Хоёр хүн “нухсан” Ц.Сономцэрэнгийн барьсан орон сууц өөдлөх үү

b1dcb78648a9cdf5originalШударга өрсөлдөөн гэсэн нэг газар байгаад чухам юу хийгээд, яагаад байгаа нь мэдэгдэхгүй, дарга нь гээд нэг залуу шуудайны нүүрсээр оролдож байсан цаг ард өнгөрчээ. “Эр өсч эсгий сунана” гэдэг энэ байх, болж байна. Эр өсөхийн учир нь орон сууц үйлдвэрлэгчдэд шалгалт хийж, зарим булхайг нь илрүүлжээ, зарим шүү. О.Магнайгийн хувьд том тултай хэзээ ч үзэж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд болж л байна. Учир нь барилгын компаниудын барьсан орон сууцны ам метр дутуу байна гэсэн гомдлын дагуу шалгалт хийхэд нийтдээ 49 компани иргэдэд хоёр тэрбум 500 сая төгрөгийн хохирол учруулсан байжээ.

Энэ талаар барилга үйлдвэрлэгчид, ШӨХТГ-ын дунд маргаан үүсч, сүүлдээ ШӨХТГ-ынхан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр УМБГ-т иргэдийг төлөөлж гомдол гаргасан байна. Тиймээс цагдаагийнхан “Алтай” хотхоныг барьсан “Тайгам Алтай”, баруун дөрвөн замын “Гранд плаза”-гийн хажууд Г хэлбэрийн орон сууц барьсан “Ти Си Ди”, “Хансвилл” хотхоныг барьсан “Тектоник” компанийн удирдлагуудийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Яахав, өнөөх нүүрсний шуудайтай ноцолдож зогссон залуугийн мэдээлж байгаагаар бол  “Тектоник” компани 400 сая, “Ти Си Ди” компани 600 сая, “Тайгам Алтай” компани 300 сая төгрөгөөр иргэдийг хохироосон хэмээсэн.

Уг нь иргэд банк, барилгын компанитай гэрээ байгуулж аль хэдийнэ зээлээ төлж эхлээд байрандаа орчихсон байдаг. Гэтэл эдгээр компани иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, тэдэнд мэдэгдэлгүй орон сууцных нь талбайгаас хумсалж, мөнгө залилсан байгаад л хамаг учир бий. Энэ мэт дурдаад байвал маш олон бий. Харин эд нарын дундаас онцгойрч байгаа нь “Тайгам Алтай” байна. Тус компанийн дэд захирал Ц.Сономцэрэн гэхэд л хоёр оюутныг машинаараа дайрч хөнөөсөн тухай бид мэдэх билээ. Энэ тухай цухас дурдахад тэрээр 2008 оны дөрөвдүгээр сарын 2-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хүнсний I дэлгүүрийн өмнөх автобусны буудлын өмнө “Тоёота Ланд круйзер-200” маркийн автомашины жолооч осол гаргаж, хоёр хүний аминд хүрсэн дээ. Энэ аймшигт хэргийг өдгөө хэн ч санаж байгаа. Тухайн үед Цагдаагийн газрынхан дуудлгаар очиход “46-46 УБЗ” улсын дугаартай автомашин “Зоос гоёл”-ын автобусны буудлын ТҮЦ-ийг мөргөж, ойролцоо явж байсан хоёр хүнийг дайрчихсан байсан. Яахав, тухайн үед машинд сууж явсан Ц.Сономцэрэнг цагдаагийнхан Ганцхудагт саатуулсан юм. Баригдах үедээ тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэлцдэг. Хэргийн газарт байсан гэрчүүд “Зоос гоёл” компанийн зүгээс ирж явсан машин хурдаа хасалгүй замын боржуур дайрч гараад хоёр залууг мөргөсөн хэмээн мэдүүлсэн нь ч бий.

Ц.Сономцэрэн нь тухайн өдөр шинэхэн авсан “Тоёота Ланд круйзер-200” машиныхаа хурдыг үзэж, угаахаар явж байж дээ. Машинаас нь цагдаагийн ажилтны дүрэмт хувцас олдсон нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн дэслэгч Н.Ганбатынх байсан гэдэг нь ч ил болсон. Дүрэмт хувцас нь тус машинд байсан цагдаагийн нөхрийг ч яахав ажлаас нь халсан. Харин Ц.Сономцэрэнд гурван шатны шүүхээс таван жил нэг сарын хорих ял шийтгэжээ. Ц.Сономцэрэн талийгаачдын ар гэрийнхэнд хохирол барагдуулж хэдэн сая төгрөг өгснийхөө хүчээр ийнхүү багахан ял аваад өнгөрч байсан нь саяхан мэт санагдах ч тэрээр нэг жил орчим ял эдлээд шоронгоос суллагдсан гэх мэдээлэл бий. Ийм л хэрэг үйлдэж, хоёр хүний аминд хүрснийхээ төлөөсөнд нэг жил хүрэхгүй жилийн ял эдэлж байсан “Тайгам Алтай” компанийн захирал “Алтай” хотхоны оршин суугчдын хохирлыг барагдуулна гэдэг юу л бол. Тэгээд ч хоёр хүний амь хөнөөж, хөнөөснийхөө төлөө мөнгө төлж, ялгүй шахам үлдсэн Ц.Сономцэрэнгийн барьсан барилгад иргэд орон сууц авах хэрэг байна уу. Ёс зүй, бусад талаас нь бодсон ч өөдлөхгүй байх шүү.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих