Боловсрол, Шинжлэх ухаанд толгой хэрэгтэй

527-1391591301fa47f99fc1807d4bigАрдчилсан төр боолгүй байдаг.  Ухаалаг төр   эвэргүй байдаг

Ардчилсан төр боолгүй байдаг. Ухаалаг төр эвэргүй байдаг. 1. Өнгөрсөн зуунд монголчууд бүх нийтээрээ боловсорсон нь том амжилт мөн. Гэхдээ бас бодох зүйл байжээ. Нийгмийг ажилчин тэргүүлнэ, сэхээтнүүд бол анги биш давхарга төдий зүйл, толгой тархи чухал биш, гол нь өдөр шөнөгүй ажилладаг их бие чухал, их биеийг холоос марксизмээр удирдана гэсэн мугуйд хатуу зарчим эцэстээ монголд толгойгүй боловсролыг цогцлоожээ. Толгойн үүргийг гаднаас нь НАМ гүйцэтгэснээр үзэл сурталжсан боловсрол болсон. Энэ боловсролыг хүнээр зүйрлэвэл их бие мэт. Толгойгүй болохоор нэг тийм сааралдуу, өнгийн ялгаралгүй, бүгдээрээ холилдсон шавар зуурмаг. Юм юман дээр “ толгойгүй боловсролын бүтээгдэхүүн толгойгүй байдаг “ нь харагдана. Хүн бүр уншдаг, бичдэг, мэддэг, хэлэлцдэг юм шиг атлаа яг үнэндээ бол тийм биш байж. Ухаан уралдуулахын оронд үг уралдуулна, мэдлэг уралдуулахын оронд морь уралдуулна, санаа барилдуулахын оронд бөх барилдуулна. Хүмүүс намыг харна, даргыг харна, өөрийнхөө толгойг үл харна, оюун ухаан гэхээр цаашаа харна.

 

Олон түмний орог саарал боловсрол. 2. Монгол хүн том лоозогноно, ойролцоодуу онолдоно, бүдүүн тойм хуульчилна. Энэ бол мэдэхгүйн шинж, яагаад гэвэл, мэдлэг ямагт тов тодорхой байдаг. Бид мэддэг гэж өөрийгөө боддог байсан, гэтэл үнэндээ бараг мэддэггүй байжээ. Манайд ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр ерөнхий ярьж, бусад нь тодорхой үйлдмээр байх юм, гэтэл бүгдээрээ ерөнхий сэтгэж, ерөнхий ярина, үйлдэх нь бараг үгүй. Тунгаан бодож онож торгон сэтгэх нь нүдний гэм боллоо. Олон түмний боловсрол нь ерөнхий тойм төдий мохоо болхи сэтгэлгээний оромж ажгуу. Ерөнхий боловсрол бидний оюун сэтгэлгээг ерөнхийд нь алжээ. 3. Буруу, дутуу, бүдүүвчилж мэдэх нь огт мэдэхгүйгээсээ илүү хорлонтой байдаг. Монголчууд мод чулуу овоолж, бөө ламд мөргөж, далд ухааныг “ хөгжүүлж “ байна. Лам багштай улс төрчид олширсоор сүүлдээ улс төрчид маань өөрсдөө бөө зайран болж эхэллээ,….сонирхуулахад, лам багштай академич, удган доктор таарна. 4. Монголын боловсрол бүх шатандаа оюун ухаанд талгүй бөгөөд ялангуяа хөвгүүдэд гойд халтай, хүүхдийн сэтгэлгээний дөнгөж 20 % -г идэвхижүүлж байгааг IQ төвийн судалгаа 2002 онд илрүүлсэн, дараа нь олон улсын ТМИСС-н удаа дараагийн судалгаа давхар нотлов. Манай боловсрол тэнгэрээс заяат төрсөн эрүүл монгол хүүхдийг албан журмаар тэнэг болгон боловсруулж байна. Харамсавч баршгүй. Оюун ухааны эсрэг харсан боловсрол мэдлэг бүтээгчийг төрүүлэх чадваргүй бөгөөд тэрээр бүтээлч бус шинжтэй, өөрчлөлт шинэчлэлийг сөрөх язгуур араншинтай байдаг. Дундчуудад таарсан дундуур боловсрол ийм байх нь ч зүй. Гэтэл өнөөдөр шинэ мэдлэг бүтээгч, шинэчлэлийг дэмжигч онцгой үнэд оров. Манай боловсрол монголын хөгжлийг дэмжих чадваргүй болоод байгаа төдийгүй монгол менталитетийн сул талуудад дэм болсоор. ГОЛ АЮУЛ энэ юм. 5. Манай боловсролын хууль, ялангуяа дээд боловсролын хуулийн заалтууд нь хэт ерөнхий учраас хааш нь яаж ч гуйвуулж болдог онцлогтой.

 

Молхи, толхи хуулийн жишээ энэ. Тодорхой яръя, өдгөө хувийн гэх тодотголтой сургуулиудын өмч нь хэний өмч болох талаар тодорхой бус байдал үүсээд буй. Хууль эхлээд өмчийн асуудлыг нэг мөр шийдэх учиртай бус уу. 2002 онд УИХ –н хэсэг гишүүдийн шахалтаар боловсролын хуулинд “ Төрийн бус өмчийн сургуулийн өмч нь үүсгэн байгуулагчийн өмч байна “ гэсэн нэмэлтийг оруулах шахсан. Төрийн бус өмчийг хууль бусаар хувийн өмч болгох дөхөв. 2007 онд би вээр энэ асуудлыг сөхөж, төрийн бус өмчийн сургуулийн хуулийг БНСУ-ын жишгээр бэлтгэж нилээд хөөцөлдсөн. Ерөнхийлөгч дэмжсээн,.. даанч УИХ хөдлөөгүй, захирлууд эсэргүүцсэн, дээр нь БСШУЯ бас дуугараагүй, учир нь манай дарга нар бараг бүгдээрээ хувийн их дээд сургуультай байв. 6. Одоо яахав?. Юуны өмнө дээд боловсролын хууль, улмаар боловсролын хуулийг барууны өндөр хөгжилтэй орнуудын жишигрүү шилжүүлж, өмчийн асуудлыг нэг мөр цэгцэлж, олон түмний өмчийн сургуулийн сонгодог тогтолцооруу оръё. Шинэ хуулиар сургуулийн үүсгэн байгуулагч, өмч хоёр салж холдох учиртай. Хэрэвзээ, салахгүй гэвэл төрийн бус өмчийн сургууль биш, ашгийн төлөөх компани болог. Үндсэн хуулиар төрийн бус өмч нь олон нийтийн өмч билээ. Иймд өмчийн энэ хэлбэрийн сургуулийг хэрхэн зохион байгуулах заалтуудыг хуулиндаа тодорхой оруулмаар байна. Ерөөсөө олон нийтийн өмчийн ( нэг хэлбэр нь төрийн бус өмч юм ) сургууль байгуулах нь ашгийн төлөө бус, буяны ажил болохыг хатуу хуульчилъя. Ингэвэл, сургуулиуд нэгдэж, цацагдсан оюуны нөөц бөөгнөрнө. 7. Энэ зуунд хөгжлийн парадигм, оюунруу эргэж, нийгмийн үнэт зүйлс шинэчлэгдэж байна. Үйлдвэрлэлийн үе болох 20 –р зуунд ажилчин ангийг түшиж байсан бол эдүгээ оюуны өндөр чадвартай цөөнхдөө найдна. Яс булчингийн томыг бус , оюун сэтгэлгээний саруулыг шүтнэ. Чингис хааны “ Сээр нуруундаа бядтан нэгэн үедээ алдаршина, сэтгэл оюундаа бядтан түмэн үедээ алдаршина “гэсэн захиас бидэнд юу г эс бодогдуулна вэ ?. Хүн мал хоёрын үндсэн ялгаа нь IQ бөлгөө. Жич. IQ – г их хааныхаа үгээр оюуны бяд гэж хэлж, бичиж заншицгаая. 8. Үйлдвэрлэл дагасан ажилчин ангийн яс булчин нь томровч гавал дух нь жижигрэнэ. Утга зохиолын нэршил нь, Хавчиг духтнууд . Үг хэл гаргадаггүй, илжиг мэт зүтгэдэг, хавчиг духтай пролетари ангийг коммунистууд овжин ашигласан даа,… эцэст нь нийгмээ сүйтгээд өөрсдөө дашийн шог болов оо. Хавчиг духтнуудын харалган боловсролд Гитлер, Сталин хоёр л хайртай байжихуй. Парадигмийн энэ алдааг засъя гэхээр эсэргүүцдэг дарга манайд олон, учир нь энэ гажиг дарга ангид ээлтэй юм. Монголын коммунист сэтгэлгээтэй дарга нар араасаа оюунтан төрөхөөс үхтэлээ айдаг, тэндээ даргаараа мөнхрөх бодолтой хүмүүс дээ. 9. Эдүгээ оюунлаг хүмүүсийг бүтээгч анги гэх боллоо.

 

Тэдний толгой том, дух өргөн. Бодож сэтгэдэг хүмүүс аажимдаа ийм болдог байна. Нэр нь Когнитариат, Меритократ . Нэршил нь, Тэнүүн духтнууд. Тэд мэдээллийг мэдлэг болгох төдийгүй оюунаараа шинэ мэдлэг бүтээгээд түүнийгээ дэлхий даяар зарна. Мэдлэг бүтээгчид болой. Нэрлэ гэвэл, Билл Гейтс, Стивэн Жобс, Марк Зүкэрбэрг,.. гэх мэт. Эдүгээ шинэ мэдлэг ихэд үнэд оров, уг нь монголд мэдлэгийн наймаа их зохихсон, даан ч бид аргаа нэг л олдоггүй ээ. Хавчиг духтнуудын үе өнгөрч, өргөн духтай, өндөр оюунтай, жинхэнэ мэдлэгтэй Когнитариат – Меритократууд оройлох үе ойртлоо. 10. Улс орнууд хүн амынхаа 2,5 – 3,0 % -г төрөлхийн гоц өндөр оюун билигтэй гэж хуульчлан дэмждэг жишгийг баримжаалбал, монголд төрөлхийн өндөр IQ –тэй хүний тоо 90000 хүрнэ. Монголчууд оюуны төрөлхийн өндөр чадавхиараа дэлхийд гайхуулдаг гэвэл энэ тоо 100000 хол давна. Бага биш нөөц. Онцгой нөөц. Оюу толгойтой зүйрлэмгүй нөөц. Энэ л бидний ганц туйлын давуу тал билээ. Гэтэл өнөөдөр лавтайяа өндөр IQ –тэй 20000 сурагч оюутан хичээл багш сургуулиа голон хий хоосон гиюүрч, шүлэг – дуу – бөх – спорт төдийгөөр өөрийгөө аргалж байна. Оюун тархи нь хөгжих, бүтээх гээд дотроос нь оргилоод шаардаад байдаг, гэтэл толгойг нь баахан дүрэм журмаар хүлчихсэн, өндийлгөх нь үгүй. 11. Манай их сургуулиуд нь дундуур мэдлэгтэй дууриагсад, хуурамч боловсролтой хуулагчдын бөөгнөрдөг “ сахалтай хүүхдийн цэцэрлэг “ боллоо. Дууриах, хуулах нь хоцорсон хүний хийдэг ажил. Тэд бодох, сэтгэхдээ дургүй. Тэд бэлэнчлэгчид. Ингэхлээр, дээд боловсрол маань хоцрогсодыг, бэлэнчлэх сэтгэлгээтнийг бөөнддөг үйлдвэрийн газар мэт. Энэ нь монголын хөгжлийг саатуулах том хүчин зүйл. Манай боловсрол хоцрогдсон төдийгүй хортой болжээ. Ийм үед бусдаасаа товойн ялгарах ганц л зам үлдэнэ, тэр бол АРГА ЗАЛЬ. Үүнийг жич баримт түшин хэлэлцье. 12. Монголд оюуны хөгжлийн бэрхшээлтэй цөөнхөө харж ханддаг хуулийн энэрэнгүй заалтууд байх аж. Энэ зөв. Гэтэл монголд ухаан илүү төрсөн юмуу оюуны өндөр чадвартай цөөнхөө дэмждэг хууль эрх зүйн орчин алга. БШУЯ –с дэвшүүлсэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилго нь билиг авъяастай хүүхдийн тухайд төрмөл чадамжид нь тулгуурлан түрүүлж хөгжүүлэх боломжийг нээх ирээдүйтэй юм.

 

13. Нэн даруй боловсролоо толгойтой болгоё. Олон түмний боловсролыг яаж ч додомдоод тусгай хуульгүй бол толгой ургахгүй. Иймд “ Билиг авъяастай суралцагчийн хууль “ –г яаралтай боловсруулъя. Ядаж л боловсролын хуулинд нэг томоохон бүлэг оруулъя. 2008 онд би вээр энэ чиглэлээр хуулийн төсөл бэлтгээд төрийн түшээд, БСШУЯ- ийг гуйсан боловч МАНАН татаад дашийн шог болсон. Дэлхийн 80 гаруй орон ийм “ толгой “ хуультай. Хуулиа хэрэгжүүлдэг оньс нь маш хатуу. ОХУ –д Москвагийн ойролцоо Королев нэртэй билиг авъяастай сурагчдын тусгай нууц хот байна. БНСУ –д билиг авъяастай хүүхдийн анги,бүлэг, ахлах сургууль, хотхон –парк, өндөр технологийн их сургууль бий. БНХАУ –д “ Шинэ зууны 1000000 авъяастан “ , “ Билиг авъяасын 100 хөтөлбөр “, “ Дээд эрэмбийн инновацийн авъяастаны төлөвлөгөө “ –г хэрэгжүүлж байна. “ Онцгой Авъяасыг Дэмжих Шинэ Хөтөлбөр “ ийн хүрээнд гоц өндөр IQ –тэй 1000 хүүхдийг тусгай шалгуураар сонгон олоод хичээллүүлж эхэллээ. China. China s Science,Technology and Education. China intercontinental press. Executive Editor Gao Lei 2010. 14. Зах зээлийн жишгээр, шинжлэх ухааны толгой нь эрдэмтдийн ROYAL нийхэмлэг, цээж нь их сургуулиуд байдаг. Монголд ийм толгой нийхэмлэг байхгүй. Аль 1993 -1994 онд НҮХХ –ийн мэргэжилтнүүдийн хоёр баг монголд ирж, энэ асуудлыг судлаад “ ШУА –н үүрэг зорилгыг өөрчилж, түүнийг эрдэмтдийн толгой нийхэмлэг –хүндэтгэлийн академи “ болгохыг зөвлөжээ. Энэхүү онц чухал баримт бичгийг нуун дарж, монголын хөгжлийг 20 жил албадан саатуулсан онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн жил илэрлээ. ШУА –н ерөнхийлөгч Б.Ширэндэв, Н. Содном нар “ ШУА нэг талаасаа яам, нөгөө талаасаа нийгэмлэг мэт хоёрдмол болчихоод байна, …ШУА харъяандаа хүрээлэнтэй байгаа нь буруу, …эрдэмтдийн нийхэмлэг болох ёстой,..дэлхийн жишиг тийм “ гэжээ. БШУЯ, ШУА,МУИС. Үйлс нь мөнхөрсөн эрдэмтэн. УБ. 2013 он. 135 дахь талд. 15. Эдүгээ Мон ШУА –н өмч ба статусыг хэн ч мэддэггүй. Мон ШУА –н суурь нь марксизм байсан. Марксизм ОЮУН –ыг үзэн яддаг. Анхнаасаа ШУА –н суурь нь хазгай өрөгдсөн, бид түүнийг нь улам бантагнуулсан. Нурж буй Мон ШУА -с чөлөөтэй сэтгэдэг, оюуныг эрхэмлэдэг хүмүүс дөлөн холджээ. Мон ШУА дэлхий дээрхи Сталинч ШУА –н сүүлчийн 3 цайзын нэг нь болоод байна. Нөгөөх хоёр нь, мэдээж, Хойт Солонгос ба Кубын ШУА 16. Мон ШУА –г өөгшүүлэгч нь ТӨР. Монголын ТӨР эрдэмтдийгээ ялган сортлоно , олон цол хэргэмтэй, захирал дарга мяндагтай, залууст нөлөөтэй хөгшчүүдийг нь уургалж, энгэрт нь Улсын Ерөнхийлөгч маань Академич гэдэг тэмдэг зүүж , онц эрхийн тусгай диплом гардуулна. Бас болоогүй ээ, мөнгөөр тэднийгээ худалдаад авчихсан, нэг академичид жилд 6 сая төгрөг төлж амыг нь барина. Эрдэмтнээ манкурт боол болгон толгойг нь тэмээний ширээр ийнхүү ширлэжээ. Харамсалтай яа. Толгойгоо ширлүүлээгүй бусад эрдэмтэд бол хэн ч биш, тэд хог новш мэт. Эрдмийн хамт олныг Ерөнхий сайдын батламжилсан ясны коммунист араншинтай хөлсний бүлэг академич харгалзан манадаг. Тэд жилд 2 тэрбум төгрөгийг үрж зугаацдаг, үүнийг хэн ч хэзээ ч хянаж байгаагүй. Н.С. Хрущевын “ Чөтгөрөн толгойт “, В. В. Жириновскийн “ Ард түмний нуруунд шигдсэн хувалз “ гэж Орос ШУА –г оношилсон үг Мон ШУА -н дарга, захирлуудад хамаарахгүй гэж үү ?. Тэд эрдмийн хамт олныг бүлэглэлүүдэд задлан хувааж, захирч хаанчладаг. Овгор нь АрХай –чууд. Докторууд төсөв, төсөлд оролцохын тулд “ Би Архангай аймагт төрөөгүй боловч өвөөгийн өвөөгийн өвөөгийн өвөө тэнд төрсөн бололтой, иймд,… “ гэхчлэн самуурдаг боллоо. Шившиг, Доог. 17. Суурь судалгаа үр дүнгүй байна. Үүнийг орхие. Үр нөлөө өгөх учиртай нь ШУТС -н төсөл. Гэтэл ШУТ –н сангаас хэрэгжүүлсэн төслүүд үр дүнгүй юмаа гэхэд ядаж тайлангаа ирүүлдэг баймаар, гэтэл дууссан атлаа тайлангаа ирүүлээгүй төслийн тоо 2008 онд 23 байсан бол 2009 онд 65, 2010 онд 109, 2011 онд 121 болж суга өсчээ. ШУТ –н сан. Мэдээлэл. 2012. 31 -51 талд. “. Жинхэнэ ТОП ЗАВХРАЛ болжээ. Сталинч энэ төр эрдэм ухааныг сүйрүүлж гүйцлээ. 18. Тоталитар- дарангуйлагч – сталинч төрийн үлдээсэн хар толбууд ( духнаас нь ургасан сэлмэн ЭВЭР , хамрыг нь бүрхсэн хар Мэнгэ ) манай одоогийн ардчилсан засгийн нэр, нүүрийг үнэнхүү гутааж байна. Үүний уршгаар жинхэнэ эрдэмтэй ухаалаг хүн энэ төрөөс нүүр буруулдаг боллоо. Эрдмийн хамт олны дотор шургуулсан САВРАА ТАТ, шинжлэх ухааныг сүйрүүлсэн АРГАА ХАЯ гэж энэ ёс зүйгүй, мулгуу ТӨР –с дээд боловсрол, шинжлэх ухааныхан хатуу шаардсаар байгаа билээ. Мунхаг – Дарангуйлагч төрийг Ухаалаг – Ардчилсан төрөөр солъё гэвэл шинжлэх ухааны хүрээнд тов тодорхой ажлаас , тухайлбал, эрдэмтдээ алагчлан ялгаварлаж, задлан буталдаг сталинч журмуудыг хүчингүй болгож, Royal ШУА –г байгуулахаас эхлэх учиртай. Ухаалаг төррүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч бас зүтгэх үүрэгтэй. 19. Сталинч төр оюун ухааныг алдаг, цөлдөг бол ардчилсан төр оюун ухааныг хайрладаг, хамгаалдаг. 21 -р зуунд оюунд ойртсон төр сэргэж, оюунаас дөлсөн төр сөнөх нигууртай. Хаа очиж, ардчилсан намынхан энэ талаар ээлтэй байгаа нь сайн хэрэг. Тэд сталинч төрөөс өвлүүлсэн эвэр туурайнаасаа салаасай билээ. Ухаалаг ТӨР эвэргүй байдаг. Одоогийн энэ ТӨР шинжлэх ухааны хүрээнд сталинч өмнөх төрөөс ч илүү сталинч болсоныг гайхаад баршгүй. Эрдэмтдийгээ алагчлан задлана, мөргөн тийрнэ, боолчлоно. Ийм ТӨР монголчуудад хэрэггүй ээ. Одоо манай ТӨР боолуудаасаа татгалзах ёстой, учир нь ардчилсан төр боолгүй байдаг. Иргэнээ, эрдэмтдээ ялгаварладаг төр бол хүмүүнлэг бус төр. Иргэний нийгэм хаачсан бэ ?. 20. Эдгээрийг эрэгцүүлвээс, манай боловсрол, шинжлэх ухааны бэрхшээл нь холоос угшилтай бөгөөд гол учир шалтгаан нь энэ хоёр салбар толгойгүйд орших ажээ. Толгойгүй шинжлэх ухаан, толгойгүй боловсролын аль нь ч бие даасан инстүүц биш, тэрээр тоталитар төрийн үнэнч БООЛУУД. Төр нь эвэртэй бөгөөд боолтой байхыг хүснэ, боол нь толгойгүй байхыг хүснэ, үр дүн нь шинжлэх ухаан дээд боловсролын ИХ ЗАВХРАЛ . 21. ИХ ЗАВХРАЛ –р нөхцөлдсөн ардчилсан засаглалын дампуурлыг хармааргүй байна. Ардчиллынхан АЛТАН БОЛОМЖ –г ашиглавал аврагдана, эс ашиглавал задрана. Цаг явсаар.

 

Энэ МУНХАГ ТӨР ардчиллыг авсалж байж л санаа амрах бий вий, тэгвээс УХААЛАГ ТӨР гэсэн нүдэнд үл харагдах хувцас ерөнхийлөгчдөө өмсгөж нүцгэлүүлж хөглөсөн тухай Андерсоны үлгэрийн монгол биелэл болох юм. 22. Оюуны эринд оюуныг толгойлогч хоёр салбар нь толгойгүй. Инноваци, судалгааны их сургууль, шинжлэх ухааны парк, ухаалаг ТӨР,…энэ бүгд толгойны ажил. Толгойгүй байж ХӨГЖИЛ ярих нь дэмий хэрэг. Толгойтой боловсрол, толгойтой шинжлэх ухаан бол ардчилсан нийгмийн түшиг анд нь, тэр тусмаа ухаалаг төрийн амин зүрх нь. Юуны өмнө төрөө зүрхтэй, ардчиллаа андтай болгоё. Тэгвэл эрдэмтэй бүхэн сэргэж, эрвийх дэрвийхээрээ хөдөлж, судалгаанд суурилсан ухаалаг төрийг цогцлоох шинэ ЗАГВАР МОДЕЛЬ –г босгох буй заа. Үгээс Үйлрүү,..Ярихаас Хийхрүү,…

 

Доктор, профессор, Монгол улсын гавъяат багш Ц.Дэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих