Тачаангуй эмээр андуурагдан шалгарсан эр

Эрчүүдийн FHM сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн хүсүүштэй сайхан бүсгүйчүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаа ч мөн шалгаруулалт явагдаж дотуур хувцасны загвар өмсөгч Розий Хантигтон-Вайтелей тэргүүлсэн байна. Харин шилдэг зуун эмэгтэй дотор нөгөө тоон дотор үсэг гэдэг шиг нэг эрэгтэй загвар өмсөгч орчихсон нь ихээхэн шуугиан тарьж байна.

Боснийд төрж Австралид өссөн загвар өмсөгч Андрей Пежиц “хамгийн тачаангуй эмэгтэй” жагсаалтын 98-д бичигдсэн байв. 19 настай тэрээр томоохон загварын шоунууд дээр эрэгтэй болон эмэгтэй хувцас загварын аль алинийг нь үзүүлэн нэрд гарсан юм. “Victoria’s Secret”–тэй гэрээ байгуулахыг мөрөөдсөн нь “трансвестит” эрийн хувьд арай л эртэдсэн хэрэг гээд хаалтанд “Pass the sick bucket” буюу “бодохоос огиудас хүрмээр” гэж бичсэн өгүүллийг FHM уншигчдийн шаардлагаар өөрийн сайтаас хасахад хүрсэн ба ахин ийм зүйл бичихгүй байхыг сэтгүүлчдээ анхааруулжээ.
Тэрээр Мельбурнын зах дээр ногоо худалдаж байтал нэгэн агентлагаас ярилцлагад урьснаар энэ ажлаа эхэлсэн гэж “Zeit” сонинд өгсөн ярилцлагадаа ярьжээ. Агентлагийн төлөөлөгч түүнийг эмэгтэй хүн гэж андуураад урьсан байв. “Эмэгтэй хувцасны загвар өмсөх бол нилээн ажилтай. Алхах гишнэхээс эхлээд биеэ хэрхэн авах нь тун чухал. Харин эрэгтэй хувцасны загвар үзүүлэхэд бол гараад л алхахад боллоо л доо” гэж өөрийн ажлын талаар ярьсан байна. Чөлөөт цагаараа ч гэсэн тэрээр өөрт таалагдсанаа л өмсдөг ба “Би Dragqueen (жүжигчид хүүхний дүрд хувирахыг ингэж хэлдэг) биш, би өөр дүрд орж хувирах хүсэлгүй, байгаагаараа л байхыг боддог” гэж ярьжээ.

URL:

Сэтгэгдэл бичих