Хэдий бид үхлийн талаар ярих дургүй ч…

1625524_607106666028372_1690124805_nСаявтархан аавыгаа алдсан бяцхан охин, ээж хоёрт зөвлөгөө өгөх шаардлага тулгарсан юм… Хэдий бид үхлийн талаар ярих дургүй, цээрэлдэг боловч үхэл бол яалт ч үгүй амьдралын нэг хэсэг юм… Өөрчилж болохгүй, зугатаж чадахгүй энэ зүйлтэй нүүр тулах нь хэзээ нэг цагт зайлшгүй.

Энэ удаа хайртай хүнээ алдсан хүүхдэд хэрхэн тусалж болох талаар хэдхэн зөвлөмж хэлье. Та бүхэн сэтгэгдлээр туршлагаа бичиж төгөлдөршүүлнэ биз…

1. Хэрэв ямар нэг шаардлагаар хар мэдээг хожим, эсвэл хэлж дуулгахаар бол хүнд ч гэлээ энэ үүргийг хэн нэгэнд битгий өгөөрэй. Хүүхдийн эцэг/эх та өөрөө энийг хэлсэн нь дээр. Хүүхдээ цочролд оруулахгүйн тулд өөрийнхөө ч сэтгэл санааг бэлдэж, тайван хэлж чадна гэсэн үедээ оролдлого хийгээрэй.

2. Шууд орхиод явж болохгүй! Үг, үйлдлээрээ яаж хариу үйлдэл үзүүлхийг нь ажигла. Хэрэв ямар нэг юм асуувал шударгаар хариулхыг бод, чадахгүй бол битгий хариул. Заавал худлаа үнэн юм ярих хэрэггүй. Хүүхэд шууд ойлгож, хүлээж авч, гашуудахгүй байж болно. Зарим хүүхдийн хувьд нас, эсвэл өөрийнх нь сэтгэлзүйн онцлогоос хамаарч болсон үйл явдлыг их урт хугацаанд ойлгож хүлээж авах тохиолдол байдаг.

3. Зөв гашуудал, хүндэтгэл гэж юу болохыг өөрөөрөө үлгэрлэ. Энэ хэцүү л дээ. Ээж минь эмээ өвөө хоёрыг өнгөрхөд маш хүнд тусгаж авч байсан. Энэ үед зөв үлгэр жишээ үзүүлэхгүй бол хүүхдүүд элдэв эрсдэлтэй юм хийж үздэг. Нэгээс дээш хүүхэдтэй бол хүүхэд бүр өөр өөрөөр тусгаж авч, хариу үйлдэл үзүүлнэ, тэрийг нь байгаагаар нь хүлээж аваарай гэж зөвлөх байна. Зарим нь уйлна, зарим нь үймүүлнэ, зарим нь зурагтай ном үзээд суучих ч юмуу… Заавал уйлахгүй бол гайхаад, эсвэл гоочлоод байх хэрэггүйг онцгой сануулмаар байна! Зарим хүн ойлгохгүй байна гээд хашгичаад байдаг! Гэтэл нэг хүү гадны хүн гарч явахыг хүлээж байсныг харж байлаа. Энэ тохиолдолд хашгичиж, сэгсчих нь бүр л хүндрүүлж байгаа хэрэг.

4. Тэднээ өөрөөсөө түрүүнд тавь. Хэцүү. Гэхдээ ёстой, бас тустай! Өөрийнхөө л сэтгэл мэдрэмжинд битгий живээд алга болчих! Хүү/охиндоо ямар байгааг асуу. Ярилц. Love actually гэж кино байдаг, санаж байна уу? Эхнэрээ нас барсаны дараа хүүтэйгээ ярилцдаг. Асуугаад л байдаг, элдэв асуулт. Хүү нь хариулдаггүй… Хамгийн сүүлд аав нь: -Чамд ямар байна? гэж асуулдаг. Эндээс хүү нээгдэж эхэлдэг.

5. Хамт өнгөрүүлсэн сайхан цагаа дурс. Ингээд л байхгүй гэж үү дээ? Яагаад? энэ хоёр асуулт хүнд үед хамгийн их асуугддаг чөтгөрийн асуулт. Энэ хоёр асуулт хүнийг сэтгэлзүйн хувьд гаргалгаа уруу биш, эргүүлгээр тойрогт, улам гүн уруу оруулдаг чөтгөрийн асуултууд. Үүнд хэзээ ч зөв хариулт гэж байхгүй. Тиймээс зөв гаргалгаа бол хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөсөн сайхан мөчүүдээ дурсаж, сайн сайхнаар үдэх, хүү/охиноо үүнд хөтлөх хэрэгтэй.

Үргэлжлэл бий…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих