Жозеф Стиглиц: Тэгш бус байдал бол сонголт юм

527-1393313114527-1393137195527-1390637823527-1389146769527-1388932359527-1388079403527-1387503891527-1381814816untitledАмерикийн нэрт эдийн засагч, неокейнсч, Колумбийн Их Сургуулийн профессор, Нобелийн шагналт Жозеф Стиглицийн нэгэн шинэ өгүүллийг толилуулж байна. Монголчуудыг уншаасай гэж бодсон юм. Одоо монголын “ардчилсан либералууд” Нобелийн шагналт Жозеф Стиглицийг “коммунист”, “алуурчин”, “МАН-ын гишүүн”, “онол мэдэхгүй” гэж загнахыг нь харъя л даа. “Сурвалжаа үзүүл” гэж дайрдаг усан тэнэгүүдэд хэлэхэд энэ өгүүлэл саяхан 2013 оны 10 дугаар сард Нью Таймс сонинд гараад дэлхийгээр нэг гарсан юм. Ер нь ингэхэд либерализм гэж орилсоор байгаад бүх юмаа “зах зээл” болгочихсон усан тэнэг газар Монголоос өөр энэ дэлхийд байгаа юм уу ?!

Эдүгээ олонхи хангалуун орнууд, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсад орлого болон эд хөрөнгийн хуваарилалт дахь тэгш бус байдал сүүлийн арваад жилд эрчимтэй өсч, харамсалтай нь эдийн засгийн Их Уналтын дараа энэ өсөлт улам бүр хүчтэй болсоор байна. Тэгвэл үлдэх бусад ертөнцөд юу болж байгаа вэ ?!

Хятад, Энэтхэг мэтийн эдийн засгийн хөгжиж буй гүрнүүд хэдэн зуун сая хүнийг гуйланчлалаас татан гаргасны үр дүнд улс орнуудын хооронд орлогын тэгш бус байдал багассан уу ? Ядуу орнууд хийгээд дундаж орлоготой орнуудад юу болж байгаа, тэдний тэгш бус байдал өсч байгаа юу, аль эсвэл буурч байгаа юу ? Бид илүү шударга нийгэм рүү явж байгаа юу, эсвэл урвуугаар явж байгаа юу ?

Дэлхийн банкны эдийн засагч Бранко Милановичийн шинэ судалгаа бусад эрдэмтдийн ажлын хамт эдгээр нарийн асуудлуудад зарим хариулт өгөх зам зааж өгч байна.

XYIII зуунд аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн үеэсээ авахуулаад Европ болон Америкт асар их ашиг өгчээ. Эдгээр орнуудын дотоод тэгш бус байдал мэдээж хэрэг аймшигтай байлаа, 1820-иод оны Английн Ливерпул, Манчестерын нэхмэлийн фабрикууд, 1890-ээд оны доод Ист-Сайдын болон өмнөд Чикаго дахь гуйрамч орон сууц зэргийг дурдахад хангалттай, гэхдээ баячууд болон үлдэх хүн амын хоорондын даяар үзэгдэл болсон ангал Дэлхийн Хоёрдугаар дайны үед бүр ч илүү өргөссөн юм. Өнөөдөр бол улс орнуудын хоорондын тэгш бус байдал улс орны дотоод тэгш бус байдлаас хамаагүй их хүчтэй юм.

Гэхдээ 1980-аад оны сүүлээр коммунизм унасантай зэрэгцэн эдийн засгийн даяарчлал хурдасч эхлэн улс орнуудын хоорондын ялгаа багасч эхлэв. 1988-аас 2008 оны үе бол “аж үйлдвэрийн хувьсгалын үеэс анх удаагаа манай гаригийн оршин суугчдын хоорондын даяар тэгш бус байдал багассаны гэрч болсон байж магадгүй” гэж хуучин Югославын иргэн, “Өмчтөнүүд ба өмчгүйчүүд: даяар тэгш бус байдлын товч, урьдач зүйлгүй түүх” номын зохиогч ноён Милошевич өнгөрсөн жилийн 11 дүгээр сард бичсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

Хэдийгээр зарим бүс нутгийн хоорондын тэгш бус байдал ихээхэн багассан боловч жишээлбэл Ази болон Барууны хөгжингүй эдийн засгийн хооронд урьдын адил асар их ялгаа зааг хадгалагдсаар байгаа юм. Сүүлийн арваад жилд эдгээр орнуудын дундаж орлого ялангуяа Хятад, Энэтхэгийн өсөлтийн давалгаан дээр нэлээд тэгширч ирсэн. Хэрэв тодорхой хүмүүсийн орлогыг авч үзэх юм бол манай гаригт бүхэлдээ нөхцөл байдал өчүүхэн төдий л сайжирсан. (тэгш бус байдлын үзүүлэлт Жини коэффициент 2002-оос 2008 онд ердөө л 1,4 пункт сайжирсан.)

Ийм маягаар хэдийгээр Ази, Ойрхи Дорнод, Латин Америкийн орнууд бүхэлдээ Барууныг орлогоороо гүйцэж байгаа боловч ядуу хүн ам нь амьдралын түвшний дээшлэлтээс зарим хэмжээгээр хожсон ч гэсэн Хятад мэтийн оронд ядуу хэвээрээ үлдсээр байна.

Милоновичийн олж илрүүлснээр 1988-аас 2008 онд дэлхийн хамгийн баян 1% хүмүүсийн орлого 60% өссөн байхад хамгийн ядуу 5%-ийн орлогын түвшин өөрчлөгдөөгүй байна. Хэдийгээр сүүлийн арваад жилд орлогын медиан ихээхэн дээшилсэн боловч ихээхэн тэнцвэргүй байдал (дисбаланс) урьдын адил хадгалагдаж: дэлхийн бөмбөрцгийн хүн амын 8% дэлхийн бүх орлогын 50%-ийг үйлдвэрлэж байхад; ердөө л 1% болж байгаа манай гаригийн хамгийн баян оршин суугчдад манай гаригийн бүх орлогын 15% ногдож байна.

Юуны түрүүнд дэлхийн элитүүд болох баян орнуудын санхүүгийн бүтэц болон корпорацийн удирдагчид, мөн Хятад, Энэтхэг, Индонез, Бразил дахь “хөгжиж буй дунд анги” орлогоо ихээхэн нэмэгдүүлжээ. Хэн хожигдов. Милановичийн судалгааны үр дүнгээр энэ бол африкчууд, зарим талаар латин америкчууд, Дорнод Европын посткоммунист орнуудын хүн ам, хуучин ЗХУ-ын хүн ам.

АНУ бол манай гаригийн хамгийн бараан жишээ юм. “Америк дэлхийг дагуулдаг” гэж үзчихээд хэрэв бусад орнууд түүний үлгэр жишээгээр дагах юм бол энэ нь ирээдүйд эерэг үр дагаварт хүргэх нь юу л бол.

Нөгөө талаас, Америк дахь орлого болон өмчийн улам бүр хүчтэй болж байгаа тэгш бус байдал үе үе барууны бүх ертөнцөд ажиглаж болох хандлага болж байна. Эдийн засгийн Хөгжил Хамтын ажиллагааны Байгууллагын 2011 онд явуулсан судалгаагаар орлогын хуваарилалт дахь жигд бус байдал Америк болон Англид (түүнчлэн Израильд) анх удаагаа 70-аад оны сүүлч 80-аад оны эхээр ихсэж эхэлжээ. Энэ хандлага 80-аад оны сүүлчээр тархаж эхэлжээ.

Сүүлийн арван жилд орлогын тэгш бус байдал Герман, Швец, Дани мэтийн уламжлалт эгалитар орнуудад хүртэл өсөв. Тун цөөхнийг эс тооцвол (Франц, Япон, Испани) эдийн засгийн хамгийн хөгжингүй гүрнүүдийн хамгийн баян 10%-ийн орлого ихээхэн өссөн байхад хүн амын хамгийн бага орлоготой 10%-д орох хүн ам бүр ч их өссөн байна.

Гэсэн хэдий боловч энэ хандлага газар сайгүй буюу зайлшгүй биш юм. Цаг хугацааны мөн адил хэрчимд Чили, Мексик, Турк, Венгер зэрэг улсууд орлогын тэгш бус байдлыг багасгаж чадсан (заримдаа нэлээд их) ба энэ нь тэгш бус байдал бол зөвхөн макро эдийн засгийн биш, харин улс төрийн хүчин зүйлийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжийг бидэнд олгож байгаа юм.

Тэгш бус байдал бол ажиллах хүч, капитал, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн өөрчлөлт чөлөөтэй шилжсэн даяарчлалын зайлшгүй дагалдах бүтээгдэхүүн, чингэхдээ түүний давуу талыг илүү мэргэшсэн, илүү боловсролтой ажилтнууд илүүтэй хүртдэг гэж үздэг нь буруу юм.

Хамгийн хөгжингүй орнуудын дунд Америк бол орлого болон боломжоороо хамгийн аймшигтай их ялгаатай бөгөөд энэ нь макро эдийн засгийн сүйрэлт үр дагаварт хүргэж байна. Сүүлийн 40 жилд АНУ-ын ДНБ дөрөв дахин өсч, сүүлийн 25 жилд бараг хоёр дахин өссөн. Ингэлээ ч гэсэн бүх баялаг дээшээгээ хамгийн, хамаг дээшээ явсан нь өнөөдөр нэн тодорхой юм.

Өнгөрсөн жил хамгийн их орлоготой 1% америкчуудад улс орны бүх орлогын 22% ногдож, орлогын шкалаар хамгийн дээд 0,1%-д орох хүмүүс улс орны бүх орлогын ердөө 11%-ийг бүтээж байв. 2009 онд орлогын бүх өсөлтийн 95% нь 1% баян америкчуудад ногдож байна.

Саяхан хэвлэгдсэн хүн амын тооллогын дүнгээс үзэхэд Америк дахь орлогын медиан бараг зуун жилийн дөрөвний нэгийн туршид өөрчлөгдөөгүй явж иржээ. Статистик дундаж америк хүн одоо 45 жилийн өмнөхөөс бага орлого олж байна (инфляцийг тооцон засвар хийсэн); дунд сургууль төгссөн, гэхдээ дээд сургуулийн дипломгүй америк хүн дөчин жилийн өмнөхөөс бараг 40%-иар бага орлого олж байна.

Америк дахь орлогын тэгш бус байдал баян хүмүүсийн татварыг багасгаж, санхүүгийн сектор дахь зохицуулалтыг хялбар болгосонтой нэгэн зэрэг 30 жилийн өмнө өсч эхэлсэн юм. Энэ ч гэсэн тохиолдлын давхцал биш юм. Тэгш бус байдал манай дэд бүтэц, манай боловсрол, эрүүл мэндийн систем, мөн адил нийгмийн хангамжийн системд оруулах хөрөнгө оруулалтыг бууруулсны дараагаар улам бүр хүчтэй болсон юм. Өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал манай улс төрийн систем, ардчилсан ёсыг идэн гүнзгийрсээр байна.

Харсаар байтал ийм атал Европ Америкийн энэ тэнэг жишээг дагах гэж хэтэрхий хичээн зүтгэж байна. Британиас Герман хүртэлх “хатуу эдийн засгийн” тэврэлт ажилгүйдлийн өндөр түвшин, цалингийн бууралт, тэгш бус байдал хүчтэй болоход хүргэсээр байна.

Жишээлбэл, Германы канцлераар дөнгөж саяхан дахин сонгогдсон Анжела Меркель, Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги нар Европын асуудал бол социал хүрээг хэт санхүүжүүлсний үр дүн мөн гэж итгүүлэх болов. Гэхдээ сэтгэлгээний иймэрхүү хэв маяг Европыг зөвхөн эдийн засгийн уналтад (буюу заримдаа депресст) хүргэж байсан юм.

Эдийн засгийн хямралын дараа эдийн засаг сэргэх шатандаа орсон болон “албан ёсны мэдээгээр” эдийн засгийн уналтыг даван туулсан зэрэг нь Европын Холбооны 27 сая ажилгүйчүүдэд тайвшрал авчрахгүй юм. Атлантын далайн хоёр эргийн “хатуу эдийн засгийн” талынхан: “Урагшаа үргэлжлэн явцгаая, энэ бол сайн сайхан байдалд хүрэхийн тулд зайлшгүй уух гашуун эм юм” гэж ярьж байгаа. Гэхдээ хэний сайн сайхны төлөө гэж ?

Хэт санхүүжилт дэлхийн эдийн засгийн хамгийн хөгжингүй гүрнүүдийн дунд тэгш бус байдлынхаа түвшингөөр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог Британийн эргэлзээтэй статусыг тайлбарлахад тус болж байна, түүнчлэн эрчимтэй өсч буй тэгш бус байдлыг хянахад тусалж байна.

Олонхи орнуудад корпоратив сул удирдлага, нийгмийн (социал) нэгдэл нягтралыг сүйрүүлсэн нь компанийн удирдлагын хийгээд ердийн ажилтнуудын цалинд ихээхэн ялгаа үүсэхэд хүргэв: одоохондоо энэ харьцаа Америкийн том кампаниуд шиг 500:1 (Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын мэдээллээр) болоогүй боловч хямралын өмнөхтэй харьцуулахад илүү өндөр түвшинд байсаар л байна. (Харин Японд бол дээд удирдлагын цалинг хязгаарлаж өгдөг нь гайхалтай явдал юм.) Ашгийн хойноос хөөцөлдөх америк заль мэх (эдийн засгийн бялуугаа том болгох биш, харин системээ залилах замаар бялуунаас аль болох том хэрчим өөртөө авах) бүх дэлхийгээр нэг таржээ.

Түүнчлэн даяаршлын жигд бус байдал (асимметрия) бүх юманд өөрийн ул мөрийг үлдээж байна. Капиталын хөдөлгөөнт шинж ажилтнууд цалиндаа буулт хийж, харин улсаас тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлэхэд хүргэж байна. Үүний үр дүнд “буулт хийх уралдаан” болж байна. Цалин болон хөдөлмөрийн нөхцөл аюулд учирч байна. Шинжлэх ухаан, технологийн салбар дахь том амжилтад ажил нь үндэслэдэг, олонхи тохиолдолд улсаас санхүүждэг Apple мэтийн анхдагч компаниуд татвараас зугтахдаа гайхамшигтай уян хатан чанараа харуулав. Тэд авахдаа бэлэн байдаг, харин өгөхийг огт бодохгүй байна.

Хүүхдийн дундахь тэгш бус байдал хийгээд ядуурал бол ерөөсөө утгаа алдсан бөгөөд энэ бол жичдээ ярих сэдэв юм. Энэ нь ядуурал бол залхуу болон муу сонголтын үр дүн мөн гэсэн барууны хүчний үндэслэлийг бүрэн үгүйсгэж байна. Хүүхдүүд эцэг эхээ сонгож чадахгүй биз дээ.

Америк бараг дөрөв дэх хүүхэд бүр ядууралд амьдарч байна; Испани, Грекэд зургаа дахь, Австрали, Их Британи, Канадад ес дэх хүүхэд ядууралд амьдарч байна. Гэхдээ энэ бүхнээс зайлсхийж болно.

Зарим орнууд илүү шударга эдийн засаг бүтээх тал дээр хийх сонголтоо харуулсан: хагас зуун жилийн өмнө арван хүний нэг нь л дээд сургуулийн дипломтой байсан Өмнөд Солонгос өнөөдөр хүн амынхаа боловсролын түвшингөөр дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна.

Энэ шалтгааны улмаас бид хэн юмтай байна, хэн хоосон байна гэж хуваагддаг дэлхийгээс гадна хэн юм хийж байна, хэн зүгээр сууж байна гэх мэтээр хуваагддаг дэлхий рүү орж байна гэж би үзэж байна.

Зарим орнууд хамтын сайн сайхан байдалд бүр хүрчихсэн байна, энэ бол сайн сайхан байдлын үнэхээр тогтвортой байж чадах цорын ганц төрөл гэж би үзэж байна. Бусад хүмүүс тэгш бус байдлыг хяналтаас гарахад хүргэсэн. Ийм маягаар нийгмээс тусгаарласан лут ухаантнууд элит суурингийн өндөр хашааны цаана нуугдаж, ядуучуудаас бараг бүрэн тусгаарлагдаад байна. Ядуучуудын амьдрал бол баячуудад зүгээр л төсөөлшгүй юм, мөн баячуудын амьдралд ч ядууст мөн ийм юм. Би ийм замыг сонгосон нийгмүүдэд очиж байсаан. Гэхдээ энэ бол бидний олонхийн амьдрахыг хүссэн тэр газар биш. Бин битүү баян хана хэрэм ч биш, гарцгүй болсон гуйрамч оромж ч биш…

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.

Эх сурвалж: ganaa.mn блог


URL:

Сэтгэгдэл бичих