“Голден Парк” хотхоны маргааныг 3000 оршин суугчдаас холдуулах сонирхол хэнд байна вэ?

голден парк“Материал Импекс компанийн захирал Б.Зориг, дээд шүүхийн иргэний хэргийн шүүгч О.Зандраа нар оршин суугчид, жирийн иргэдийн эрх ашгийг хохироосон үйлдлээ ташаа мэдээллээр хаацайлж, олон нийтийн анхаарлыг өөр тийш нь эргүүлэхээр хичээж байна” хэмээн Голден паркийн 688 өрхийн 3000 гаруй оршин суугчдын төлөөлөл бидэнд хандсан юм. Тэдний ярианаас дүгнэхэд Материал Импекс ХХК ташаа мэдээллүүдээр хүмүүсийн тархийг угааж өөрсдийн эрх ашгийн төлөө Голден паркын 3000 оршин суугчдын хувь заяаг уландаа гишгэхээр шулууджээ гэлтэй. Хуулийн дагуу бүх баримт, нотолгоо албан ёсны бичиг баримтууд нь байсаар байхад шүүх засаглал дахь танил талаа ашиглан тал тохой татаж олон иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа нь харамсалтай.

Оршин суугч Бямбабаяр: Бид бүх талаасаа хэлэлцэж нягтлаад хууль ёсны бүх бичиг баримтуудыг нотариатаар батлуулж гэрээ, актаа үйлдэж насаараа амьдрах, үр хүүхэддээ өвлүүлэн үддээх орон сууцаа сонгосон. Тийм байтал оршин суугчид бидний эрх ашгийг үл тоомсорлосон Б.Зориг захирал болон О.Зандраа шүүгч нар биднийг учраа мэдэхгүй тэнэг хүмүүс шиг бодож хэвлэлээр тархи угаасан ташаа мэдээлэл цацаж байна. Шударга шүүх засаглал тогтож, шударга шүүгч олон байгаа энэ үед ард иргэд бид шударгаар асуудлаа шийдүүлэхийг хүсэж байна. О.Зандраа нь биднийг хохироосон шударга бус шийдвэр гаргаж, мөнгө эрх мэдэлтэй хүний талд үйлчилсэн гэж үзэн бид АТГ-д шалгуулахаар хүсэлтээ өгөөд байгаа.

Оршин суугч Дуламсүрэн: Материал Импексийн захирал Б.Зориг нь өөрийн танил, найз байж болох шүугчээрээ хууль бус шийдвэр гаргуулж түүнийхээ хүчээр иргэд биднийг гудамжинд гаргаж,өөрөө авах гээд дайраад байгаа энэ газрын албан ёсны гэрчилгээ, тамга тэмдгийг бид анх байрандаа орохдоо үзэж шалгаж гэрээ хийсэн. Гэтэл Материал Импекс ХХК нь барилга ашиглалтад ороход өөрсдийн дураар асуудал үүсгэж, олон мянган иргэдийг хохироочихоод иргэд асуудлаа шийдүүлэхээр тэмцэж явахад биднийг үл тоон асуудлыг компани болон хувь хүн рүү чиглүүлж, өөрсдөө цэвэрхэн үлдэж байгаа нь үнэхээр бухимдал төрүүлж байна. Шүүгч О.Зандраа, Б.Зориг захирал хоёр нь эртний найзууд гэж сонссон. Хоёр ч шатны шүүхээс иргэдийн талд гаргаад байсан шийдвэрийг өөрчилж хувийн эрх ашгийн зүгээс шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Оршин суугч Нямдаваа: “Анх барилга баригдах үед бид Эко Констракшн ХХК-ийн хууль ёсны, хүчин төгөлдөр бүх бичиг баримт, газрын гэрчилгээ зэргийг үзэж харсан. Мэдээж хэрэг хамаг хашаа байшингаа зарж, өр зээл тавьж орохоор зүтгэсэн орон сууцныхаа хууль ёсны эсэх, бүх талын бичиг баримтыг шалгаж нягталж байрандаа орно биз дээ. Материал импекс ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд Б.Зоригыг гарын үсэг зурахыг даалгасан ТУЗ-ийн тогтоол, Материал импекс ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээ, Нийслэлийн газрын албанд Б.Зоригтын гаргасан газар шилжүүлэх хүсэлт, Нийслэлийн газрын албаны газар шилжүүлсэн захирамж гээд хуулийн дагуу бүх баримт нь байсан.

Оршин суугч Зулцэцэг: Энэ сонинд худлаа мэдээлэл цацаад байгаа Материал Импексийн ТУЗ-ын дарга гээд байгаа Г.Аюушмаа өөрөө хүртэл тэр үед бидэнтэй хамт гурван талын гэрээ контакт байгуулж байсан баримт энд байна. Гэтэл тэр хүн одоо Б.Зоригын гэр бүлийн эзэмшилд 90 шахуу хувь нь багтдаг Материал Импекс компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэж худлаа яриад иргэд бидний хохирч буй асуудлаас огт өөр зүйлд олны анхаарлыг хандуулах гэж оролдоод явж байгааг гайхаж байна.

Тэд ” МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар, ХХНХ-ийн сайд С.Эрдэнэ, АТГазар болон Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд асуудлыг шударгаар шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ өгсөн байгаа. Монголын төрд шударга шүүгч нар олон бий. Монголын шүух засаглал эрүүлжиж байгаа энэ үед бидэнд тулгараад буй асуудлыг үнэн зөв, шударгаар шүүж иргэдийн талд шийдэж өгнө гэдэгт бид итгэж найдаж байна.” хэмээн хэлж байсан юм.

 

 

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих