Цэргийн госпиталийн өргөтгөлийн мөнгө хаачсан бэ?

0d02ab40f00e423dbigАнхнаасаа зохих журмын дагуу зөвшөөрөл ч авалгүй барилгын ажлаа эхлүүлсэн Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн клиникийн госпиталийн төв эмнэлгийн өргөтгөлийн А, Б блокийн барилга олон асуудлыг ар араасаа дагуулсаар байна. Өвчтөнөө ч авч эхлээгүй хэрнээ тус барилгын ажлыг эхлэхдээ ямар ч зөвшөөрөл авалгүйгээр Батлан хамгаалах яамнаас тендер зарлаж хоёр ч компани гүйцэтгэл дээр нь ажилласан. Гэтэл тус компаниуд төсвийн 17 тэрбум төгрөгийн өртөгтэй өргөтгөлийн барилгыг заасан хугацаандаа ч ашиглалтад оруулаагүй, Улсын комисс ч хүлээн аваагүй байдалтай байгаа юм. Тус эмнэлгийн өргөтгөлд гурван барилга төлөвлөгдсөн бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хэд хэдэн төрлийн зөвшөөрөл авч, хууль дүрмийн дагуу баригдах ёстой ч ийнхүү төрийн яамны нэгжийн өргөтгөлийн барилга анхнаасаа зөвшөөрөлгүйгээр ажлаа эхэлсэн нь асуудлын хамгийн том нь.

Удаахь нь гэвэл мэдээж Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ус, дулаан, цахилгаанаар хангахгүй барилгуудын тоонд Цэргийн госпиталийн өргөтгөл багтсан явдал юм. Гурван блок барилгын А,Б хоёр блок хоёулаа дулааны техникийн нөхцөл аваагүйн дээр цахилгаанаар хангагдах боломжгүй гэсэн үг. Төсвөөс өртөг зардлыг нь шийдэж, тэр ч бүү хэл барилгын дотор байрлуулах тоног төхөөрөмжийн зардал хэмээн 55 тэрбум төгрөг төсөвлөж, нийтдээ 72 тэрбумын төсөвтэй томоохон эмнэлэг барьж байгуулан өдөрт 500 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, 2013 оны 12 сараас ажиллах учиртай ч ийнхүү зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн барилгуудын тоонд нэгэнт орчихсон байгаа юм. Үүний хажуугаар тус барилгын гүйцэтгэл дээр ажилласан хүмүүс зарим нь өнөөдрийг хүртэл цалин, хөдөлмөрийн хөлсөө огт авч чадаагүй байгаа гэнэ. “Баян инженер” нэртэй компани л гэхэд тус барилга дээр аюулгүйн үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд цалингаа авахаар хандсан иргэдэд “Бид мэдэхгүй” гэсэн хоёрхон хариултыг л хэлдэг, асуудлыг нь огт шийдэж өгдөггүй байх юм.

Гэтэл төсвөөс тус эмнэлгийн барилгын болон гүйцэтгэлийн зардалд тусгасан 17 тэрбум төгрөг аль хэдийнэ гарсан байгаа юм. “Баян инженер” компани одоо цалингаа аваагүй иргэдэд “Шүүхэд ханд” гэсэн хариултыг өгөөд сууж байдаг аж. Харин Батлан хамгаалах яам болохоор тус барилгын гүйцэтгэлийн ажлыг хэрэгжүүлэгч компани зарын дагуу ирж ажилласан, Батлан хамгаалах яамтай албан ёсны гэрээ байгуулаагүй учраас манайд хамаагүй, иргэн, хуулийн этгээд хоорондын маргааныг шийдвэрлэдэг байгууллага нь бид биш гэсэн тайлбарыг өгч байгаа гэнэ. Ийнхүү ч төрийн байгууллагаар дамжсан ажил хийчихээд татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлсэн байтал ажилчин энгийн иргэд цалингаа авч чадаагүй байдал ганц энэ эмнэлгийн өргөтгөл дээр биш өөр олон газарт гарч байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.