Зарлагаа давдаггүй цалинтай Монголын “Ажилчин анги”

 

Сүүлийн жилүүдэд манай улсад ядуурлын тархалт, тэгш бус байдал нэмэгдэж, ядуурлын хэмжээ дорвитой буурахгүй байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн амын шилжих хөдөлгөөн ихтэй хот, суурин газрууд, ялангуяа Улаанбаатар хотын ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна. Нийслэлийн захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуурал харьцангуй өндөр байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс амьдралд нь хүрэхцэхүйц биш байгаа нь амжиргааны түвшинг улам доош нь татсаар буй хэрэг.

 

Мөн сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх болсон нь ийн нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Ам.долларын ханш чангарсан нь эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн, гэхдээ ханш суларч тогтворжсон ч эргэн чангарах болсон нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсээр иргэдийн худалдан авах чадамж муудсаар буй билээ. Өнөөдөр цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэд сарын цалингаараа хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа ба өмнөх байдлаасаа дээшлэх бүү хэл улам доошилж байгаа нь илт. Иргэд ажил хөдөлмөр эрхэлж амжиргаагаа дээшлүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч цалин хөлс нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм.

 

Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ихэнх хувь нь банкны зээлтэй байгаа бөгөөд сарын цалин нь банкны өрөнд ихэнх хувь нь яваад үлдсэн хэдэн төгрөгөөрөө дараагийнхаа цалинг хүргэх гэж өнөөх урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг нь болж байх шиг.

 

Үндсэний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар ААН, байгууллагын ажилчдын дундаж цалингийн 2013 оны дөрөвдүгээр улирлын мэдээнд нийслэлийн 742, аймаг, орон нутгийн 441, нийт 1183 аж ахуйн нэгж, байгууллагын 495.5 мянган ажилчид хамрагдсаны 247.6 мянга буюу 50.0 хувь нь эмэгтэйчүүд байна. 100, түүнээс дээш ажилчидтай аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын сарын дундаж цалин 855.7 мян.төг, 100 хүртэл ажиллагчидтай ААН, байгууллагын ажилчдын сарын дундаж цалин 660.6 мянган төгрөг байна. Салбаруудаар гаргасан ажилчдын сарын дундаж цалингийн өсөлтөнд боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ болон барилгын салбарын ажилчдын дундаж цалингийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2013 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 902.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 162.8 мянган төгрөг буюу 22.0 хувиар өссөн байна.

 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.3 мянган төгрөг буюу 25.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2013 оны дөрөвдүгээр улиралд 802.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.6 мянган төгрөг буюу 8.5 хувиар өссөн байна. Хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.3 дахин их байгааг харуулсан байна. Гэхлээ энэхүү судалгааг иргэд амьдралд тийм ч ойрхон биш байгааг хэлж буй. Учир нь өнөөдөр дундаж цалин 400 мянгаас -500 мянга байгаа бөгөөд үүнээс ч бага цалинтай ажилчид нийгэмд байгаа юм.

 

Ийн сарын цалин нь маш бага бөгөөд хэрэглээнд хангалттай хүрэхгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд махны үнэ 500 төгрөгөөр нэмэдлээ энэ нь эдийн засгийн хувьд ихээхэн сөрөг өсөлт билээ. Шатахууны үнэ нэмэгдэхэд үүнийг дагаад хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ бүгд үнэ ханшаа нэмдэг нь уламжлал болоод байгаа билээ. Харин энэхүү өссөн үнэ ханш эргэж бууна гэдэг үлгэр. Өнөөдөр нийгэмд үнийн хөөрөгдлийг бий болгож буй хүмүүс бол наймаачид билээ. Тэдний хэт их шунал ийн үнийн хөөрөгдлийг бий болгож байгаагын шинж. Тиймээс үнийг тогтворжуулан хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэж байж иргэдийн амжиргааны түвшин дээшлэх учиртай билээ.

Ч.Гэрэлтуяа

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих