УИХ-д сонгогдох насыг 40 болгож, Ерөнхийлөгчийн засаглалтай болох тохироо хийгдэж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дордсон долоон өөрчлөлтийг хүчингүй болгох тухай асуудал олон жил яригдаж ирсэн ч улс төрийн намууд тохиролцолд хүрч чадалгүй асуудлаас ямагт зайлсхийж ирсэн. Тэгвэл эрх баригчид үндсэн хуулийг өөрчлөх ажлыг энэ онд шуурхайлахаар тохироонд хүрсэнийг эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ дордуулах уу? дэвшүүлэх үү? гэдэг асуудал нь маргаан дагуулахаар болоод байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг тогтоох ажлын хэсгийн гишүүн УИХ-ын дэд дарга Л.Цог чухам ямар өөрчлөлтүүд оруулахаар зэхэж байгаагаа хэвлэлээр ярьсан. Түүний хэлсэн ярьснаас хэд хэдэн зүйлийг онцлохгүй орхиж болохгүй юм.  Тухайлбал ажлын хэсгийн гишүүд парламентын хоёр танхимтай болох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуудлыг ярилцсан байна. Хэдийгээр ард түмний санал асуулгаар шийдье гэсэн байр суурийг түлхүү баримталж байгаа ч  УИХ-ын дэд даргын ярианаас Ерөнхийлөгчийн засагллыг дэмжих өнгө аяс түлхүү ажиглагдаж байлаа.

Тэрээр “Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгын дор дордсон долоон өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Үүнийг хийх боломжийг 2014 он олгоосой билээ гэж бодож байна гэж хэлсэн нь давхар дээлийг дан болгох, засаглалд дахин хуваарилалт хийх хүсэл байгааг илтгэсэн хэрэг явдал болж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насыг дахин бодолцох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Цаашлаад  “УИХ-ын гишүүний нас өнөөдөр 25. Энэ насны доод хязгаарыг өөрчлөх ёстой. Дөч хүрсэн эр, дөрөө тарсан ат гэж үг бий. Амьдралын туршлагатай, сайн мууг ялгах насны хүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах ёстой. Ялангуяа, бэл бэлчинтэй хүмүүсийн үр хүүхдүүд мөнгөний хүчээр УИХ-д орж ирдэг хандлага их байна. Энэ бол маш аюултай алхам”  гэж тэрээр дүгнэжээ. Үүнээс үзэхэд УИХ-д сонгогдох насны доод хязгаарыг 40 болгохоор эрх баригчид үгсэн тохиролцож байгаа нь бараг ил боллоо. Хэрэв Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг оруулбал УИХ-д залуусын эгнээгээр цус сэлбэгдэх боломжгүй болж ерөөд оны “буг” нар дахиад хориод жил улс орныг жолоодох болж байна.

Дээрх Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор гаргасан санал дүгнэлтээ удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх болсон байна. Ийнхүү энэ хаврын улс төрд Үндсэн хуулийг тойрсон томоохон маргаан мэтгэлцээн өрнөх бололтой. Хэдийгээр АН, Шударга ёс эвсэл дээр дээрх тохироонууд хийгдсэн ч МАН-ын оролцоогүйгээр Үндсэн хуульд гар хүрэх боломжгүй. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт нийт гишүүдийн 3/4- р батлагдаж хүчин төгөлдөр болдог. Харин МАХН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлт болоод, Засгийн газрын цаашдын хувь заяаны асуудлыг даргатайгаа зөвшилцөн шийдвэрлэхээр Сөүлийг зориод байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.