У.Барсболд, Н.Энхбаяр нарын зуучилсан “Хөшөөт” буюу 400 сая долларын дэнчин

Oil_sands_open_pit_mining

Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн орд олны анхаарлын төвд ороод удаж байна. Энд Таван толгойн араас эхний хоёрт орох нүүрсний нөөцтэй юм билээ. Ойролцоогоор дөрвөн тэрбум тонн нүүрс гарах магадлалтай. Ойр орчимд нь алт ч бий. Ховдын Зэрэг, Дарви зэрэг дөрөв таван сумыг хамарсан 66 мянган га газарт байгалийн ховор элемент, мөнгө, байгалийн хийн нөөц ч байж л байна.  Дархан цаазат Сутай хайрхан уулын оройгоос бэл хүртэлх газар мөн энд багтаж байгаа юм.

Социализмын үед манай иргэд, инженерүүд “Хөшөөт”-ийн ордыг нээжээ. Гэвч стратегийн ордын жагсаалтад багтаж “чадаагүй” байв. “Чадаагүй” гэдэг нь  улс төрчид, тухайн үеийн Засгийн газрын гишүүд хүсээгүй гэсэн үг л дээ. Тиймээс яагаад, яагаад гэсэн  олон асуулт саяхан болтол хариу нэхсээр иргэдийн эсэргүүцэл гаарсаар байлаа. Эрх баригчдын зүгээс анхнаасаа Хөшөөтөд ухаалаг бодлого зангидаж чадаагүй нь  гаднынхны, тэр дундаас Хонгконгийн хятадуудын нөлөө хүчтэй байсантай холбоотой бөгөөд энэ тухай 2010 оноос хэвлэлүүд янз бүрийн сэжиг таамаг дэвшүүлсэн юм.

Хуучин МАХН, өнөөгийн МАН-ын нарийн бичгийн дарга асан У.Барсболд “Хөшөөт”-ийг гадныханд зуучлахад нэлээд идэвхтэй оролцсон хүний нэг ажээ. Тэрбээр 2010 онд “Хөшөөтөөс хөгжил эхэлнэ” гэсэн лут реклам цацуулж, зурагт хуудас хүртэл тарааж байсан байна. Мань эр  Ховдын уугуул иргэний  хувьд нутгийнхнаа сонгуулийн иймэрхүү сурталчилгаагаар “элсүүлж” авахаа эртнээс тооцоолжээ. Ховдынхон ч уухайн тас түүний санаачилсан “Хөшөөт” төслийг эхний үед дэмжиж байв. Харамсалтай нь  тэд жинхэнэ эздийг нь яахан мэдэх билээ.

 

Хөшөөтөд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Мон Эн Ко” компани байгуулагдаж, төсөл санаачлагч гэх У.Барсболд болон түүний нөхөд бүс нутгийн хөгжил, сайн сайхны төлөө нүүрс тээвэрлэх зам тавих, цахилгаан станц байгуулах гээд олон ажлыг төлөвлөсөн байв. Тэгээд нүүрс тээврийн 340 километр асфальтон замаа ч тавив. Энэ замаар нь нүүрс ачсан 100 тоннын даацтай том машинуудын цуваа зогсолтгүй давхиж гарчээ. Орон нутгийн хөгжилд харин овойж оцойсон юм  юу ч оролгүй хэдэн жилийг ардаа орхив. Сүүлдээ нутгийн иргэд “Мон Эн Ко”-д итгэл алдарав. Иргэд шахаж шаардсаар байгалийн нөөц ашигласны төлбөрт орон нутагтаа 1,4 тэрбум төгрөг арай ядан аваад энэ компаниас бушуухан салахыг хүсчээ.

 

Шинэчлэлийн Засгийн газар харин “Хөшөөт”-ийг стратегийн ордын жагсаалтад оруулах нутгийн иргэдийн санал санаачилгыг дэмжиж, Уул уурхайн яамны ажлын хэсэг асуудлыг нэг тийш болохоор шийдсэн байна. Ингээд стратегийн 15 орд дээрээ нэмж оруулах найман ордын нэгэнд “Хөшөөт”-ийг багтаажээ. Үүнээс болоод өнгөрсөн оны намраас Ховдыг бараг бүхэлд нь нүүрсээр хангадаг тус уурхай  Хятад эздийнхээ  заавраар үндсэндээ  ажилласангүй. Ховдчууд өвөлдөө гал алдахгүйн тулд зэргэлдээх аймгийнхаа уурхайнуудаас нүүрсээ зөөж буй аж. Монголын төр газрын доорх баялгаа ард түмэндээ ашигтайгаар эргүүлэх гэхээр хамаг лицензийг нь хамаад авчихсан Хятадууд манайхныг “чангалж” байгаа нь энэ л дээ.

 

Одоо энд “Хөшөөт”-ийн нүүрсний орд хаанахын хэний эзэмшилд, хэрхэн орсныг товч сонирхуулъя. Хятадын зарим хэвлэлүүд Лью Ши Чи гэгчийг эрэн сурвалж байгаа талаар хоёр жилийн өмнөөс мэдээлж байлаа. Түүнийг нэрээ өөрчилсөн гэх мэдээлэл ч гарч байв.  “Мү Ма-гийн хэрэг” хэмээх авлигын томоохон хэргийн  холбогдогч гэж эх сурвалжууд хэлдэг юм билээ. Тухайн үедээ Хонконгийн хөрөнгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд өртөж биржийн худалдааг нь зогсоож байсан сүрхий эр аж. Хэдийд, хаагуур, яаж яваад энэ хүн “Хөшөөт”-ийн хувьцаа эзэмшигч, тэр бүү хэл тус ордыг ашиглах том эрх мэдэлтэн болсон талаар нарийн ширийг мэдэх хүний нэг нь яах аргагүй У.Барсболд таараад байгаа юм. w2ky11q627dt47hrpp5nuf0

Тэр анх “Шинэ дэлхий”групп гэгчийн босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Лугтэй танилцаж, ойр дотнын  андууд болсон  гэдэг. Тэгээд түүний дэмжлэгтэйгээр “Хөшөөт”-ийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр зүтгэсэн юмсанж. Хөшөөтийн нүүрсийг Хятад руу зөөж эхлэхээс өмнө өнөөх Лью Ши Чи гэгч нь барьцаа ахиулан “Мон Эн Ко”-гоос хувьцаа эзэмшигч болоод авчээ. Хэдийгээр урьд нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан ч гэсэн  Хонгконгийн биржид нөлөө бүхий эрхэмээр тодорсон нь энэ бололтой. Зарим эх сурвалжууд Лью Ши Чи-г  13 орчим хувь эзэмшдэг гэж байна. Үлдсэн хувийг нь түүнтэй  хамтрагч эх газрын дөрөв, таван хятад “найзууд” нь  атгажээ.  Энэ хүртэлх цаг хугацаа, менежментийн орон зайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний эхнэр О.Цолмон нар У.Барсболдод дэмжлэг үзүүлэн, амихандаа дээрх хятадуудын хувьцаанаас хуваалцах сонирхолтой байсныг  гэрчлэх хүн ч бас бий. О.Цолмон хэд хэдэн удаа зуучиллын ажлаар Лью Ши Чи нартай уулзсан гэдэг. Хожим нь Н.Энхбаяр, О.Цолмон нар элдэв хэл амнаас болгоомжилсон уу, эсвэл зуучиллын хөлсөө авч сэтгэл хансан уу, ямартай ч “Мон эн Ко”-гоос зай барих болжээ.  У.Барсболд харин Хөшөөтөд оруулах 400 гаруй сая ам долларын сургаар тэнд ажиллаж байсан ах дүүстэйгээ түнжин хагарч хөгөө дэлгэн,  өнгөрсөн онд хэд хоног “Ганц худаг”-т саатуулагдаж гараад “Би одоо Хөшөөтийн ордтой ямар ч хамааралгүй шүү” гэх болсон байна. Сонин байгаа биз.

 

Хятадууд Хөшөөтийг ийнхүү эзэгнээд эцэст нь тэнд шингээсэн хөрөнгөө Монголын төрд шилжүүлэх торгон заагт тулж ирмэгцээ  янз бүрээр аашлах нь ч бас зүй ёсных гэлтэй. Ямар ч мулгуу амьтан өөрийн юмыг үнс нурам болоод хаячихыг хүсэхгүй. Бидэнд олдсон мэдээллээр тэд үнэхээр авто зам барьж байгуулах, уурхай ажиллуулах гэх мэтийн зардалд 400 сая доллар цацсан бол ийм л дэнчингийн үзүүрээс тас атгаастай зогсож таараа. Стратегийн ордын хувь хэмжээг хуулийнхаа дагуу шийдэхэд энэ хэмжээний мөнгө биднээс нэхэх нь гарцаагүй болов уу. Алдаагаа энэ зэргийн төлөөсөөр нөхөхгүй ч гээд бид яах билээ.

Б.Отгонбаяр

Eagle.mn

Б.Отгонбаяр

 

 


URL:

Сэтгэгдэл бичих