СЭРЭМЖЛҮҮЛЭГ

dangerzone1Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэн, амбулаторийн үзлэгийн 12 хувийг эзэлж, томуугийн А хүрээний Н3N2, В вирүсүүд хүн амын дунд эргэлтэнд орсон байна. Түүнчлэн 2013 оны 3 дугаар сард БНХАУ-д бүртгэгдсэн томуугийн А хүрээний Н7N9 вирүст халдварын хүний өвчлөл 2014 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 241 тохиолдол болж, тэдгээрийн 53 (22%)  нас бараад байна. Уг халдвар нь  БНХАУ-ын Бээжин, өмнөд хэсгийн Шанхай, Анхуй, Жангсу, Гуандун, Фужиан, Жэжиан, Шэнжэн, Янжиан, Фожан, Шижоу  зэрэг хот, мужуудаас  гадна Тайвань, Гонконгт бүртгэгдээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлан гаргасан Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн үнэлгээгээр уг халдварыг ховор, гэнэтийн, нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй гэж үзэн, гишүүн  улс орнууддаа  шалтгаан тодорхой бус амьсгалын замын халдвар, томуугийн тандалтыг эрчимжүүлэхийг зөвлөж байна. Иймд БНХАУ-аас хил нэвтрэн зорчигчдод болон хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа  тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас харъяа  газар, алба, хэлтсийн дарга нарт хяналт шалгалтыг өндөрсгөх дараахь үүргийг өгөн ажиллаж байна.

Үүнд:

Нэг. Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүд Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын халууныг хэмжих, сэжигтэй тохиолдол илэрвэл тэдгээрээс дэлгэрэнгүй асуумж судалгаа авах;

Хоёр. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд бүрэн хамруулж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллах;

Гурав. Импортоор орж буй шувуу, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд  тавих хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгах;

Дөрөв. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгах;

Тав. Иргэд, хилийн боомтоор зорчигчдод шинэ халдварын талаар  бодитой мэдээлэл, зөвлөмж  сэрэмжлүүлэг хийх, халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд ( утас:100,455388) болон МХЕГ-т ( утас: 264786, 263150, 263642, 264342 ) шуурхай мэдээлэх;

Зургаа. Шинэ халдварын талаарх цаг үеийн мэдээллийг байгууллагын болон Томуугийн үндэсний төв /www.flu.mn/, Эрүүл мэндийн яам /www.moh.mn/, бусад холбогдох цахим хаягаар тогтмол авч, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах зэрэг болно.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих