Нийслэлийн өмчийг “Миний өмч” гээд гэрээ байгуулжээ

4f0af21e4ac42d3fbig

 Хэд хоногийн өмнө бид “Нийслэлийн өмч бүртгэлгүй” гарчигтай бэсрэг нийтлэл уншигчиддаа хүргэсэн билээ. Одоо үүнийхээ үргэлжлэл болгож нийслэлийн өмчийг урьд нь хувь хүмүүс хэрхэн хувийн өмч шигээ  ашиглаж ирсэн талаар товч өгүүлье. Орон нутгийн өмчийг зарим этгээдүүд дэндүү дураараа эзэгнэж байжээ. Энэ нь эртнээс улбаатай болохыг эх сурвалжууд нотолж байна.

Баримт-1

Нийслэлийн Өмчийн харилцааны  газрын өмнөх удирдлагууд өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд тавих хяналтын үүргээ хангалтгүй биелүүлж, зарим тохиолдолд иргэдтэй үгсэн хуйвалдах замаар өмчөө дур мэдэн бусдад эдлүүлж, бүртгэл тооцооноос  гадуур үлдээж байжээ. Иймэрхүү будлианы эздээр Ардын намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр ч удаа нэр дэвшин сонсогдож байсан, Өмчийн харилцааны газрын дарга асан М.Ганбаатарын нэрна. Тэрбээр аавынхаа нэр дээр болон түүний хамсаатнуудад Нацагдоржийн нэрэмжит номын сангийн төв хаалганы хоёр талд  нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан барилга сүндэрлүүлэн хэл аманд өртөж байв. Түүнчлэн “Долоон буудал”-ын орчимд нийтийн орон сууц барих “их аянд” мордохдоо мөн л газрын хууль бус арилжаа хийсэн хэмээн хардагджээ. Гэхдээ энэ талаар хяналт шалгалтынхан сүүлдээ мань эрийг хаацайлсаар “хир” халдаалгүй үлдээсэн гэдэг.

Баримт-2

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, Сансарын замын зүүн урд талын үйлчилгээний төвийн хоёр өрөө байрыг С.Пүрэвжав гэгч нь 7 жил шахам хувийн орон сууцны зориулалтаар ашиглаж байна. Энэ байр нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын данс бүртгэлд 21 сая төгрөгөөр үнэлэгдээд байж байдаг аж. С.Пүрэвжавын энэхүү хоёр өрөө байрны нэг өрөөг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан Ё.Сүхбаатар гэдэг хүн 2007 оны нэгдүгээр сараас бас гэрээгээр ашиглаж байна. Тэдний хооронд байгуулсан гэрээний эхний заалтанд “…тус дүүргийн 7 дугаар хорооны энэ байр нь дүүргийн өмчид хамаарах тул С.Пүрэвжавын өмчлөлд шилжинэ …” гэжээ. Мөн гурав дахь заалтанд  “Баянзүрх дүүргийн 7 хорооны 38-ын “Б” байрны гурван өрөө байр иргэн С.Пүрэвжавын өмч болох нь нотлогдож байгаа…” гэсэн байжээ. Гэвч энэ нь түүний луйвар юм байна.

Баримт-3

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд  “Амгалан-Итгэхүй” өрхийн эмнэлэг үйлчилгээгээ эрхлэн явуулж байсан нэг давхар барилгад “Амгалан цогц хөгжил” төрийн бус байгууллага 2003 оноос эхлэн арван жилийн турш байрлаж байна. Мөн тус дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн, хуучин Оросын цэргийн байр байсан 1041 метр квадрат талбай бүхий барилгыг УИХ-ын 2001 оны 44 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжүүлжээ. Ингээд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын бүртгэлд 52 сая төгрөгөөр үнэлж авсан боловч тэнд одоо болтол нийтдээ 44 айл өрх амьдарч байгаа аж. Нэгэнт нийслэл өөрийн өмч гээд бүртгээд авчихсан юм бол энэ байрыг иргэдэд орон сууцны хэлбэрээр ашиглуулах шийдвэр гарган түрээсийн  гэрээ  байгуулж болох л байж. Гэвч тэгээгүй, сохор зоосны ч үнэ хөлсгүйгээр суулгаж байгаа нь тухайн үеийн дарга нарын ашиг сонирхолоо гүйцэлдүүлсэн явдал биз ээ.              Үргэлжлэл бий

                                                                                                                                    Б.Отгонбаяр

eagle.mn



URL:

Нэр: Janelle Cutler Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих