Төрийн ёс хүндэтгэлд алдах эрх байхгүй

527-13920847205139d10336b9a527bigТөр ард түмний их баяр, цагаан сарын ёслол хүндэтгэл нь Монгол түмнийг олон зуунаар монгол монголоороо байгаа, байх ёстойг илэрхийлсэн уламжлалт их баяр цэнгэл билээ. Энэ баярыг төрийн гэж үздэгийн утга нь аливаа улс орон бүр төрийн ёс хүндэтгэлтэй. Түүнийгээ илэрхийлсэн туг далбаа, тамга зэрэг билэгдлийг хэрэглэж төрийн ёсоо хүндэтгэн дээдэлдэг.

Манай улс ч түүнээс дутаахааргүй төрийн их ёс хүндэтгэлийн уламжлалтай, түүнийгээ хүндэтгэн дээдэлж ирсэн юм. Ийнхүү ард түмнийхээ итгэл бишрэлийг хөдөлгөх, увидас хүчийг агуулдаг төрийнхөө ёслол хүндэтгэлээр хийморь сэтгэлээ сэргээж омогшиж явдгийн учир нь бие даасан тусгаар улсын иргэн гэдэг их нэр төрийг авч яваа төдийгүй, уламжлалт зан заншил, соёлоо дээдлэх нь тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийн бүх улс оронд нотлон итгүүлж байдаг улс-төр нийгмийн гүн ач холбогдолтойг илэрхийлдэг.

1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу 1993 онд Төрийн ёслолын алба байгуулан, түүний ажиллах журмыг шинэчлэн батласан.

Уг журамд: Төрийн ёслолын алба нь Монгол Улсын үндэсний болон дипломатын ёслол, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг ёслолын арга хэмжээнд оролцуулах гадаадын зочин төлөөлөгчидтэй уулзуулах зэрэг төрийн ёслолын хариуцлагатай үүрэг, мөн дипломатын ёс хүндэтгэл.ард түмний зан заншлын уламжлалыг дээдлэн хэрэгжүүлэх Монгол Улсын нэр нүүрийг авч явах хүндтэй, хариуцлагатай, эрхэм үүргийг хүлээсэн хүмүүсийг төрийн ёслолын албан хаагч гэж үздэг.

Энэ албанд “алдах эрх байхгүй” гэсэн ганцхан хатуу журам үйлчилдэг. Төрийн ёслол хэмээх нь төр эрхэмсэг оршихуй хийгээд төрийн хүч чадал, нэр хүнд, цог хийморь, сүр хүчийг тусгай жаягийн дагуу илэрхийлэх ёс ёслол юм.

Цагаан сарыг яагаад төрийн баяр гэж байгаагийн утга нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ баярыг биттүүний өдөр нийт ард түмэндээ хандаж мэндчилгээ хүргэн, сайн сайхан баярлахын ерөөл дэвшүүлдэг. Мөн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, морин хуурын хүндэтгэлиин концерт тоглуулан, тэргүүний малчин, тариачин, уяачдад цол олгож, шиний нэгний өглөө төрийн өндөрлөгүүд золголт хийж, өндөр настанууддаа хүндэтгэл үзүүлдэгийг дурьдаж болно.

Цагаан сарыг түмний эх баяр гэдгийн утга нь овог дээдээсээ эхлээд нялх балчираа хүртэл 9 үеэрээ цуглаж өнгөрч буй жилийнхээ хугацаанд ямар хүнээр ам бүл нэмэгдсэн болон түүхээ харилцан ярилцаж өндөр настандаа хүндэтгэл үзүүлж, нялх балчируудыг баярлуулдаг учиртай.

Төр түмнийхээ уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэж, ёслосноороо бахархан омогшиж, өндөр жил өнгөрлөө, өнтэй жил ирлээ гээд амжиргааныхаа дээд мал сүргийнхээ талаар амар мэндээ мэдэлцдэг уламжлалтай.

Харамсалтай нь төрийн их баяр ёслолын чухал арга хэмжээний нэг морин жилийг угтсан төрийн өндөрлөгүүдийн золголтын идээг буруу засаж, морин жилдээ морьдохын хазгай ёс гаргасанд уламжлалт зан соёлоо мэддэг иргэд ундууцан төр төвшин байхын чухлыг умартаж, шинэчилнэ, өөрчилнө хэмээн газар ус, хөшөө дурсгалаа буулгаж өмнөх үеийнхээ бүтээсэн түүхийг баллуурдаж байгаа шигээ ард түмнийхээ ёс заншлыг доромжилж эхэллээ, төр ч төр биш болох нээ гэж төрөө, түүний түшээдийг хүндэтгэдэг ёс жудаг зөрчигдсөнд харамсаж байна.

Хүндэтгэлийн идээний боовоо хэдэн үе өрдөг, шүүсийг яаж тавьдаг тэр бүхнийг хэрхэн хөндөж, хүртдэг нь ганцхан Монгол төр түмний ёс заншил, өөр хаа ч байхгүй. Даяарших ёсгүй энэ хүндэтгэлд яах гэж алдаа хийв? Алдах эрхгүй хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл үү? Шинэчлэхийг хүсэж нэр төр олох гэсэн түшээдийн санаачилга уу?

Монгол түмнийхээ уламжлалт ёс заншлыг өөрчлөх замаар анх, энх мөнхийн цаглабарт хандаж буй муу ёр уу, алин болохыг төр, түүний холбогдох хүмүүс тайлбарлах хэрэгтэй байх. Эс тэгвээс ард түмэн төрийн ёс хүндэтгэлд сэв суулгагчид давхар хантаазтай түшээдээс ч илүү улсын тусгаар тогтнол, Монгол Улс гэсэн нэр хүндэд хортойг ухааран уламжлалт зан соёлоо дээдлэхийн чухлыг сануулмаар байна.

Монгол төрийн ёс хүндэтгэлийг судлаач, түүхч эрдэмтэн, профессор Г.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих