“Өсвөр насныхан Хангүг соёлоор өвчилж, өтөл насныхан өөрсдийгөө стрестүүлж” буй нь Солонгос кинонд донтсоных

photo143644Манай улсын хэвлэл мэдээллийн салбар хөгжиж буй хэдий ч нэг талаараа буруу зүйл рүү хэт туйлширч байгаагын илрэл бол солонгос киног хэт олон цагаар гаргаж байна.

Энэ нь хүний сэтгэл зүйд нөлөөлж буй бөгөөд солонгос киног үзэж буй иргэд тухайн кинондоо хэт орж киноны баатрын өмнөөс шаналж, өөрийгөө зовоож байгаа нь сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөний шинж. Өнөөдөр солонгос кино гаргадаггүй суваг, телевиз гэж бараг байхгүй болсон бололтой. Бүгд олон ангит ээдрээтэй киног үзэгчдэд хүргэсээр буй юм. Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн, өшөө хорсол санасан, зодсон зодуулсан, эдгэшгүй өвчнөөр өвдсөн гэх мэт хүний хамгийн муу муухай араншин, зовлон зүдгүүрийг үзүүлсэн кино.

Монголын ирээдүйн, иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөөд, зөгнөөд, зааж өгөөд, байгаа юм шиг эдгээр солонгос кино Монголын арилжааны телевизүүдийн ихэнх сувгаар гарах болж. Түүнчлэн Солонгос киноноос хуулбарлан дуурайсан Хангүг соёл өсвөр насны залуучуудын дунд их ажиглагдаж байна. Тэдний хувцаслалт, үс засалт, бүр амьдрах хэв маяг нь ч тэр чигээрээ солонгос кино болоод буй. Хүнтэй харилцах харьцаа, гаргах зан ааш, нөхөрлөж, хайрлаж, үерхэж байгаа нь хүртэл солонгос кино, хангүг соёлын загварыг тэр чигээр нь дуурайж байгаа юм. Өсвөр насныхны дурлал, үерхлээс үүдэх асуудалд шийдвэр гаргаж байгаа зэрэг нь хүртэл энэхүү солонгос киноны хэв маяг. Мэдээж оюун бодол нь төлөвшиж амжаагүй байгаа өсвөр насныхны хүмүүжих сэтгэлгээнд энэ маш том нөлөө үзүүлж байгаа.

Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд солонгос киног дуурайж охид шиг хувцаслаж бүр цаашлаад нүүрээд будах болжээ. Энэ мэтчилэн солонгос кино гарсаар өсвөр насныхан түүнийг дуурайсаар байхын бол төд удалгүй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хоорондоо ялгарах зүйлгүй болох бололтой. Нэг ёсны харийн орны бүхий л зүйлийг дуурайх нь өөрийн улсын ёс заншил, амьдралын хэв маягыг мартаж буй илрэл. Телевиз үзэгчид өөрийн боломжтой цагт ямар нэвтрүүлэг үзэхээ шийдсэн байдаг учраас шинэ гаргасан нэвтрүүлэг, шинэ санаа нэлээд хугацааны дараа амжилт олох нь элбэг байдаг. Нийслэлийн тохиолд­лоор сонгосон 150 өрхийн үзүүлэлтээр хийсэн сүүлийн үеийн судал­гаагаар Солонгос киног үзэгчдээрээ гүйцсэн цорын ганц Монгол цуврал нь “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны кино гэнэ. Телевизүүд ядаж л үүн шиг монгол цуврал хийгээд байвал Солонгос кино гэх улигт шүүмжлэлээсээ сална.

Солонгос кинонд сайн талтай зүйл гардаг ч атаа хорсол, өшөө авах гэсэн хорон санаатны дүр их гардаг. Энэ нь нийгэмд сөргөөр нөлөөлнө. Киног дуурайж хэн нэгэндээ өш санан түүнээс хариугаа авна гэсэн хорон санаатай болж буй нь нийгэмд сөргөөрө нөлөөлөх биз ээ. Байнгын солонгос киног гаргаж буй нь утгаа алдаж байна. Өөр сонирхолтой хүний сэтгэхүйд сөрөг нөлөөгүй өөр өөр улс орны кинонууд байгаа хэдий ч олон ангит нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх ээдрээтэй кинонууд гарсаар. Энэ мэтчилэн бүх телевиз солонгос киногоор бөмбөгдөөд байвал Монгол хэмээн омогшдог бид өөрсдөө ч мэдэлгүйгээр эх нутагтаа солонгосжих нь ээ.

Телевизээр гарч буй кинонд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд анхаарч, сануулга өгдөг байна. Садар самуунтай холбоотой киноны зөрчил гарвал хуулийн дагуу холбогдох байгууллагад хэлж, тэд хяналт тавина. Одоохондоо киноны талаар тодорхой хууль тогтоомж байхгүй. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үүрэг өгвөл энэ талаар дүрэм журамдаа тусгаж болох гэнэ.

Түүнчлэн солонгос киноноос болж нийгэмд сөрөг нөлөө үзүүлээд буй нь нэг илрэл бол жил ирэх тусам салж байгаа гэр бүлийн тоог ихэсч байгаа юм. Үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлөл үзүүлж байгаа охид эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг энд дурсахгүй өнгөрөөж болохгүй.

Тиймээс ч бид Монгол гэр бүлүүдийн уламжлалт харьцаа ч солонгос киноны гарах гэр бүлийн соёлоор өөрчлөгдөж, уламжлагдаж магадгүй нь гэдгийг анхаарах цаг хэдийн болсон. Тиймээс ийн замбараагаа алдсан байдлыг зогсоох хэрэгтэй байгаа юм.

 Ч.Гэрэлтуяа

Эх сурвалж: www.undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.