“Хязгааргүй” уран сайхны кино “үзлэг”-ээр орохоор болжээ

Snapshot_2014-02-15_1221042050414862014-02-15-11-21[www.urlag.mn]Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж байгаа талаархи гайхалтай мэдээллийг кино сонирхогч, үзэгч, уншигч та бүхэндээ хүргэх гэж буйдаа баяртай байна. Нэгэн цаг үед үзэгчдэд хүрч буй кино бүр Монгол кино үйлдвэрийн урлагийн зөвлөл, Соёлын яамны кино үзлэгийн хороогоор хянуулдаг байсан түүхтэй аж. Энэ нь үзэгчдэд чанартай сайн уран бүтээл хүргэх үүднээс төрийн болоод соёл урлагийн байгууллагуудын авч хэрэгжүүлдэг байсан томоохон ажил байж.

Үнэхээр энэ цаг үед монголын кино урлагийн салбарт дутагдаад байсан хамгийн чухал үйл ажиллагаа бол, үзэгчдэд хүрч буй кино нэг бүрийг үзлэг шалгалтаар оруулах явдал байсан юм. Учир нь нээлтээ хийж буй олон арван кинонууд ямар нэгэн шалгуургүйгээр шууд үзэгчдэд хүрч байгаагийн дотор чанаргүй, мэргэжлийн бус хийгдсэн кино нь, нийт кино урлагийн салбарынхаа нэр хүндийг унагаж буй хэрэг юм. Иймээс киноны уран бүтээлчид хийсэн бүтээл бүрээ үзлэг шалгалтаар оруулж байх нь зүйтэй хэмээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны уран бүтээлчид энэ сарын 18-нд 20:00 цагаас Тэнгис кино театрын VIP танхимд кино үзлэгийг зохион байгуулахаар болжээ.

Үзлэгийн бүрэлдэхүүнд Төрийн шагналт, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, МУ-ын Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн тэргүүн Д.Нямдорж, МУ-ын Төрийн шагналт Б.Батбаяр, МУ-ын Төрийн шагналт Б.Цэнддоо, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норов, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Найруулагч Ж.Сэнгэдорж нарын 30 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллахаар болжээ.

Ийнхүү монголын кино урлагийн түүхийн хуудсын кино үзлэгийг 20 гаруй жилийн дараа дахин сэргээж буй “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна. Ингээд “Хязгааргүй” уран сайхны киноны эрхэм уран бүтээлчиддээ амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.