Барууны томоохон компаниуд дэлхийн санхүүг хянаж байна
Бид бүхэн өнөөгийн дэлхийн улс үндэстнүүд санхүүгийн нэг бүлэглэлийн гарт буюу сүүлийн үед ихэд яригдах болсон Барууны үндэстэн дамжсан цөөн хэдхэн корпорациудын атганд бүрэн орсон байна гэсэн дүгнэлтийг нэг бус жил сонссоор ирсэн билээ.
Ийм чин үнэн бодит байдлыг илчилсэн судалгааны бүтээл ном, нийтлэлийн сургийг нь сонсоод манай зарим нэг “бүхнийг мэдэгч” хөлсний суртал ухуулагч нар энэ чинь хуйвалдааны онол гэж шар хүний өмнөөс гэгчээр ихэд мурчийж элдэв шошго наахыг оролдож одоогийн энэ “ардчилсан” олигарх цөөнхийн дэглэмээ цорын ганц зөв зам гэж зүтгэдэг! Тэгвэл Цюрихийн Техникийн Их Сургууль (Щвейцарийн хамгийн нэр хүндтэй дээд сургууль) дээр төвлөрч хийгдсэн, хэсэг эрдэмтдийн нэг багийн судалгааны үр дүнгүүд нь эдгээр болгоомжлол, урьдчилсан дүгнэлтүүд бол огтхон ч үндэслэлгүй эд биш юм байна гэдгийг дахин батлаж нотолсон байна.
Эдгээр эрдэмтэд судлаачид өөрсдийн энэ судалгааны үр дүнгүүдийг arXiv гэдэг нэртэй сервер дээр тавьсан байгаа ажээ!
Энэхүү бараг анхны гэж хэлж болох иж бүрэн судалгааг явуулахын тулд эдгээр эрдэмтэд ORBIS (дэлхийн бүх хувийн ба хувь нийлүүлсэн компаниудын санхүүгийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангууд багтаасан бүх дэлхий дахины мэдээллийн сан)-ын өгөгдлүүдийн сангийн шинэхэн мэдээллүүдийг ашигласан ажээ.
Тэд 43 мянга гаруй корпорациудтай холбоотой өгөгдлүүдийг задлан шинжилж тэдний хооронд дахь ил далд бүх холбоог нь илрүүлсэн ба хэрэв энэ холбоо сүлбээнүүдийг нь зургаар илэрхийлэх юм бол энэ бүх ил далд холбоо сүлбээ нь ердөө 147 корпорациудаас бүрдсэн зангилаа бүхий эрвээхэй зангиаг санагдуулсан нэг тийм дүрс гарч ирсэн байна.
Эдгээр 147 корпорациуд Барууны бүх үндэстэн дамжсан корпорациудын бүх хөрөнгийн бараг 40 % -ийг хяналтандаа барьж байдаг байна!
Ийнхүү нэг тийм, маш цөөн хэдхэн хязгаарлагдмал тооны үндэстэн дамжсан корпорациуд өөрсдийн нөлөөг улам цааш нь тэлсээр байгаа ба тэд нар ийнхүү Дэлхий дээр асар том корпорациудынхаа нэгдсэн нэг сүлжээг бүрдүүлж байгаа ажээ.
Эдгээр эрдэмтэд гаргаж авсан энэ үр дүнгүүдээ цааш нь задлан шинжилж эдгээр корпорациудын далд холбоо сүлбээтэй харьцуулан үзэж тэд эдгээр хувь нийлүүлсэн өмч хөрөнгөө болон санхүүгийн энэхүү далд харанхуй ертөнцөө хэрхэн яаж удирдаж хянаж байгаа тэр бүтэц, механизмыг бас нээн илчлэхийг оролдсон байна.
Хамгийн нөлөө бүхий ҮДК-ууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эдгээр эрдэмтэд ORBIS-ийн мэдээллийн санд байгаа 30 сая эдийн засгийн “тоглогчдын” жагсаалтаас хамгийн том 43 060 корпорациудыг сонгон авсан байна.
Дараа нь тэд нар хэнд ямар хөрөнгө мөнгө хэрхэн яаж харьяалагдаж байгааг тогтоохоор энэхүү туршилтын бүх оролцогчдын хооронд дахь холбоо сүлжээг илрүүлж гаргаж ирэхийн тулд тусгайлан боловсруулсан нэг алгоритмийг хэрэглэсэн ажээ. Үүний үр дүнд 600 508 зангилаа ба 1 006 987 холбоо сүлбээ бүхий нэг асар том сүлжээний зураглал гарч ирсэн байна.
Үүний дараа эрдэмтэд энэ өгөгдлүүдийг зарим нэг зарчмуудын дагуу зохион байгуулж хуваан үзэхэд эдгээр активуудыг хэрхэн яаж эзэмшиж байгаа янз бүрийн аргууд нь сая тодорхой болсон байна.
Энэхүү судалгааны үе шат бүхэнд “маш цөөн хэдхэн ҮДК-ууд шууд хөрөнгө оруулалт эвсэл хувьцаа, үнэт цаасыг нь эзэмших гэх мэт замаар арай багахан корпорациудын үйл ажиллагааг далдаас хянан удирдаж тэдгээрээр дамжуулан бид бүхний амьдрал, өнөөгийн аж байдалд асар их нөлөөлж байдаг” гэдэг үндсэн төсөөлөл нь дахин дахин батлагдаж байсан ажээ.
Эдгээр судлаач эрдэмтэд энэхүү судалгаагаа хариу нь бүр эхнээсээ хэнд ч тодорхой байгаа нэг тийм асуултаар дуусгаж байгаа аж: Хэрэв хэдхэн цөөн этгээдийн гарт ийм асар их хөрөнгө, эрх мэдэл төвлөрсөн байгаа юм бол энэ системээс өнөөгийн хямрал, дайн дажин, өлсгөлөн гуйланчлалаас өөр чухам юуг хүлээж болох юм бэ, дэлхий дээр ийм зохион байгуулалттай далд бүтэц ноёрхож байсан цагт чухам ямар өрсөлдөөний, чөлөөт зах зээлийн тухай яриа байж болох юм бэ?!
Дүгнэлт
Ингэж нэг бүлэглэл далдаас хянаж удирдаж байдаг ҮДК-уудын зүгээс дэлхий дахины өрсөлдөөн ба санхүүгийн тогтвортой байдалд нөлөөгөө үзүүлж байдаг нь маргашгүй юм.
Өнөөдрийн хувьд энэхүү даяар сүлжээний зөвхөн нэг багахан хэсгийг судлахад л ийм байна. Цааш нь илүү өргөн судалгааг явуулж томоохон ҮДК-уудын зүгээс дэлхийн санхүүгийн тогтолцоонд үзүүлж байгаа тэр нөлөөллийн зэрэглэл ба хир гүнзгий байгааг үнэлэхийн тулд зохих арга зүйг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна.
Энэ бол өмч хөрөнгийн эзэмшлийн олон улсын сүлжээний зохион байгуулалтыг судалсан анхны оролдлого юм. Бид бүхэн ҮДК-ууд асар том эрвээхэйг санагдуулам бүтэцтэй гэдгийг, тэгээд дэлхийн санхүүгийн бүх урсгалуудын ихэнх нь эдгээр санхүүгийн байгууллагуудын хооронд нь чанга зангийсан зангилаануудаар нь дамжин өнгөрч байна гэдгийг нэгэнт тодорхой болгосон юм.
Энэхүү зангилааг эдийн засгийн “супер организм” гэж нэрлэж болох ба харин ийм зангилаа бодитоор далд оршин тогтнож байгаа нь судлаачид ба өндөр албан тушаалтай улстөрчдийн өмнө шинэ чухал асуудлуудыг тавьж байгаа юм.
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин
URL: