Я.Содбаатар гишүүн Уул уурхайн сайдад асуулга тавина

q74bkpadfsersoqh4m6ctad4sШатахуун, валютын өсөлт сүүлийн долоо хоногт хамгийн их бухимдал үүсгэсэн асуудал болсныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тиймээс тэрээр Уул уурхайн сайд Д.Ганхуягт  шатахууны үнэ өссөн шалтгаан, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулга тавьж байгаа юм. Уул уурхайн яам, Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжид жилийн 3.8 хувийн хүүтэй 200 орчим тэрбум төгрөг олгожээ. Мөн 532 тэрбум төгрөгийг валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон ч үр дүн гарсангүй.
Я.Содбаатар гишүүн “Өнгөрсөн намраас хойш бид шатахууны үнэ, долларын ханшийн өсөлтийн талаар эрх баригчдад хэлж сануулсан. Шатахууны жижиглэнгийн үнэ нь бөөний үнээс өндөр болчихоод байгаа нь зах зээлийн харилцаа мөн үү, биш үү гэж асуудал тавихаар Засгийн газраас “Бид үнийг тогтвортой хэмжээнд барьж байна” гэсэн хариу өгдөг. Гэтэл сүүлийн үед шатахууны үнэ 40-90 төгрөгөөр өсчихөөд байхад яагаад дуугарахгүй байна вэ. Засгийн газрын хоёр агентлаг шатахууны үнийн өсөлтийг хоёр өөрөөр тайлбарлаж байгаа. Шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг учраас ард иргэдэд тодорхой хариулт өгөх хэрэгтэй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих