаа явдаггүй. Зөвхөн цаагаар явдаг бөглүү ойд алт олборлогчид бүгсэн байсан.

-Байгаль дэлхий сэргээд танай нутаг сайхан болж байна гэдгийг ойлголоо.  Ховор ан амьтдын тухайд танай нутагт хэр төлжиж байна вэ?

-Миний нутаг унаган төрхөөрөө үлдсэн цөөн газрын нэг. Гэхдээ бас хэд хэдэн асуудал бий. Байгалийн нөөц баялаг, амьтны аймгийн төрөл зүйл Монгол орны хэмжээнд муудсан. Их тайгад ч энэ зүйл мэдрэгдэж байна.  Манай ард түмэн дээр үеэс ан гөрөө хийдэг байлаа. Үүнээс үүдэн зарим нь устах аюулд орсон. Хүдэр Монголд 40 гаруй мянга байсан. Хөвсгөл 20 гаруй мянган хүдэртэй байсан үе бий. Гэтэл өнөөдөр 400 хүрэхгүй үлдээд байна.  Саяхан гэхэд энд хууль бус ангийн хоёр хэрэг гарсан. Хандгай алсан хүмүүсийг бид барьж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Тиймээс ховор болон нэн ховор ан амьтдаа хамгаалах тэднийг эзэнтэй болгох бодлого дутагдаж байна гэж харах юм.

-Цаатангуудын өв соёлыг давхар хамгаалдаг тухай та хэлсэн. Тэдний байдал ямар байгаа вэ?

-Хөвсгөлийн тайгын үнэт зүйлсийн нэг нь цаатангууд юм.  Тэд минь цаа бугаа өсгөн үржүүлж, ахуй соёлоо авч үлдэж байна. Гэхдээ залуусынх нь ихэнх хэсэг сургууль соёлын мөр хөөж байна. Үүнд хөгшчүүд нь жаахан дурамжхан байдаг шүү. Арга ч үгүй. Цаа буга, хөвч тайга нь эзгүйрэх вий гэсэн бодолтой байдаг болов уу.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.