Оюутолгой энэ онд 90 сая долларын алдагдал хүлээх нь

Олон улсын хөрөнгийн зах зээлд “Туркойз Хилл”-ийн хувьцаа навс унаж эхэлсэн тухай мэдээлэл саяхан тархсан. Үүнтэй зэрэгцэн Монголоос хөрөнгө босгогчдын хувьцаа ч улам бүр буурч эхэлсэн нь туйлын үнэн. Яагаад гэхээр монголчуудад нэр муутай ч дэлхийн биржүүдэд байгаа манай хувьцаануудын хөдөлгөх хүч нь “Туркойз Хилл” болж байсан. Үүнтэй зэрэгцээд гамшиг дагуулж буй зүйл бол Оюутолгой ирэх онд далд уурхайгаа ашиглалтад оруулах оруулахгүй нь тодорхой бус боллоо. Уг нь далд уурхайг ашиглалтад оруулснаар манай улсын эдийн засаг сэргэх магадлал байсан. Гэтэл ийнхүү гацаанд ороод байгаа нь олон шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь гэвэл Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулахад 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Гэтэл төсөвт хөрөнгө оруулалтыг ердөө 200 сая ам.доллараар батласан байгаа юм.  Бүр сууриар нь авч үзвэл уг төсөл 14 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өнөөдөр Монгол Улсад уг төслөөс таван тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Хоёр дах санхүүжилт болох далд уурхайн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ийнхүү гацлаа. Бас нэг томоохон шалтгаан нь дэлхийн томоохон арилжааны банк Оюутолгойд мөнгө зээлэх эсэх нь тодорхойгүй байна. Яагаад гэхээр өнөөдөр Оюутолгойд аудитын шалгалт хийж байгаа. Тиймээс энэ шалгалтын үр дүнгээс хамаарч дэлхийн томоохон банкууд зээл өгөх эсэхээ шийдэх юм. Хэрвээ далд уурхайн хөрөнгө оруулалт гацах юм бол Оюутолгой компани 90 сая ам.долларын алдагдал хүлээхдээ тулаад байгаа юм.
Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Оюутолгойн далд уурхайд хөрөнгө оруулалт олдох найдвар тун бага хийгээд дэлхийн томоохон банкууд ч зээл өгөх эсэхдээ эргэлзэж байгаа аж. Нөгөө талаар Тавантолгой орд газрын ажил ч тийм сайнгүй байгаа. Тус орд газрын худалдан авагч нь ердөө хятадууд. Гэтэл хятадууд манай эдийн засгийн байдал хүнд байгааг мэдэж, нүүрсний үнийг улам л буулгах тал дээр ажиллагаа явуулаад эхэлсэн. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, Хятадын Шинжаан Уйгартай хил залгаа ОХУ-ын нутагт нүүрсний томоохон орд газар илрүүлж, тэнд хөрөнгө оруулаад эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий. Түүнчлэн Хятадын “Чалко”-д төлөх өрийг нүүрсээр барагдуулж байгаа ч энэ онд ахин үргэлжлүүлж төлнө. Энэ бүгдээс харахад гол хоёр хөрөнгийн эх үүсвэр болсон стратегийн орд газарт тэгтлээ найдах хэрэггүй мэт. Нөгөө талаар “Чингис”, “Самурай” гэх мэт бондын өр, эргэн төлөлт гээд энэ 2014 онд эдийн засаг сэргэнэ гэдэгт ихээхэн эргэлзээ төрүүлж байна.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих