Ард иргэд амар тайван байж болох уу

“Болно” гэж Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэлж байна. 90 жил Оросоос түлш залгуулж буй Монгол улсад албан ёсоор тохиож буй найм дахь хомсдол энэ юм билээ.  Хомсдож, хямарч, хал үзсэн Монгол Улсын Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний  жижиглэн худалдаалах үнийг тогтвортой байлгах, бусад бараа бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй байх арга хэмжээг авч татварын зохицуулалтыг хийгээд  байна гэж Газрын тосны газрын зүгээс тайлбар хийж байгаа юм.  Гэтэл өнөөдөр бөөний үнэ нь жижиглэнгийн үнээс 300, 500, 1000 төгрөгний зөрүүтэй байгаад байдаг. Ийм асуудлыг зогсоохын тулд  хяналтын байгууллагууд ажиллаж байна гэх.

Манай улс зөвхөн ОХУ гэлтгүй бусад эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авч байгаа бөгөөд  БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпорациас бүтээгдэхүүн авахаар гэрээ байгуулсан. Одоогийн хийсэн гэрээгээр зургадугаар сард 91 мянган тонн дизель түлш авахаар гэрээ байгуулсан. Сард бид дээд тал нь 30-35 мянган тонн дизелийн түлш хэрэглэдэг. Тэгэхээр энэ нь 1 сард хэрэглэдэг хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээний түлш. Тодорхой хэмжээний нөөц үлдэнэ. Тэгэхээр ард иргэд тайван байж болно гэж удирдлага хэллээ.

Манай гол бэлтгэн нийлүүлэгч ОХУ-ын дотоодод хомсдол үүссэнээр томоохон компаниуд нь өөрсдөө гадаад зах зээлд тосоо түүхийгээр нь гаргасан. Мөн боловсруулах үйлдвэрүүд нь өөрийнхөө харьяаны шатахуун түгээх станцууддаа бүтээгдэхүүнээ өгөөд бусдад нь  нийлүүлээгүйгээс шалтгаалж дорнод Сибирь болон бусад районуудад шатахууны хомсдол үүссэн. Улбаалаад үнэ нь өссөн. Хомсдол  бий болсон.  Бас нэг шалтгаан нь Японд болсон гамшиг ослоос болж Японы Засгийн газраас ихээхэн хэмжээний хөрөнгө гаргаж, дизель түлш их хэмжээгээр авсан. ОХУ-ын томоохон компаниуд, дизелийн түлшийг их хэмжээгээр Япон руу гаргасан. Одоо ч гарч байгаа. Эдгээр нь манай улсад түлшний хомсдол үүсгэсэн шалтгаанууд.

Гэхдээ эдгээрээс гадна зохиомол хомсдолыг Монголчууд өөрсдөө бий болгосон гэж салбарынхан хэлж байгаа юм. Энэ тухай мэдээлэл  хэвлэлээр гарсанаас хойш, хэрэглэгчид өдөрт 2.5 мянган тонн дизелийн түлш авах болсон гэнэ. Энэ нь хэвийн хэмжээнээс хоёр  дахин илүү гэлээ. АИ-92 бензиний нийт хэрэглээ өдөрт  400-450 тонн байдаг байсан бол өчигдөр буюу 6-ны өдрийн байдлаар  1000 тонн борлуулагджээ. Тэгэхээр  10-20 литр шатахуун машиндаа хийгээд явахад өдрийн хэрэгцээгээ  бүрэн хангадаг байсан иргэдийн сэтгэлзүй хомсдолыг өөрсдөө бий болгож байна гэж нөхдүүд хэлээд байна.

Гэхдээ тухай хэрэглэгч өдөрт 20 литрээс илүү хэмжээний түлш авахгүй байхаар  лимит тогтоосон гэж байгаа ч, ийм байдлаар илүү борлуулалт хийгдэж байгаа нь анхаарал татсан асуудал юм.

Салбарын нөхдүүдийн хэлж буйгаар хомсдолоос урьдчилан сэргийлж,  зөвхөн Роснефть гэлтгүй  Газпром нефть,  ТНК-БП компаниудтай гэрээ байгуулж ажилласан. Гэхдээ  ТНК-БП-гийн хувьд үйлдвэрүүд нь Москвагийн цаад талд баруун Сибирийн хотуудад байдаг учраас, Монгол руу бүтээгдэхүүн ирэхэд доод тал нь 25 хоногийн хугацаа шаарддаг. Тиймээс Монголын төмөр зам болон Оросын РЖД-тэй хамтарч, ярилцаж  хурдыг нь нэмэхээр тохиролцсоны үр дүнд эхний бүтээгдэхүүнүүд тавдугаар сарын 26-наас эхэлж орж ирж эхэлсэн гэж тайлбар хийж байна.  Тавдугаар сарын 30-ны өдөр гэхэд дөрөв хоногийн нөөцтэй байсан ч, бүтээгдэхүүний тасалдал үүсэхгүйгээр дараагийн дизелийн түлшний нөөцтэй залгасан гэв.

Өчигдрийн байдлаар Монгол улсад 25500 тонн бүтээгдэхүүн байна гэсэн. Дизелийн түлш нь 12300 тонн гэсэн юм. Тэгэхээр нэг өдөрт 1100 тонныг хэрэглэнэ гэж бодоход 12 хоногийн нөөц байна гэж байгаа юм. Мөн АИ-92, А-80 автобензинүүд зохистой хэмжээнд бий гэж байна.

Ямартай ч манай улс өнгөрсөн онд  газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 98.2 хувийг ОХУ-аас, 1 хувийг БНХАУ-аас, 0.6 хувийг нь БНСУ-аас импортоор авчээ. Энэ байдал санаан зоргоор арилахгүй. Манай улсын хэрэглээ  2005 онд 563 мянган тонн байсан  бол   2010 онд 866 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэжээ.  Нефть импортын  60 хувийг дизелийн түлш,  18 хувийг АИ-92, 95 бензинүүд, 15 хувийг А-80 автобензин,  үлдсэн хувийг бусад тос тосолгооны материал эзэлдэг юм байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлээд дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ өссөн. Дагаад газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн.

Тэрчлэн хагас жилийн хугацаанд сар бүр захиалж байсан газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг ОХУ-аас хасч ирсэн. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг компаниудын нөөц буурсан. Тавдугаар сард үндсэндээ компаниудын нөөц байхгүй болсон. Гэхдээ дизелийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол улс 28 мянган тонн дизелийн түлшийг хэвийн хэмжээнд хэрэглээд дууссан. Сарын эхэнд тавдугаар сард компаниудад 13 мянган тонн дизелийн түлш байсан. Аж ахуй нэгжүүд 84 мянган тонн дизелийн түлш захиалсан боловч ОХУ –ын Роснефть компаниас Монголын аж ахуй нэгжүүдэд 10 мянган тонн түлшний гэрээ байгуулсан. Монголоос дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан төлөөлөгчид очиж,  нэмж 7 мянган тонн, дахин 8 мянган тонны гэрээ хийж, 25 мянган тонн дизелийн түлштэй болсон боловч,  17 мянган тонн нь тавдугаар сард ирсэн. Тавдугаар сард 30 мянган тонн дизелийн түлш авч,  28-ны байдлаар хэрэглэж дууссан гэж байна.

Хэвийн хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд тавдугаар сард бүтэн хэрэглэхэд болохоор хэмжээний шатахуун байлаа гэж Д.Амарсайхан дарга хэлэв. Дөрөвдүгээр сард 28 мянган тонныг хэрэглэхэд бүх хэрэгцээт газруудад гэрээний дагуу, гэрээнээс гадуур хязгаар тогтоохгүйгээр олгож байсан. АИ-92, А80-ын хувьд  хангалттай нөөц  байсан. Тавдугаар сард автобензиний хувьд 14 хоногийн хэмжээтэй үлдсэн. Дизелийн түлшний хувьд сарын хамгийн сүүлийн өдрийг хүрэхэд үндсэндээ дөрөв хоногийн нөөцтэй болоод дууссан гэлээ. Гэхдээ  хязгаарлалт тавьж,  гол гол обьект буюу цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд, нийтийн тээвэр, эмнэлэг цагдаагийн байгууллага гэхчлэн обьектуудад хуваарийн дагуу шатахууныг олгосон гэдгээ хэлж байна.

Харин тариалтын тухайд 4,5 дугаар сард тариалалтанд зориулж 2.7 мянган тонн түлшийг компаниудаас гаргуулж  Тариалалтыг дэмжих санд зээлээр, урьдчилж хүргүүлсэн. Ямар ч асуудал үүсээгүй.  Тавдугаар сарын сүүлээр жижиг аж ахуй нэгжүүд буюу фермерийн байгууллагууд, зарим нэгэн ногоо тарьдаг аж ахуй нэгжүүд гэхчлэн  Тариалалтыг дэмжих сан буюу ХХААХҮЯ-наас өгсөн хуваарьт ороогүй газруудад  нэмж 986.7 мянган тонн түлш шаардлагатай болсон. Тэрийг нь  Засгийн газрын шийдвэр гаргуулж, улсын нөөцөөс гаргуулж,  компаниудаар дамжуулж, олгосон. Нийтийн тээвэр замын компаниудад хуваарийн дагуу бүх шатахуунуудыг олгосон. Өдөрт 70 тонныг захиалсан байгаа. Тэр дагуу 18 компанид  газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг компаниуд гэрээний дагуу 100 хувь нийлүүлсэн. Сургууль амарсан учраас 50 тонноор захиалга өгсөн. Тэр 50 тонныг нь гаргаж өгсөн. Ингээд ямар нэг хэмжээгээр дизелийн түлшний хомсдолыг тодорхой хэмжээнд зохицуулалтыг хийсэн гэхчлэн болж бүтэж байгаа тухай сайхан мэдээллийг Газрын тосны газраас өгч байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих