Том нуурын жижиг жараахай

Нийслэлийн 2014 оны төсөвд тусгаснаар Сүхбаатар дүүрэгт 219.1 тэрбум төгрөгийг хувиарласан бол хамгийн олон хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт ердөө 6.5-хан тэрбумыг өгчээ. Ёстой тэнгэр газар шиг энэ ялгааг “хувиарлалт нь шог байна” гэхээс өөр яах билээ.

Гэхдээ үүнд хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарыг муулах хэрэггүй. Харин хамгийн олон хүнтэй хамгийн олон асуудалтай дүүргийг удирдаж байж аманд ч үгүй хамарт үгүй мөнгө тавиулсан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар нартай хариуцлага тооцох хэрэгтэй. 261 мянган хүнтэй дүүрэгт 6-хан тэрбум төгрөгөөр юу юу хийж бүтээхийг энэ хоёр даргаас иргэд асууж байна. Хэрвээ нэг хүнд хуваавал Сонгинохайрханы нэг иргэнд ердөө 21-хан мянган төгрөг оногдох нь.

“Эх орны хишиг” гэдэг шиг хоёр даргын хишиг юм биз дээ. Өнгөрсөн жилээс иргэд өөрсдөө хийж бүтээх зүйлсээ санал гаргах маягаар тодорхойлдог болсон. Дүүргийн удирдлага иргэд өөрсдөө санаачлага муу гаргасан хэмээн бухаж байна гэсэн. Үй түмэн асуудалтай иргэд санал цөөн гаргасандаа бус энэ удаагийн төсвийн утга учир онцлогийг дүүргийн дарга нар олон нийтэд муу ухуулж таниулсан гэхэд болно.

Хэрвээ иргэдтэйгээ тулж ажилласан бол нэг ч цэцэрлэг сургуульгүй 26-р хорооныхон таг дуугай суухгүй нь мэдээж. Дундаа ганцхан худагтай мянга гаруй айл нэмж худаг барья хэмээн санал гаргах л байсан. Гэтэл ажлыг муу зохион байгуулснаас 6-хан тэрбум төгрөг авчээ.

Түүнээс гадна бас нэг ноцтой зүйл байгаа нь Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар нар нь дүүргийн бодит байдлыг хотын даргад болон НИТХ-д ойлгуулж таниулах талаар юу ч хийсэнгүй. Төсөв хэлэлцэх үед НИТХ дэх төлөөлөгчидтэйгөө ч холбоотой ажилласангүй.

Дүүргийнхээ нөхцөл байдал зовлон бэрхшээлийг ойлгуулж чадаагүй, асуудал оруулж чадахгүй, оруулсан асуудлаа хамгаалж чадахгүй явсаар ийн бага мөнгө тавиулжээ. Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар нарыг хотын удирдлагын түвшинд үнэлдэггүй бас тоодоггүй нь үүнээс харагдсан. ИТХ-ын дарга Х.Нямбаатарыг урьд нь Засаг даргад нэр дэвшүүлэхэд Э.Бат-Үүл, Д.Баттулга нар унагаж байсан цаг саяхан. Нэгэнт хотын удирдлагын зүгээс дэмжлэггүй тул энэ хоёр дарга дараа жилийн төсвөөр ч олигтой мөнгө авч чадахгүй гэдгээ давхар харууллаа. 2014 оны тухайд ийм бага мөнгө тавиулсан тул бүтэн жил хий алдагдсан гэхэд болно. Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь том дүүрэг удирдахад дэндүү жижигдэж байна даа.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.