“Чингис” архины хоосон шил ба Эх орон

chinggis_200_200Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Ли хэмээх эртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, хуучин цагийн цэнхэр шошготой “Чингис” архи гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би хэзээ хятад дуу мэддэг болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу “Арван тавны сар”-ыг хятдаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ.

Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан “Чингис” архины хоосорсон шил ч бас байлаа.

Гэнэт Ли маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос “Чингис” архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одов.

Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ.

Тэгэхнээ нь хятадаас Тайванд Чан Кай Шиг даган дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. “Би Чахар Монгол, ах, найзаа” гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь, итгэл бишрэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр “Чингис” архины хог болсон хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

Монголд бол Их хааны маань нэр, хөрөг бүхий архины шил хогоор нэг хөглөрсөөр, бид хогтойгоо хутгаж, Их хааныхаа хөргөн дээгүүр нь гишгэлж, нүүрэн дээр нь чулуу, цементээр цохилон хагална, нулимна, дотор нь элдвийн борихыг хийнэ, үл тооно, үл хүндэтгэнэ. Их хааныхаа нэртэй хатуу архи уугаад согтоно, зодолдоно, хутгална. “Би Чингисийн монгол байна” хэмээн цээжээ дэлдэн бархирна. Ямар гээчийн алдас, ёс бус явдал вэ?

Литай анх уулзаж танилцахад намайг Монгол Улсаас ирсэн гэхээр гарыг маань удаан барьж, баярлан талархаж, дахин дахин тонголзож байсансан.
Энэ бүхнийг бодохоор тэр нэгэн үдэш монгол хэл ч үгүй, зүс ч үгүй болчихсон ч Их хааныхаа хөрөгтэй хоосон шилийг цээжиндээ наагаад гарч одсон Ли хэмээх өнөөх Хятадын Тайванаас ирсэн эрийн өмнө “Би Чингис хааны гал голомтийг авч яваа Монгол Улсын иргэн” гэж нүүр бардам хэлэх ёс суртахууны эрхтэй байсандаа ихэд эргэлзэж, эмзэглэх аж.

Ингэхэд ер тусгаар тогтнол гэдэг маань угтаа хүний сэтгэл зүрхний угт, итгэл бишрэл, хүндлэл бахархал болон оршиж байдаг бус уу?

Б.Номинчимэд
2005 оны 10 сар. Блүүмингтон

Чингис гутлын алчуур, Чингис архи, Чингис хивс, Чингис тамхи, Чингис тамхины асаагуур, Чингис хөзөр, Чингис гялгар уут, Чингис түлхүүрийн хайрцаг, Чингис хайрцаг, ЧИнгис зочид буудал, Чингис нисэх буудал, Чингис аймгийн төв, ЧИнгис талбай, Чингис бонд …. Чингис, Чингис …

… Үндэстнийхээ эцэг , оюун санааны тулгуур болох энэ их хүндээ бид жаахан ч болсон хүндэтгэлтэй хандах юмсан даа.
Одоо тэр онгоцны буудал, талбай энэ тэр нь дүүрсэн хэрэг, /уг нь эрээний бараа шиг ингэж аяглах нь дэмий л юм/ харин тэр тамхи архины нэрээс л Их хаанаа ЧӨЛӨӨЛЧИХМӨӨР байх юм, МОНГОЛ ТҮМЭЭЭЭН.

Хэдхээн архины үйлдвэрийн эздийн эрх ашиг нийт үндэстний оюун санааны үнэлэмж, нэр төр, түүхэн дурсамжаас ийм их хүчтэй юм гэж үү???

http://dayarmongol.com


URL:

Сэтгэгдэл бичих