Намаа зэрэмдэглэгчдийг хэдий болтол тэвчих вэ

Хүмүүс хүн сүрэг байхаа больж нийгэмшиж, иргэншиж эхэлсэн тэр л цагаас улс төрийн намын эх суурь тавигдаж ирсэн байдаг. Хүмүүн гэгч идэх, өмсөхөөс гадна өөрийн үзэл бодол гэгч юмтай, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн ижил санаатантай эвлэлдэн нэгдэж байж л амжилтанд хүрнэ гэдгийг их эртнээс ойлгосон бололтой.

Монголчууд бид харин иргэншиж соёлжсон ХХ зуунд МАХН гэгч ганцхан намтай, түүнийхээ үзэл санаа, үг хөдлөл, үйл хэргээс хаашаа ч зайлах аргагүй хүлэгдсэн байснаа 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар бүрэн чөлөөлөгдсөн билээ. Үгийн бүрэн утгаар ингэж чөлөөлөгдсөний үр дүнд хүний эрх, эрх чөлөөг улс төр, эдийн засаг, нийгмийн оюун санааны бүхий л хүрээнд хүлээн зөвшөөрч, үндсэн хуулийн түвшинд хангаж өгсөн юм.

Энэ сацуу улс төрийн намыг сонгож элсэж болдог, сольж хольж болдог, сонирхож тоглож ч болдог, сүүлдээ бүр хэдэн халтар төгрөг хаяад худалдан авч хувьчилж өмчилж болдог “дампуурахад бэлэн компанитай адил зүйл” гэсэн ойлголт ялангуяа хувьчлал, өмчлөлийн их давалгаан дунд эхэлж “юмжсан” олон хүнд нилээд эртнээс төрөх болсон нь өдгөө нууц биш болжээ.

Гэтэл нам гэдэг маань үнэндээ яг юу билээ. Нам бол эрх чөлөөт хүмүүсийн үзэл бодлын нэгдэл юм. Энэ утгаараа бол нам гэдэг нь нэр төр ч мөн, нандин чанар ч мөн. Хүн гэдэг амьтан алт эрдэнэс, өмч хөрөнгийн төлөө амь насаа золих нь бараг л үгүй. Маш цөөн тохиолдлыг эс тооцох юм бол ойр дотныхоо хүмүүсийн төлөө амь амьдралаа золиослох нь ч ховор. Гэтэл өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлын төлөө амь бие, ариун нандин бүхнээ зориулж ирсэн түүх нэн элбэг.

Монголын ардчиллын хорин хэдэн жилд улс төрийн намууд үүсч төлөвшсөн, салж бутарсан, нэгдэж нийлсэн, ээлжит сонгуульд ялж ялагдсан түүх нэн арвин агаад өвөрмөц. Хуучин социалист тогтолцооны үед асар хүчирхэгжсэн, улс орны удирдлагыг дангаар хэрэгжүүлж байсан МАХН (одоогийн МАН) ардчиллын нөхцөлд дасан зохицохын, бусадтай эн тэнцүү өрсөлдөж ард олныхоо итгэлийг хүлээж сонгогдохын тулд хэрхэн ажиллахад суралцахын зовлонг эдэлж яваа бол, ардчилалын давалгаан дунд шинээр үүсч төлөвшин буй Ардчилсан Нам тэргүүтэй улс төрийн хүчнүүд шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд эвсэж нэгдэхийн, хуучны эсэргүүцлийг даван гарахын төлөөх тэмцэлд тамираа барахын зовлонг нэгэн адил эдэлсээр явна.

Аливаа нам нь хүмүүсээс л бүрддэг. Намын гишүүдийн авир ааш, улс төрийн тавцан дээр тэдний гаргаж буй үйлдэл, олон нийтийн нүдэнд ил хийгээд түр зуурхандаа далд боловч яваандаа илрэх сайн муу аливаа үйл нь тухайн намын танигдах өвөрмөц дүр төрхийг бүрдүүлдэг. Иргэдийн олонхи нь аливаа намыг тухайн намд харьяалагдаж, намын нэрээр эрх мэдэлд хүрсэн, хүрэх гэж тэмүүлж яваа хүмүүсээр л төсөөлж үнэлдэг. Энэ нь ч зөв юм.

Харин өнөөдрийн байдлаар бол улс төрийн намуудын нэр хүнд иргэдийн дунд ихээр унаж, аль ч намыг бараг л төрийн эрхийг худал хуурмаг аргаар булааж, улс орны баялгийг булаан дээрэмдэх сонирхол бүхий “гэмт бүлэглэл”-ийн хэмжээнд ойлгох явдал газар аваад байна.

Манай эрх зүйн тогтолцоо, улс төрийн намуудаа төлөвшүүлж ирсэн замналаас үзэхэд намуудын төлөвших явц, санхүүжилт, боловсон хүчний бодлого асар гажуудалтай, дутуу дулимаг яваа нь үнэн.

Ийм нөхцөлд хүч чадал муутай, ээлжит сонгуульд ялагдсан, эрх мэдлээс зайлуулагдсан улс төрийн намууд хөрөнгөжсөн давхаргын хүмүүст хандаж, тэд нь ч намуудад дуртайяа орж “ам тариа” болох ба цаашилсаар улс төрийн эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлж намын олон түмнээс гадуур гэр бүл, компани, хамаатан саднаараа дагнасан явцуу давхарга маягийн бүтэц үүсгэх нь цөөнгүй байна. Энэ нь тухайлбал орон нутгийн намуудад “нутгийн феодалуудын ноёрхол” маягаар илэрч гаарсаар сүүлдээ намын дотоодод эвлэрүүлж зохицуулахад тун ч амаргүй зөрчил, заримдаа бүр хагаралдаан, сөргөлдөөн үүсгэхэд хүргэж байгаа юм.

Намын нэрээр иргэдийн итгэлийг хүлээн сонгогдож, улс төрийн албан тушаалд томилогдонгуутаа л нэр дэвшүүлсэн намынхаа дүрэм журмыг уландаа гишгэж, жирийн гишүүдийнхээ итгэл найдварыг умартан элдэв найраа, явцуу бүлгийн ашиг сонирхолд хөтлөгдөн илэрхий хувиа бодсон тоглоом тоглож, урваж шарвах нь ердийн үзэгдэл боллоо.   Дорнод аймгийн ИТХ-д Ардчилсан Намаас нэр дэвшиж сонгогдсон Г.Болдбаатар, С.Ганбат, Д.Ганцогт, С.Итгэл нарын төлөөлөгчид намын албан ёсны удирдлага, нийт гишүүдийнхээ эсрэг тоглолтыг улаан цайм хийж байгаа бол МАН-ын нэрээр сонгогдсон М.Бадамсүрэн, П.Мөнхтөр тэргүүтэнгүүд буюу олонхийн бүлэг нь Засаг даргын албан тушаалыг цөөнхийн цөөнхдөө наймаалчихаад сууж байх жишээтэй.

Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдбаатар, С.Ганбат, Д.Ганцогт, С.Итгэл, Д.Зоригтбаатар нарын хүмүүс АН-ын нэрээр, зарим нь намын жагсаалтаар ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Тэд намынхаа чиглэл, удирдамжийг баримтална, намынхаа мөрийн хөтөлбөр, гишүүдийнхээ хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлнэ хэмээн амлацгаасан.

Одоо болохоор “Бид улстөржихгүй, аль ч нам нь ялгаагүй” гэх мэт зүйл яриад үнэн хэрэгтээ аймгийн хөрөнгө оруулалт, төсвийн олон тэрбум төгрөгийг яаж эв найртайхан, өөр өөртөө ашигтайхан хуваах вэ? гэдэгт л санаа зовцгоож байгаа харагдана. МАН-ын бүлгийн зарим нэгэн заримдагууд ч адилхан.

Мэдээж орон нутгийн иргэдийн, аймаг орны ашиг сонирхол аль ч намын ашиг сонирхлоос дээгүүр эрэмбэлэгдэх учиртай. Тэгэх ч гэж тэд сонгогдсон. Гэтэл ИТХ-д сонгогдсон цөөн хэдэн хүний ашиг сонирхол намынхаа, бүр аймаг орны ашиг сонирхлоос хэт дээгүүр эрэмбэлэгдчихээд байгаад л манай өнөөдрийн бүх шаналгаа, зөрчлийн уг үндэс оршиж байна.

Хүн төрөлхтөн улс нийгмийнхээ бүхий л удирдлагыг хэрэгжүүлэхдээ улс төрийн намуудаар дамжуулахаас илүү аргыг одоохондоо олоогүй байна. Хамгийн хөгжингүй Европын орнуудаас эхлээд Ази, Африкийн хамгийн ядуу буурай орнууд ч улс төрийн намуудаа төлөвшүүлэх, тэднээр хөгжлийн бодлогоо тодорхойлуулах, улс орныхоо удирдлагыг хэрэгжүүлэх арга замыг л сонгож байна.

Дарангуйлагч дэглэмтэй орнуудад ч эрх баригч тоталитари намын бүтэц дотор орж хулгай, луйвар хийхийг гэмт хэрэг гэж үздэг, хатуу ч цээрлүүлдэг. Харин ардчилсан Монгол улсад улс төрийн намууд нь хувийн ашиг хонжоо хайгчдын орогнох газар, хулгай луйвар хийгээд хуулиас зугтаагчдын толгой хоргодох оромж, дуртай цагтаа ломбарданд тавьчихаж болдог эд бараа төдий зүйл байх гэж үү?

Ардчилсан үзэл санаа, эрх чөлөөний мэдрэмж, эрх зүйт ёс, хуулийг дээдлэх зарчим энэ бүхэн чинь ийм хямдхан хэрэг үү?

Улс төрийн намууд өөрсдийнх нь эгнээнд шургалан орж эрхэмлэх үнэт зүйлс, алсын хараа, чин зорилгыг нь зэрэмдэглэн гишүүд дэмжигчдийнх нь урам зоригийг мохоож, ардчилал, эрх чөлөөний нэр хүндийг шороотой хутгаж байгаа, аймаг орон нутгийн ашиг сонирхлыг худалдан идэхээс өөр нэмэргүй “хувалз”-нуудыг хэдий болтол тэвчих вэ?

нийтэлсэн: Д.Цэрэнчимэг


URL:

Сэтгэгдэл бичих