“НИК” ХХК торгуулийн хэмжээг багасгахыг хүсчээ

15329НИК” ХХК газрын тосны бүтээгдэхүүний импорт, хангамж, жижиглэн болон бөөний худалдааны чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компани юм.

Тус компани нь 2012 оны 11 дүгээр сард өөрийн зарим шатахуун түгээх станцуудаар борлуулж байсан шатахууны жижиглэнгийн худалдаанд тодорхой хязгаарлалтуудыг хийсэн болно.

Уг үйл ажиллагаатай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтыг хийж, манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 4.95 тэрбум төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулсан юм.

Манай компани нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн гаргасан энэхүү шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1 дэхь заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд харин Улсын байцаагчийн ногдуулсан торгуулийн хэмжээг хяналт шалгалтын үеэр хязгаарлалт хийгдэж байсан Аи-92 автобензин, дизелийн түлшний борлуулалтын хэмжээтэй уялдуулан тодорхойлж, дахин шийтгэвэр гаргахыг үүрэг болгож, шийдвэрлэсэн билээ.

Манай компани нь Монгол орны бүхий л сумдад үйл ажиллагаа явуулж, хил хамгаалах, эрүүлийг хамгаалах, цагдаа, шүүх, орон нутгийн төрийн захиргаа гээд төрийн үйл ажиллагааг тасалдалгүй явагдах нөхцлийг бүрдүүлж, борлуулалт, эргэлтийн хөрөнгө багассан ч 2300 орчим ажилтныхаа ажлын байрыг хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, үйл ажиллагаагаа тасалдуулалгүй ачааны хүндийг өөртөө үүрсээр ирсэн хамт олон юм.

Хүнд нөхцөлд стратегийн чухал ач холбогдолтой салбаруудад шатахуунаар хангах өндөр хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж байгаа цаг үед энэхүү торгуулийн хэмжээ нь манай компанийн эдийн засгийн чадавхи хийгээд үндсэн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж, шатахууны хангамж, нийлүүлэлтэд доголдол үүсэх нөхцөл байдал бий болохоор байна.

Иймд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол болон манай компанийн үйл ажиллагаанд үүсч буй нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын байцаагчийн шийтгэврээр ногдуулах торгуулийн хэмжээг багасган ногдуулж өгнө үү.


URL:

Сэтгэгдэл бичих