С.Берлускони: Би хэзээ ч мөнгө төлж хүүхнүүдтэй унтаж байсангүй

Н.МӨНХЖИН

Италийн Ерөнхий сайд асан, 77 настай Сильвио Берлускони насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, шүүх цагдаадаа хүрээд байгаа билээ. Тэрээр “Энэ бүгд гүтгэлэг. Шүүгч, улстөрчдийн өшөө авах гэсэн хуйвалдаан” хэмээн мэдэгдсээр байгаа юм. “Sunday Times” сонины сэтгүүлч Жон Фоллайн Италийн Ерөнхий сайд асантай уулзаж ярилцжээ.

 

-Сайн байна уу, дон Берлускони! Таны бие тэнхээ данги уу?

-Сайн сайн. Халаасанд минь нар мандсан хэвээр байна. Би чинь их өөдрөг сэтгэлтэй хүн шүү дээ.

-Таны эсрэг үүсгэсэн хэргүүд юу болж байна вэ?

-Явж л байна. Зүүний хүчнийхэнд саад болж буй ганц бул хар чулуу нь би юм байх. Улс төр, шүүхийнхний хуйвалдаан, өшөө авалтын эсрэг би ганцаараа зогсож байна. Их ч цаг зав, мөнгөө үрж байна. Сүүлийн 20 жилд шүүхийн зүгээс миний эсрэг 150 хэрэг үүсгэсэн.

-Яагаад таны эсрэг хуйвалдсан гэж?

-Үндэсний авиа компани Alitalia француудын гарт очихоос сэргийлж аварч байлаа. Лакила хотод (Италийн төвийн) газар хөдлөхөд 30 мянган хүмүүст зориулж шинэ орон сууц барьсан. 2009 оны эцсээр миний нэр хүнд 75.3 хувьд хүрсэн. Зүүний хүчнийхэн үүнээс ихэд айж, миний эсрэг дайныг эхлүүлсэн дээ.

-“Бунга бунга” хэмээх цэнгүүний талаар үлгэр домог шиг юм яригддаг. Тэр ер нь юу байсан юм бэ?

-Телевизэд ажилладаг байсан Эмилио Феде гэдэг найз минь хөөрхөн хүүхнүүдийг цуглуулж, сайхан ярилцаж сууя гэсэн санаа гаргасан юм. Би өдөр шөнөгүй, хагас, бүтэн сайнгүй ажилладаг байлаа, галзуурсан юм шиг л. Федегийн санаа надад таалагдсан. Би дуулж хуурдаж, улс төр, эсвэл хөлбөмбөгийн талаар ярилцаж суух дуртай. Сайхан хов жив яриад суух сайхан л байдаг биз дээ. Би тэр үед, цалин, орлого ч сайтай байсан. Тэдгээр хүүхнүүд мөнгөөр туслаач гэж хүсэлт гаргасан.  Тэгээд л би мөнгө өгсөн юм. Зүгээр л мөнгө өгсөн. Би хэзээ ч мөнгө төлж хүүхнүүдтэй унтаж байгаагүй. Тэгэх шаардлага ч надад байгаагүй.

-Руби гээд нэг хүүхний нэр байнга сонсогдож байсан даа…?

-Уригдсан зочдын дунд насанд хүрээгүй охин яагаад ороод ирснийг би мэдэхгүй. Хэн авчирсныг нь ч мэдэж чадаагүй. Гэхдээ би түүнтэй яриа өрнүүлсэн л дээ. Тэр египет гаралтай, ээж минь Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хамаатан гэж ярьж байсан. Руби католик шашин сонгосон учир аав ээж нь хаясан, аав нь бүр уурлаад халуун тос цацаж байсан гэсэн. Тэр шархаа хүртэл надад үзүүлж байсан. Тэр өөрийгөө 24 настай гэж байсан, тэрэнд нь ч итгэсэн. Ярьж байгаа, байж байгааг нь харахад 17 настай гэж огт төсөөлөгдөхгүй байсан. Бидний  хооронд иймэрхүү яриа л өрнөж байсан. Дараа нь арга хэмжээн дээр хэд хэдэн удаа харагдаж байсан. Би түүнийг хэзээ ч урьж авчирч байгаагүй. Тэр нэг удаа үс арилгадаг гоо сайхны төхөөрөмжийн жагсаалт үзүүлсэн юм. 54-57 мянган еврогийн үнэтэй. Тэгээд “Би энэ төхөөрөмжийг худалдаад авчихвал Миланд байдаг нэгэн гоо сайхны салоны 50 хувийг эзэмших гээд байна. Та мөнгө зээлээч, би дараа нь олсон орлогоороо таны мөнгийг эргүүлээд өгнө” гэсэн. Би тэр төхөөрөмжөөр ашиг олно гэдэгт итгээгүй. Тэгээд зүгээр л “За яахав” гэж бодоод мөнгө өгчихсөн юм. Зүгээр л сайхан сэтгэл гаргасан, өрөвдсөн гэх юм уу даа. Тэр хүүхэн миний сэтгэлийг хэзээ ч татаж байгаагүй. Энэ явдлаас болж намайг дэлхий даяараа мөн ч их муулсан даа. Нэгдүгээрт, тэр хүүхэн надтай сексийн харилцаанд хэзээ ч орж байгаагүй гэдгээ үргэлж хэлдэг. Хоёрдугаарт, үргэлж л 24 настай гэдэг байсан. Гуравдугаарт, шүүхийнхний яриад байгаа шиг юм болсон гэж үзэх ямар ч үндэслэл, нотолгоо байхгүй. Ингээд л гүйцээ. Харамсалтай нь миний улс төрийн дайснууд намайг л буруутгахаар зүтгээд байдаг юм.

-Таныг мөнгө угаасан, луйвар хийсэн хэмээн ял оноогоод байгаа. Тэр юу болж байна вэ?

-Тэр шийдвэр дөрөвдүгээр сард хэрэгжинэ гэж шүүхээс заасан байгаа. Тэр болтол Италийн Ерөнхийлөгч Жоржио Наполитано намайг өршөөх байлгүй. Эсвэл давж заалдах шатны шүүх намайг цагаатгана гэж найдаж байна. Мөн энэ ялыг Европын хүний эрхийн шүүхэд давж заалдсан байгаа. Би улс төрд эргэж ирнэ. Зүүний хүчнийхэнд бүх юмыг найр тавиад орхиж болохгүй.

-Дэлхийн улс төрийн талаар ямар бодолтой байгааг тань сонирхмоор санагдлаа?

-Улс орнууд нэгдэж, нэг бодлоготой байх хэрэгтэй. Одоо Барак Обамад Европт найз алга. Европ ямар санаа бодолтой байгааг Обама мэдэхийг хүсвэл түүнд утасдаад асуучих хүн алга. Мөн улс орнууд нэгдсэн батлан хамгаалах хүчинтэй байх ёстой. Нэг нь арми, нөгөө нь агаарын хүчин, гурав дахь нь явган цэрэгтэй байх гэх мэт. Тэгвэл бид зардлаа 50 хувь бууруулж, хамтдаа цэргийн томоохон хүчийг бий болгож чадна.

-Та дэлхийн лидерүүдээс хэнтэй нь дотно нөхөрлөдөг вэ?

-Үнэлж хүндэтгэдэг найз нөхөд бас байна аа. Тони Блэр, түүний гэргий Шери нартай зузаан найз. Тэд нэг зуныг Серденья дахь далайн эргийн эдлэнд минь өнгөрөөж байсан. Одоо Европын хаа нэгтэй таарч, уулзаж л байдаг. Путин бол гарамгай удирдагч. Шийдвэр гаргах, удирдах тал дээр ярих юм байхгүй шилдэг нь. Түүний геополитик, геостратегийн бодлогыг би биширдэг. Бид уулзаж, ярилцаж чадахгүй л байна.

-Шүүхээс таны паспортыг хураасан гэл үү?

-Тэд юу гэж бодсон юм бол. Намайг бүх юмаа орхиод зугтчихна гэж бодсон юм болов уу. Би Италиас хаашаа холдохов дээ, тийм үү?

-Таны хүүхдүүд сайн биз дээ. Бага охин Барбара тань (29 настай) хөлбөмбөгийн АС Милан багийн ерөнхийлөгч болно гэж үнэн үү?

-Надад таван сайхан хүүхэд байна, би азтай хүн. Би тэднээрээ бахархдаг. Тэд өөрсдөө ирээдүйгээ шийднэ биз. Гагцхүү надад тохиолдсон шиг ичгүүргүй, аймаар мөрдлөг, хавчлагад битгий ороосой л гэж хүсч байна. Одоо Франческа л (Берлусконийн шинэ хайр) надад тайвшрал, амар амгаланг авчирч байна. Тэр надад хайртай. Бидний харилцаа их бат бөх. Бусдын санаа бодол, хайр сэтгэл хэзээ үнэнч, энгийн байдгийг би мэднэ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих