Иргэдэд хэрэгтэй, улстөрчдөд ашиггүй төслүүд үлджээ

2-20-2М.ЦЭЦЭГ

Хамгийн ажил хэрэгч чуулган өнгөрсөн намрынх байв. Эрхэм гишүүдийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд идэвхтэй ажилладаг ээлжит чуулганы нэг гэж болно. Учир нь өмнөх хавар, намрын чуулганаар орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дайчлагдаж хайнга явсан үе. Дараа жилээс сонгуулийн гараа эхлэх учир сэтгэл санаа хоёрддог талтай. Тэгэхээр энэ удаагийн парламентын идэвхтэй ажиллах үе бол өнгөрсөн намар, ирэх хаврын чуулганы ажил юм.

 

30-ААС 10-ЫГ НЬ БАТАЛЖЭЭ

Энэ удаагийн намрын чуулган үргэлжилсэн дөрвөн сарын хугацаанд гишүүд ямар ажил амжуулав, хэдэн төсөл хэлэлцэн батлав, хэний төсөл хаана үлдэв гэдгийг одоо нэхэхэд хожимдохгүй болов уу. Намрын чуулганаар нийт 30 асуудал хэлэлцэхээр спикер захирамж гаргасан байв. Үүнээс 10-ыг нь баталжээ. Гэхдээ бусад асуудлын хүрээнд төлөвлөөгүй олон хууль, тогтоол баталсан юм. Парламент жил бүрийн намар хэлэлцэж батлах ёстой дараа оны төсөв, мөнгөний бодлого  хамгийн онцлох ажил нь байв. Эдийн засаг таагүй байгаа учир хөрөнгө оруулалтыг татах хэд хэдэн хуулийг баталсан. Мөн эрдэс баялгийн салбарын нэлээд хэдэн төсөл хэлэлцэхээр төлөв­лөсөн ч батлагдсан нь цөөхөн.

Харин иргэдэд хэрэг­тэй, тэдний анхааралд байсан төслүүд батлагдаагүй үлджээ. Тухайлбал, Газрын тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Олуулаа болох тухай хууль, Зарим хотуудад улсын зэрэглэл олгох тухай тогтоол үлдсэн байна.

Монголчууд олуулаа болохоор жирэмсэн болон хүүхдээ төрүүлээд гэртээ сууж буй ээжүүдэд олгодог мөнгөний хэмжээг нэмэх, гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд урамшуулал олгох хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчтэй ярь­сан. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч эхлүүл­сэнгүй. Олуулаа болох тухай хууль ирэх хаврын чуулганы дараалалд дахиад л оржээ.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хойшлуулсаар байна. Хуулийн төсөлд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын төрлийг нэмэх, эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн жилүүдэд зардал гаргуулаагүй даатгуулагчдад урамшуулал олгох, цахим картын үйлчилгээг бий болгох зэрэг иргэдийн хүсэн хүлээдэг зүйл энэ төсөлд бий. Гэвч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Иргэдэд хэрэгтэй энэ мэт хуулиудыг дарсаар байна.

Мөн улстөрчдийн эрх ашигт харшилсан, тэдний ашиг сонирхлыг хөндсөн төслүүд хоцорчээ. Тод­руул­бал, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Нийтийн албаны тухай хуулийг дурдахад хангалттай.  УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах, сонгуулийн холимог хувилбарт өөрчлөлт оруулах гээд сонгуулийн хуулийг нэгтгэхээр ярьж байгаа ч улстөрчид хайнга хандсаар байна. Мөн улс төрийн намууд тоглоомын дүрмээ нэг мөр болгохоор ид ярьж буй. Нам гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу, хандив тусламжаа хаанаас цуглуулах вэ гээд өөрс­дөдөө нэн хамаатай хуульд маш нухацтай хан­даж байгаа гэх. Том, жижиг хоёр ч ажлын хэсэг энэ хуулийн төсөл дээр ажил­лаж байгаа. Намрын чуул­ганаас хойшлуулсан энэ төслийг ирэх дөрөв­дүгээр сард бэлэн болгоно гэсэн мэдээлэл байна.

Хаврын чуулганаар батлагдаагүй үлдсэн, олны анхааралд байгаа хуулийн төслүүдээс онцолъё.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ: ДАВХАР ДЭЭЛ

Энэ чуулганы хугацаанд Төрийн тэргүүн идэвхтэй ажиллалаа. Сайд,  гишүүдийн суудлыг салгах төсөл санаачилсныг олон нийт сайшаасан ч УИХ-ын дийлэнх гишүүнд таалагдаагүй учир баталж өгсөнгүй. Хуулийг хэрэгжүүлэх хугацааны тухай нам, эвслийн бүлэг ихэд маргалдсан. Дараагийн сонгуулиас гэж заах юм бол хориг тавина гэсэн мессежийг Ерөнхийлөгч зөвлөхөөрөө дамжуулан парламентад өгөв. Гэвч түүний намын нөхөд болох АН-ын бүлгийнхэн энэ хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авсан юм. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын төсөлд үүнийг жагсаагаагүйг бодоход бүрмөсөн хойшлуулсан бололтой. Эсвэл хаврын чуулганаас өмнө хуралдах ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй. Уг нь АН-ын авсан завсарлагын хугацаа намрын чуулганы сүүлчийн өдөр дуусах байсан ч хав дараад өнгөрсөн юм.

Хуулийн гол санаа нь зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болох, бусад сайдыг парламентын гаднаас томилдог байхаар заасан юм. Давхар дээлийг дан болгох төсөл ч гэж гишүүд нэрлээд байгаа. Парламентын гишүүд дээлээ нимгэлэх Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа гэх ч цаанаа таалахгүй байгаа юм.

 

ЗАСГИЙН ГАЗАР: УРТ НЭРТ

Аль есдүгээр сард болсон ээлжит бус чуулганы үеэс ярьж эхэлсэн урт нэрт. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын санаачилсан хэд хэдэн төслийн нэг нь урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл юм. Монголбанкны алтны нөөц бүрдүүлэлт багасахад урт нэртэй хууль нөлөөлсөн гэж үзээд хуулийг өөрчилнө гэж тайлбарласан. Уул уурхайн салбарт хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалт  буурсны тодорхой хувийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлахдаа тооцоо судалгаа дутуу хийгдсэнээс шалтгаалж хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол бий болсонтой холбоотой гэж үзжээ.

Иймд урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртлэх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцээгүй бөгөөд ирэх хаврын чуулганд оруулахаар төлөвлөж байна. Иргэний нийгэм болон энэ хуулийг санаачилсан гишүүдийн анхаарлын төвд энэ хууль байгаа. Иргэний нийгмийнхэн Төрийн ордны гадаа буу тавьсан өнгөрсөн намын сенсаац энэ хуультай холбоотой гэж үздэг.

 

НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ: ХУРУУНЫ ХЭЭ

С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл,  Б.Бат-Эрдэнэ,  Г.Баярсайхан, Ж.Батзандан, Г.Уянга нарын санаачилсан  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн дунд багагүй хугацаанд маргаан дэгдээсэн. УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөл төслийн санаачлагчид нь юм.

Жирийн иргэд ажилдаа орж, гарахдаа хурууны хээгээр бүртгүүлдэг. Харин төрийн түшээд энэ хэв маяг, ажлын шаардлагыг нэвтрүүлэх гэж бөөн юм болсон нь хачирхалтай. Энэ тухай хуульчлах гэж ядаад он дамжин хэлэлцсэн ч эцэслээгүй үлдсэн. Гишүүд ажилдаа ирэхээ больсон, хуралд суудаггүй, суусан нэг нь бусдынхаа өмнөөс санал өгдөг гээд парламентын нэр хүндийг унагадаг хүчин зүйл бол энэ.

Гишүүд ажилдаа цагтаа ирснийг нотлохын тулд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр бүртгүүлэх. Мөн хэлэлцэж буй асуудлын талаар асуулт тавих, санал хэлэхдээ ирцэд бүртгүүлсэн дарааллаараа дугаарлах, санал өгөхдөө мөн л хурууны хээгээ ашиглахаар төсөлд заасан.  Хууль батлагдвал эрхэм гишүүд хурууны хээгээ уншуулж ажилдаа хариуцлагатай болно гэх. Гэвч ажилдаа цагтаа ирээгүй гишүүдийг хэрхэх тухай хариуцлагын заалт хуулийн төсөлд байхгүй. Харин хурууны хээгээр санал өгдөг болбол нэгнийхээ өмнөөс кнопыг нь дарж хоосон санал нэмэгдэж, Их хурлын танхимд “хий үзэгдэл” үүрлэхгүй сайн талтай болно.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих