Хэнтий аймгийн төр засгийг ээлжлэн барьсан хоёр намын өнгө

-13022014-1392272635-1444704657-hentii_aimag-w807Улс төрийн намуудын гол хоёр хүчин гэгдэх МАН болон АН хоёрт ялгагдах зүйл тун бага юм.

Энэ хоёр намаас төрж гарсан улстөрчид нь ив ижилхэн аж. Яагаад ижилхэн гэхээр хийнэ гэж амлах нь, хийсэн гэж ярих нь, өөрсдийгөө дөвийлгөх нь, хоосон нэр алдар хөөцөлдөж “шоудах” нь хүртэл ижил.

Хатуухан бөгөөд шулуухан хэлэхэд эрх мэдэл, албан тушаалын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл үргэлжилсээр байна. Элдэв муйхар аргаар төр засаг жолоодох эрх олж авсан бол тэнд “хаанчлал-дарангуйлал” үүсчих юм.

Хараад байхад улс төрийн намуудын удирдагч, тойрон хүрээлэгчид, гишүүд, дэмжигчид ямар өчүүхэн зүйлээр их цаг зав гаргаж, ямар том “шоудаж” байх юм бэ. Эцсийн эцэст тус хоёр намын “тусгай удирдагчид” Хэнтий аймагт юу хийж бүтээж, яаж хөгжүүлээд байна гэсэн асуулт энгэрийн зүүлт болж буй.

Хатуухан бөгөөд шулуухан хэлэхэд эрх мэдэл, албан тушаалын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл үргэлжилсээр байна. Элдэв муйхар аргаар төр засаг жолоодох эрх олж авсан бол тэнд “хаанчлал-дарангуйлал” үүсчих юм.

Дөрвөн жил төр жолоодох хугацааг дөчин жил шиг санаж авирлах нь хэцүү. Сонгуульд ялсан намын гишүүд дэмжигчдэд ямар мэдлэг боловсролтой байхаас үл шалтгаалан төрийн алба руу шургалах үүд хаалга дэлгэгдэж, ялагдсан намын гишүүд дэмжигчдийн хувьд мэргэшсэн чадварлаг, ажлаа мэддэг байхаас үл шалтгаалан төрийн албанаас жийгдэх нь аймаар.

Иймэрхүү гаж үзэгдэл аль ч намын өнгөнд байсаар ирсэн. Үүнд нь сонгогчид дасчихсан юм уу, хэл ам таталж, шүүхдэх нь цөөн. Ингэх ёстой гэсэн шиг халаа сэлгээ болж, төрийн алба эзэнтэй юм шиг мөртлөө эзэнгүйдэж, хавсарганд нь энгийн иргэд хохирсоор.

Ямар сайндаа зарим “шинэков”-ууд албан бичгийг ном журмаар нь төлөвлөх бүү хэл өөрийнхөө овог нэр, албан тушаалыг ч аятайхан бичиж дөнгөхгүй байна. Ийм хүмүүс төрийн үйлчилгээг олон нийтэд төгс хүргэж чадах болов уу.

Суралцах гэж хоёр жил, суралцаад хоёр жил, ажилдаа гаршаад ирэнгүүт дараагийн сонгууль болж, “хааны алба халаатай” гэгчээр дараагийн ээлж тосоод авна. Дээр нь МАН-аас урван даргын суудал горилогч увайгүй “урвагч”-ийг АН-ынхан алгаа тосон авч, хүссэн суудал дээр нь дан хийтэл тавьчихна. Иймэрхүү байдлаар Хэнтий аймгийн төр засгийг МАН болон АН хоёр ээлжлэн барьсаар, даацтай хөгжил ирэхгүй удсаар… Гэвч улс төрийн “шоудалт” нь үргэлжилсээр…

Том амлаж, ихийг хийнэ хэмээн “хор найруулж” сонгогчдын санал булаадаг нь намуудын гэм биш зан. Гэвч амласандаа хүрч, ажил үйлсээрээ тодорч харагдах нь ачир дээрээ гацдаг болохоор ард иргэдийн шүүмж, гомдол тасардаггүй нь нууц биш.

Өмнөх удирдлагууд буюу МАН-ынхан 2008-2012 онд төрийн эрх мэдлийг гартаа авч “том” байцгаасан. Тэд төр жолоодох хугацаандаа Хэнтий аймгийг гурван удаа “Шилдэг таван аймаг”-ийн нэгээр тодруулсан. Харин энгийн иргэд Хэнтий аймаг шилдэг болж байсанд эмзэглэдэг. Гоц гойд хийж бүтээсэн зүйлгүй атлаа гурван жил дараалан шилдгээр шалгарсан нь Монголын төрийг МАН удирдаж байснаас улбаатай. Үнэнхүү чин шударгаар шүүн тунгааж, ухаалаг төрийн бодлогоор шилдэг аймгийг шалгаруулж байсан бол Хэнтий аймаг яагаад ч шилдгээр тодрохгүй байсан. Тэгээд ч сонгогчид хийсэн, хөгжүүлснийг үнэлдэг, дэмждэг бол МАН дахиад төр засаг барих нь яав гэж асууя.

Олигтойхон бүтээн байгуулалт болон иргэдийн боловсрол, итгэл үнэмшилд үнэлэгдэхүйц зүйл хийгээгүй болохоор сонгогчид илүү ихийг амласанд нь итгэл хүлээлгэдэг нь шалгуур байдаг.

Том амлаж, ихийг хийнэ хэмээн “хор найруулж” сонгогчдын санал булаадаг нь намуудын гэм биш зан. Гэвч амласандаа хүрч, ажил үйлсээрээ тодорч харагдах нь ачир дээрээ гацдаг болохоор ард иргэдийн шүүмж, гомдол тасардаггүй нь нууц биш.

Ардчилсан нам төр жолоодох болсоор даруй бүтэн жил гаруйн хугацааг ардаа орхиж, аятай аягүй нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлж байгааг иргэд аль хэдийнэ шүүн тунгааж, эргэцүүлж сууна.

АН-ын удирдагчид Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нэрээр төрийн албан хаагчид болон иргэдээс хандив цуглуулсан нь нэлээдгүй шүүмжид өртсөн.

Ой угтаж хийсэн бүтээн байгуулалт нь гэхэд Найман аваргын болон Өвгөн ноёны хөшөөт цогцолбор, “Эзэн Чингис хааны өлгий нутаг” хаалга, Хүндэтгэлийн өргөө зэрэг болно. Өөр хийсэн ажил гэвэл хуучныг сэргээж, өнгөлөн тордсоноос цааш хэтрээгүй. Харин нэг авууштай ажил хийсэн нь “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр.

Тус хөтөлбөрийн хүрээнд архины хамааралтай 258 иргэнээс 193 иргэн архины асуудалгүй болж, Хэнтий аймагт гэмт хэргийн гаралт 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Архи худалдаалах цэгийн тоог цөөрүүлж, аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь бусдад туршлага судлах хөшүүрэг болсныг нуух юун.

Хэнтий аймагт хөгжил дэвшил ирж байна уу, ирж байна. Яст мэлхий шиг удаан ч ямх ямхнаар дээрдэж буй. Гэвч тэрхүү хөгжилд нь иргэдийн сэтгэл ханахгүй байна. Яагаад гээч. Тус аймагт иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин аль ч засгийн үед бүрдээгүй. Аятайхан ахуйн үйлчилгээний болон худалдааны төвийн аль нь ч байхгүй.

Тусгай төрөлжсөн барааны дэлгүүр буюу соёлтой үйлчилгээ бүр ч үгүй. Аймгийн үйлчилгээний цэгүүд үнэхээр өрөвдөлтэй, үсчин, гоо сайханч, оёдол эсгүүр, гутал засвар, халуун усны газар бүгд орон сууцны подвалиар болон хувийн хэвшлийн халаалттай, халаалтгүй хүйтэн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Иймэрхүү нөхцөлд үйлчлүүлдэг иргэдийн сэтгэл ханамж ямар байх нь ойлгомжтой.  Ийм байхад Өндөрхаан хот “Чингис” нэртэй болчихсон байдаг. Нэр нь гоё, хөгжил нь нэг тиймэрхүү.

Ардчилсан намынхан дээрх хэдэн ажил болон хөдөө аж ахуйн салбарынхны бүтээлээр 2013 онд Хэнтийг “Шилдэг гурван аймаг”-ийн нэгээр тодруулж МАН-ынхны “арга барил”-ыг давтлаа. Хэрэв төр засаг МАН-ынхны гарт байсан бол Хэнтий аймгийг удирдаж буй АН-ынханд “шилдэг” гэсэн тодотгол өгөхгүй л байсан болов уу.

Иймэрхүү байдлаар дээрх хоёр нам Хэнтий аймгийг ээлжлэн жолоодож байгаа ч дорвитойхон  хот төлөвлөлт, бүтээн байгуулалт болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын баталгааг хангасан таатай орчин бүрдүүлж чадаагүй. Цаг хугацаа хийж бүтээхийн төлөө зорьж яваа хүмүүст богино, аар саар ажлуудыг хийсэн нэр зүүх, түүгээрээ шоудах дур сонирхолтой хүмүүст бол урт.

Ш.Одонтуяа (Хэнтий)


URL:

Сэтгэгдэл бичих