Н.Алтанхуяг бидний юу идэж, уухыг заах эрхгүй

47564a7dd35139b6original

Super онигооны эзэн хэн бэ гэвэл зарим хүмүүс шууд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэрлэж магадгүй.  Манай Ерөнхий сайд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, ярилцлага өгөхдөө  өөрийгөө ороосон буруу, зөрүү зүйл ярьж онигоо болдог.
Тэр ч бүү хэл УИХ-ын чуулган, гишүүдийн асуулгад хариулахдаа хүртэл онигоонд орчихдог тал бий. Бас л саяхандаа Ерөнхий сайдын 30 минут уулзалтаар сайд нарынхаа хийсэн ажлыг болон хөдөө орон нутагт ажилласан тайлангаа тавьж байх зуур нэг сэтгүүлч “Шатахууны үнэ, ам.долларын өсөлт тэнгэрт хадлаа үүнийг зохицуулах талд Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ” хэмээн асуухад  “Манайхан хэрэгтэй, хэрэггүй юм худалдаж авахаа болих хэрэгтэй” гэх ухааны юм ярьж сэтгүүлчдийг гайхшралд оруулсан.
Тухайн үед хэрэгтэй, хэрэггүй гэж ямар бараа бүтээгдэхүүнийг нэрлэх юм бол хэмээн тэрүүхэндээ жаахан эргэлзэж байсныг нуух юун.  Тэгвэл өчигдрийн Ерөнхий сайдын 30 минут уулзалтаар Ерөнхий сайдын хэлсэн “хэрэгтэй, хэрэггүй” зүйлд чухам ямар бараа бүтээгдэхүүн орох уу гэдгийг Н.Алтанхуяг сайдаас асуулаа.  Ерөнхийдөө хэрэггүй гэдэгт нь ямар бүтээгдэхүүн оруулаад байна вэ гэдгийг тодотгосон хэрэг л дээ.  Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид дотоодынхаа хүнсний ногоог хэрэглэж болно.  Даанч “Хортой” гээд зарлачихсан болохоос биш. Мөн үндэсний үйлдвэрүүдийн чихэр байна шүү дээ, заавал үнэтэй экспортын чихэр худалдаж авах ямар хэрэгтэй юм. Одоо тэгээд дахиад намайг хэрэгт оруулах нь л дээ” хэмээн өөрийгөө өмгөөлж эхлэв.
  Гэхдээ л хэрэгтэй, хэрэггүй гэж ямар бүтээгдэхүүн гэдгээ тайлбарлаж өгсөнгүй.  Эсвэл Ерөнхий сайд маань хэрэгтэй, хэрэггүй бүтээгдэхүүн гэж юуг хэлээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй хэлчихсэн юм болов уу. Сэтгүүлчдийн асуулт, хариултын дундуур  өнгөрсөн хугацаанд онигоонд орж байсан зарим нэг зүйлээ залруулах гэж нэлээн оролдов. Нэг хэсэг “өндөг тансаг хэрэглээ, авч идэхгүй байж болно” гэж хэлснээ эрс үгүйсгэн “Би өнгөрсөн өвөл та нарт “Өндөг бол тансаг” гэж огт хэлээгүй, үнэтэй байвал өөр юм ид л гэсэн. Зах зээл бол сонголтын нийгэм. Заавал ч үгүй үнэтэйг хэрэглэх шаардлагагүй. Цагаан будаа үнэ ороод байвал гурилаа л идчих.

Ер нь бол Монгол натурал махтай, бордоо багатай ногоотой. Энэ дэлхийнхний шүлсээ гоожуулах цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүд  Монголд байгаа байхгүй юу. Тийм учраас би амьдралаас сэдэвлэж гурил байхгүй бол арвайн гурил идчих гэсэн. Говь-Алтай, Завхан аймгууд маш сайн чанарын арвайн гурил үйлдвэрлэдэг. Дэлхийд хаана ч ийм натурал хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Химийн найрлагатай бүтээгдэхүүн иддэгээ боль л гэсэн. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс болоод нас барчихлаа гэж би сонсоогүй” гэв.  Ерөнхийдөө бид ийм л Ерөнхий сайдтай.  Ард түмнийхээ юу идэж уухыг байнга заана.  Уг нь ардчилсан нийгэмд хэн ч өөрийн хүссэн зүйлээ авч идэж, уух бүрэн эрхтэй.  Хэнээр ч үүнийгээ заалгах ёсгүй.  Харин тэдгээрийг авахад үнэтэй байвал тэрхүү зохицуулалтыг Засгийн газраас шаардах эрхтэй.  Харин Ерөнхий сайдад бараа бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийхийн оронд ард түмэндээ юу идэж уухыг нь заах эрх байхгүй.

Д.Анар
unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.