Усаар тариулсан үхэр цусаар уйлах биш дээ

VaccinesСүүлийн хоёр жилд вакцины тухай яриа газар авсан. Вакцинаар тариулсан хүүхдүүд өвчилж гэнэ. Зарим нь эдгэшгүй өвчтэй болоод тарчилж байгаа тухай телевизээр байнга харуулах болсон. Аав ээж нь нулимсаа асгаруулан ярьж байхад, манай томчууд огт тоосон шинжгүй “суурь өвчин нь хөдөлсөн байна” гэж хүмүүсийн тархи угааж суугаа. Хаана, хэчнээн хүүхэд вакцинаас болж өвчилсөн юм, бүү мэд. Маш их нууцалж байгаа. Уг нь Эрүүл мэндийн яам, түүний сайд нар гэж хумүүс баймаар. Тэд, ажлын хэсэг гаргаж / эмч нараас гадна иргэдийн төлөөлөгчид оролцсон/ шалгаад албан ёсны мэдээллийг ард түмэндээ өгмөөр. Өвчилсөн хүүхдийг улсын зардлаар хаа хэрэгцээтэй газар нь хүргэж эмчлүүлмээр шүү дээ. Аав ээжийн нулимсыг барж байх ямар хэрэг байна.

Сүүлийн үед малын вакцины тухай яриа дэгдлээ. Зүүн гурван аймагт малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Сүхбаатар аймгаас эхэлсэн энэ өвчин Дорноговь, Хэнтий аймгуудад голомтолж олон мянган үхэр мал өвчилснөөс 3000 орчмыг нь устгаад л тоо алдсан. Нутгийн иргэд бол “энэ байтугай малаа устгасан. Одоо нууцалж байгаа юм” гэх. Юутай ч шүлхий өвчний голомт хүрээгээ тэлж, хамгийн сүүлд 23 үхэр өвчиллөө гэсэн мэдээгээр цэг тавьчихаад байна.Малын шүлхий өвчин манай улсад, хугацааны давтамжтайгаар гарч л байдаг. Төр засгийн зүгээс хэр зэрэг шуурхай арга хэмжээ авсан, ажил хариуцсан хүмүүс яаж хандсанаас шалтгаалан их бага янз бүрийн л хохирол амсдаг.

Өнөө жилийн хувьд эрх мэдэлтнүүд хэтэрхий хойрго хандсанаас нутгийн зүүн хэсэгт олон газар өвчний голомт боллоо хэмээн шуугиж байгаа. Шүлхий өвчний гаралтыг газар авахуулахгүй дарж авах үндсэн арга нь хорио цээр, өвчилсөн малыг устгах, бусад малыг цаг алдалгүй вакцинжуулах явдал байдаг гэх. Засгийн газар, түүний харьяа яам агентлагууд энэ ажилд хашин хойрго хандсан гэж хүмүүс ярьж байна. Хамгийн наад зах нь малын гоц халдварт шүлхий өвчний ид тархалтын үед вакцин нь дуусчихаж. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр энэ л үед вакцин санаанд нь орж ирж л дээ. Оросоос уу? Хятадаас уу? Казакстанаас уу? олон янзын санал гарсан ч, Орос л аминд ордог шүү дээ. Нэг сая тун вакцин Оросоос авахаар боллоо гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан. Тэгснээ хэд хоногийн дараа “Оросууд вакцин өгөхгүй гэлээ. Нутагт нь бас шүлхий гарч гэнэ” гээд өгөх, өгөхгүй дээрээ тулж тунгий нь багасгасан сураг байсан. Аргагүй шуү дээ. Сүүлийн үед Монголд Оросын эсрэг үзлийг хөөрөгдөж байгаа юм чинь. Хүн л юм болохоор оросууд хариу барьж таарна. Ленин, Сталинуудынх нь хөшөө, найрамдалын цагаан хаалга, Лениний музей ер нь Оросын холбогдолтой зүйлийг нурааж устгаж байхад тэр хүмүүс чинь бас юм бодно биз дээ. Оросыг гэхээ больчихоод, тив алгасан баруун руу гүйлдэж, Хятад руу сэм хуйвалдаж, өргөн царигтай төмөр замыг нь өөлөх шиг л болж байгаа. Тэгсэн хэр нь яаралтай тусламж гуйх болохоороо л хойшоо алгаа тосдог. Энэ чинь болж байгаа юмуу?!

Арга тасрахдаа шүлхийний вакциныг Хятадаас оруулж ирлээ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны захиалгаар, сонгон шалгаруулалтад орсон ч юмуу, үгүй ч юмуу нэг компани БНХАУ-ын Хөх хотоос 1,6 сая тун шүлхий өвчний вакциныг 2,5 тэрбум орчим төгрөгөөр оруулж ирэх явцдаа хөлдөөчихсөн гэнэ. Вакцин нь хөлдөхөөрөө зүгээр ус болж, ямарч ач холбогдолгүй зүйл болдгийг мэргэжлийн хүмүүс батлаад байгаа. Тэгтэл Н.Алтанхуягийн Засгийн газар, түүний харьяа яам, агентлагууд, хөлдсөн вакциныг таван цаг халааж гэсгээгээд бушуухан хэдэн үхэртээ хийж амжсан. Тэгээд хариуцлага алдсан хүмүүс нь одоо болохоор “Вакцин хөлдөөгүй. Чанар нь муудаагүй” гэж гүрийж суудаг. Бодвол өнөөх л эрх барьж байгаа Ардчилсан намынхан, Засгийн газрын сайд дарга нарын хамаатан садан юм уу, танил тал нь байгаа баих л даа. Үхэр үхээд, Монгол хохироод л өнгөрөх бололтой юм. Засгийн газар болон ҮХААЯ, түүний харьяа агентлаг, газрууд 2,5 тэрбум төгрөгийн вакцин хөлдөөснөө маш их нууцалж байгаа боловч манай сэтгүулчид протоколыг нь олж аваад хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацчихлаа. Протоколоос зарим хэсгийг авья. “….чингэлгийг нээж хяналтын зорилгоор тавьсан температур хэмжигчээ шалгахад вакцин дотор тавьсан температурын заалт цельсийн 0.7 градус, чингэлэг дотор тавьсан термометрийн заалт цельсийн 2.9 градус байсан” гэж, тэр олон хүний гарын үсэгтэй протоколд тэмдэглэгдсэн байгаа. 0,7 градус гэдэг чинь шингэн биет хөлддөг хэм хэмжээ мөн биз дээ. Тэгтэл өнөөдөр бүгд хуйвалдаж ам нийлэн”….чингэлэг дотор З,6 градус дулаан байсан” хэмээн бухаж бултаж байна.

Уг нь өвлийн дүн хүйтэн гэдгийг бодсон ч, вакцины яаралтай хэрэгцээ байгааг бодсон ч, тусгай зориулалтын саванд битүүмжлээд, онгоцоор авчрах ёстой биш үү. Тэгтэл галт тэргээр зургаа хоног, цас мөсөн дундуур явж авчирсан байгаа юм. Дэндүү сэтгэлгүй байгаа юм шүү. Өнөөх их олон онгоц, нисдэг тэрэг яалаа?! Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын баг Бурхан халдунд зугаалж яваад төөрөхөд, яаж нисдэг тэрэгнүүд уралдаж байлаа даа. Хэдэн үхэртээ вакцин авчрах болохоороо онгоц олдохгүй, галт тэргээр зургаа хоног мөлхөөд хөлдөөчихдөг, хачин хорвоо шүү.

Газар дээр нь ажилласан эх сурвалж вакцин замдаа хөлдсөн болохыг, хөлдөөсөн вакциныг гэсгээхийн тулд халаах сэнс залгаж орхиод дахин лацадсан болохыг, гэссэн хойно нь хүлээж авсныг батлаад байхад эрх баригчид тэдний дуулгавартай этгээдүүд хөлдөөгүй гэж гүрийгээд байдаг сонин юм шүү.

Үхэр үг хэлэхгүй болохоор усаар тариулчихаад явж л байгаа. Үхэх нь үхэж л байгаа байх. Сүүлийн үед өвчилсөн үхрийнхээ тоог үнэн зөв мэдээлэхээ болилоо гэсэн яриа бий. Тэр болгоныг газар дээр нь шалгах биш, мэдэхгүй юм даа. Энэ ялдамд вакцины талаар хэдэн зүйл хэлмээр байна. Монголд вакцин гэж зүйлийг их дээр үеэс хийсэн. Малын эм тарилга үйлдвэрлэдэг Сонгины Биокомбинат олон арван жил оршин тогтнох хугацаанд малаа эрүүлжүүлэх шаардлагатай бүх эм тариа, вакциныг хийж байсан гэж би боддог. Нүсэр том комбинат байсан. Одоо чухам юу болсныг мэдэхгүй. Шүлхийн вакцин зэргийг гадаадаас авдаг юм бол тийм том комбинат байхын хэрэг байгаа юм уу, үгүй юу, бүү мэд. Ер нь 50 сая толгой малтай Монгол, малдаа хийх вакциныг гадаадаас гуйж, төмөр замаар тээвэрлэж, хөлдөөж байх юм бол, энэ олон жийп унасан сайд дарга нартай Монголын төр, засаг гэж нүсэр бүтэц байхын хэрэг байгаа юм уу даа?!

Хүн ардаа, халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх ажил Монголд их дээр үеэс эхэлсэн. Сайн чанарын вакцин үйлдвэрлэснийхээ төлөө доктор Дандийн удирдсан баг төрийн шагнал хүртэж байсныг мэдэх юм. Гэтэл өнөөдөр яахаараа, хүүхэд тарьдаг вакцинаа гадаадаас, тэр бүү хэл хаа хол халуун орны Энэтхэгээс авдаг билээ. Олон жилийн өмнө урьдчилан сэргийлэх тарилгуудыг өөрсдөө хийж байсан юм чинь, өнөөдөр улам төгөлдөржсөн баймаар. Гэтэл гадныхаас гуйлга гуйсан хэвээрээ. Тэгээд ч халуун орны Энэтхэг, тэр улирал, байгалийнхаа нөхцөлд зохицсон хүмүүст туршиж баталгаажсан тарилгыг энэ эрс тэс уур амьсгалтай монголын хүүхдүүдэд тарьж болж байгаа юмуу?!

Нарийн судалж нутагшуулалгүйгээр эм тариа болгоныг оруулж ирээд, монгол хүмүүс дээрээ туршилт хийгээд байгааг би хувьдаа эсэргүүпдэг хүн. Харин Орос манай хоёрын хувьд бол огт өөр! Байгаль цаг уурын нөхцөл, хэрэглэдэг хоол хүнс, амьдрах орчин, ойролцоо талууд их бий. Тэгээд ч Оросын эм тариа Монгол хүний биед онцгой таардаг л даа. Би бол хар нялхаасаа Оросын цөөн хэдэн эм тарйагаар л хүн болсон. Одоо тэр эм тариануудыг бүгдийг “үеэ өнгөрөөсөн” “хоцрогдсон” гээд хэрэглээнээс хасчихсан байгаа. Гэтэл гадаадаас орж ирж байгаа эм тарианы танилцуулга дээр, өвчин анагаах чанараас илүү эсрэг нөлөөлөл нь давамгайлсан байдаг. Алс холын халуун орноос ачиж ирж байгаа вакцинууд чинь ийм, гаж нөлөөтэй юм биш үү? Иргэндээ, тэр дундаа хүүхдүүддээ таарч тохирч байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэхийн оронд яаран өөрсдийнхээ зөв болгоод иргэд рүүгээ хамаг бурууг түлхээд байж болмооргүй санагддаг.
Сая оруулж ирсэн, шүлхийн вакцинаар л бодоход хөлдсөн, гэссэн, янз бүрийн л юм орж ирдэг юм байна. Үхэр зээр хоёр үг хэлдэггүй тулдаа л хамаг бурууг үүрээд өнгөрч байх шиг. Хайран мал, хайран хөрөнгө. “Үүсээд байгаа ийм нөхцөлд засгийн газар ч бүрэн бүрэлдэрүүнээрээ огцрох ёстой” гэцгээж байна.

 

 

Монгол улсын соёлын гавъяат сэтгүүлч Г.Жамьян


URL:

Сэтгэгдэл бичих