“Сoal Mongolia” чуулга уулзалтаар хөрөнгө оруулагчдыг татаж чадах уу




Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалт маргааш нөгөөдөр хоёр өдөр Улаанбаатар хотноо чуулах гэж байна. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй уг чуулганд найман орны 1000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцохоо мэдэгдээд байна. Хэдийгээр өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурч, манай улсын хувьд нийлүүлэлт багассан ч нүүрсний салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээр байгаа гэдэг нь төлөөлөгчдийн чуулганд оролцох санал ирүүлсэнээс харж болох юм. Түүнчлэн “Coal Mongolia”-2014 уулзалт нь төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах чиг баримжаагаа тодорхой болгож, Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсаны дараа болж байгаагаараа онцлог юм. байгуулагчид онцолж байна.

Манай улсын эдийн засгийн хувьд нүүрсний салбараас орж ирэх орлого голлох байр суурийг эзлэх болсон. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан өнгөрсөн 2013 онд манайд ам.долларын ханш өсч дээд хэмжээндээ хүрсэн. Одоо ч энэ байдал үргэлжилсээр ам.долларын ханш 1749 төгрөгтэй тэнцэж, инфляци хоёр оронтой тоонд байна. Гэхдээ манай улсын эдийн засаг хүнд байдалд орсон нь дан ганц дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоогүй юм. Учир нь манай орны хувьд сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн орчин ихээхэн тогтворгүй байсан нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэж хэлж болно. Ингээд гаднаас орж ирэх мөнгөний урсгал багассанаар ам.долларын нөөц багасаж эдийн засаг хүндхэн болсон.

Гадны хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой байдлыг маш их хүсдэг. Бодит байдал дээр татварын их бага, дотрох систем зэргээс илүү хууль эрхзүйн орчин хэр тогтвортой байх юм гэдэгт анхаарлаа хандуулдаг. Цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хууль эрхзүй, татварын орчин, дэд бүтцийн асуудал хэр юм. Хоёрдугаарт зах зээлтэйгээ ойрхон юм уу гэдгийг анхаарч байна. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бизнес эрхлээд явахад Австралид хөрөнгө оруулснаас юугаараа давуу юм бэ гэх зэргээр өрсөлдөх чадварыг их харж байгаа юм. Манай улс энэ олон зүйлийг уялдуулсан байх ёстой юм. Тэгж чадвал аль аль талдаа ашигтай байж Монгол улсын хөгжилд ихээхэн ашиг тустай.

Мөн нүүрсний салбар дахь энэ хөрөнгө оруулалтын урсгалаас гадна төрийн бодлого, зохион байгуулалт хэрэгтэй .Тухайлбал, дэд бүтцийн асуудал. Нүүрс бол асар их дэд бүтэц шаардсан бизнес. Хэрвээ зах зээл нь байгаад Монголын төр нүүрсний экспортыг цаашлаад 200 сая тоннд хүргэе хэмээж байгаа бол дэд бүтцээ маш яаралтай шийдэж өгөх хэрэгтэй юм. Хил гааль, төмөр зам, лаборатори гээд бүхий л дэд бүтцийг бэлдэх ёстой. Дараагийн нэг чухал зүйл бол үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэх явдал. Нүүрсний чиглэлийн эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагуудыг яаралтай бэхжүүлж авахгүй бол салбарын өнөөгийн хөгжлийн хурдацаас төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, уялдаа холбоо хоцрох гээд байгааг албаныхан хэлж байна. Үнэхэээр л дэд бүтэц шийдэгдээд ирэхээр хувийн хэвшил аяндаа экспортоо нэмэгдүүлээд явчих боломжтой. Нүүрсээс Монгол Улс аль болох ахиухан үр өгөөж хүртэх ёстой. Үүний тулд дэд бүтцээ бий болгох хэрэгтэй, бодлогоо боловсруулах шаардлагатай, хяналт шалгалтаа сайжруулах учиртай, стандартуудыг яаралтай батлах нь зүйтэй. Уг нь энэ намрын чуулганаар төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогоо боловсруулж, Хөрөнгө оруулалтын хууль баталсан тул эдгээр нь үр дүнгээ хэрхэн өгөхийг харах л үлдлээ.

Б.Сансартуяа
Оллоо.м


URL:

Сэтгэгдэл бичих